|

Байлдагч Г.Ган-Эрдэнэ "ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-2017"ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТҮРҮҮЛЛЭЭ

1989 оноос эхлэн зохион байгуулагдсан "Эх орны цэрэг” яруу найргийн наадам өнөөдөр 25 дахь удаагаа амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ хугацаанд уг наадам "Болор цом”-ын дараа орох өргөн цар хүрээтэй, хүчтэй бүрэлдэхүүн шүлгээ уншдаг, залуу авьяастныг тодруулах оюун санааны талбар болж чадсан билээ.
Өнөө жилийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчдын зэрэгцээ ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 17 анги байгууллагын төлөөлөл, Хилийн цэргийн ахмад дайчид зэрэг 40-өөд яруу найрагч оролцлоо.
Эх орон, эцэг дээдэс, энхийг сахиулагчид, эгэл цэргийг магтсан шүлгэн хүлгүүд уралдсан тус наадмын дэвжээнээс Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Г.Ган-Эрдэнэ Тэргүүн байрын шагнал хүртэж, үзэгч олныг шуугиуллаа.
Наадмын Ерөнхий шүүгч Монгол улсын Ардын уран зохиолч Т.Галсан хэлэхдээ : "Нэгэнтээ Б.Түвдэндорж аварга торгон ногоон дэвжээнээ ир бяраа гайхуулан тодорч байсан шиг энэ жил Зэвсэгт хүчний байлдагч найргийн томчуулыг магнайлан шалгарлаа...” гэж үнэлсэн юм.
Наадмын дэд байрын шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч М.Амархүү, Гуравдугаар байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, дэд хурандаа П.Батнайрамдал, Тусгай байрын шагналыг яруу найрагч Л.Туяа нар хүртсэн байна.

4 сэтгэгдэл