Түүний шүлгүүдийг уншиж суухад яагаад ч юм. Шаргал намрын гуниг, хэн нэгэн эмэгтэйг хүлээсэн гунигтай ч гэмээр хайр, борооны үнэр, зүрхэн хэлбэртэй сарны шаналал мэдрэгдэнэ. Тэр үнэхээр тийм эзмэгхэн мэдрэмжүүдтэй юм болов уу гэсэн бодол сэтгэлд төрнө. Өчүүхэн намайг хүндлэн хаалга зөөлөн тогшин орж болох уу? хэмээн үл мэдэгхэн инээмсэглэхэд нь цаана л нэг хөндүүр төрч байсныг нуух юун билээ. Шүлгүүдээсээ бүтээсэн "ДОТООД АГЛАГИЙН САР” нэртэй номоо гаргах санаатай өөрийг чинь зорьж явна гээд цагаан цаасан дээр тод хараар бичсэн шүлгүүддээ өгч уншаад өөрийнхөөрөө болгоно биз дээ гэж гарч одов.
Би чамаас үүссэн юм шиг тийм эмзэгхэн мэдрэмжүүдтэй
Ганцхан тэвэрхэд чи надаас явчих юм шиг санагдахаар нь
Аглагт гэрэлтэх сарыг өөр дээр чинь үдэш бүр асгах дуртай... /Ч.Баясгалан гэх/ энэ шүлэгнээс их шаналал, хайр, хүлээлт, гуниг уншихад мэдрэгдэж байлаа. Уг шүлгийг уншиж буй уншигч бүхэн өөр өөрийнхөөрөө тусгаж ойлгох байх. Миний хувьд тус шүлгийг уншаад Ч.Батзэвэгийг яруу найрагч болгосон хүн бол яахын аргагүй Ч.Баясгалан гэх тэр л эмэгтэй ажээ. Түүний төлөө шүлэг бичиж, хаа нэгтэй нулимс унагаж түүнийгээ хайр гэж нэрлэдэг гэхэд би эргэлзэхгүй итгэнэ. Цааш нь...
Үзэсгэлэнт зургийг чинь тэвэрч зогсоход
Үнэндээ нулимс дарснаас ч илүү
АМТТАЙЯА... хэмээн тодотгож өгсөн нь түүнийг хайрлах хайр нь нулимснаас ч илүү амттай байж болох юм. Түүний догдлууд гагцхүү тэр л Ч.Баясгалан байж болно. Нэг удаа хонох газаргүй болчихлоо. Би танайд очиж хоноод хоёулаа яруу найргийн тухай ярьж хоноё гэхэд нь би зөвшөөрч хамт ганц лонх хоосолж суухад түүний нүднээс Ч.Баясгаланг хайрласан их хайрын нулимс хацрыг нь даган бөмбөрсөөр өвөр дээр нь дусаж байхийг харж суусан надад сэтгэлийн цаанаас өөрийн эрхгүй их хөндүүр төрч байсныг нуухгүй байж чадсангүй. Ахиад л Ч.Баясгаланд зориулсан хайрын мөртүүд тэрний сэтгэл зүрхнээс хөглөгдөн эгшиглэнэ.
Цамцны чинь цаанаас гэрэлтэх од шиг
Хөхны чинь товчийг сар бидэн хоёр харчихаад
Үүднээс чинь гунигтай буцдагийг чи мэдэх үү
Инээмсэглэлт нүдэн Баясгалан минь... түүний олон шүлгүүдэд сар, намар, навчис бий. Нэг ёсондоо сар, намар, навчисний шүлэгч гэж хэлж болно. Цөөнгүй олон хүн түүний тухай буруугаар ярьж байдгийг би ч сонсож байсан. Тэр өөрөө ч сонсож байсан. Ч.Батзэвэг мэддэг хэрнээ яагаад дотогшоо шаналаад уйлдаг тухай уншигчид байтугай, би ч мэдэхгүй. Яагаад гэвэл түүнд ганц дурлал, ганцхан эмэгтэй, нэг л үнэнч хайр байдаг болохоор тийм дотогшоогоо эмзэг байх. Түүний хамгийн анх надад уншиж өгсөн шүлэг бол
Охидын хөх ургах шиг
Модод гөлөглөж хавар ирнэ
Одод цөөрөмд хөвөх шиг
Сэтгэлд минь намар ирнэ
Хуучин сүмийн хонхны дуу жингэнэх шиг
Өлмийн дор өвөл ирнэ
Униар дунд уулс уусах шиг
Улиастайн голд ирнэ... түүнийг муу шүлэгч гэж хэлж болохгүй байгаа биз. Үүнээс өөр яаж ингэж дүрслэн бичих билээ.
Сүмэн өвсний налах шивнээ миний гуниг юм
Сүмийн оройд хонох тагтаа шиг юм. Энэ хоёр мөр Ч.Батзэвэгт их үнэтэй олдсон байж магадгүй. Энэ л хоёр мөрөөр Ч.Батзэвэгийг тодорхойлж, эсвэл үхүүлээд, амьдруулж болно. Түүний сэтгэл ёстой үгээр хэлж боломгүй цагаахан юм. Хүнийг хайрлах хайр, хүндлэх ухаан нь түүнийг хүн чанартай болгосон байх гэж би хувьдаа бодно.
Тэр дотоод аглагтаа юу бодож, юуг бясалгаж явдгийг уншигч та энэхүү Ч.Баясгалан-д зориулсан шүлгүүдээс бүтээсэн "ДОТООД АГЛАГИЙН САР” номноос унших болно. Өглөө бүхэн наранд залбираад, үдэш бүр саранд хүслээ шивнэж өөр дотороо гэрэлтэж, өвсөн дунд шаналсан, хүлээсэн хайрынхаа захидлыг салхиар уншуулж хонодгийг би ч мэдэхгүй, Ч.Баясгалан байтугай хэн ч мэдэхгүй. Тэр өөрчлөгдөхийг хүсдэг болжээ. Шүлгээрээ өөрчлөгдөхийг их хүсдэг болсон нь уг номын шүлгүүдээс мэдрэгдэж байна. Хүлээсэн хайраас бүтээсэн шүлгүүдээр дүүрэн энэ ном Ч.Батзэвэгийг ойлгоход арай дөхөм болохуйц шүлгүүд ч бий. Зүгээр л шүлгүүдийг нь уншаад өөрийгөө хөглөх хэрэгтэй гэдгийг хувийнхаа ЗҮГЭЭС хэлчихье.
Чи тэнгэр ч юм уу эсвэл бороо ч юм уу даа
Чамайг санахад нулимс ийм ойрхон урсанам. Тус хоёр мөрнөөс Ч.Баясгаланг санасан сэтгэл, хүлээсэн зүрх ямар их гашуун нулимстай байдгийг мэдэрч болно. Төгсгөлд нь хэлэхэд илүү олон ном уншмаар байна. Тэнгэрийг үүлэн дээрээс харж бичих л хэрэгтэй гэж дүүд ахын сэтгэлээрээ хэлье. Дотоод аглагийн сар гэрэлтсээр байх болтугай хэмээн ерөөе.
1 сэтгэгдэл