|

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорих хугацааг сунгалаа

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорих хугацааг сунгалаа

 

Нэгэн үе Монголын төрийг удирдаж явсан эрхмүүд өнөөдөр яллаг­дагчаар татагдаад байна.

2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас саатуулаад гурав хонож байна.Тэднийг  Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголия Инк” компани, "Айвенхоу Майнз Лимитед”, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны арав­дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж буйгаа АТГ тайлбарласан.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн бол өчигдөр шүүхээс 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Шүүх хурлын дараа өмгөөлөгчид нь мэдэгдэл хийсэн юм.

Ерөнхий сайд асан С.Баярын өмгөө­лөгч А.Ариунаа "Миний үйлчлүүлэгч С.Баярыг шүүгчийн зөвшөө­рөл­гүйгээр хорьсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг үрэгдүүлж, зөөвөрлөж, устгаж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан. Бид энэ үндэслэлийг үгүйсгэж гомдол гаргасан. С.Баярт хэрэг үүсгэсэн гол үндэслэл нь Оюутолгойн гэрээний асуудал. Тэгвэл Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материал ЗГХЭГ, УИХ, ҮАБ-ын архивт бий. Гэтэл С.Баяр яаж зөөвөрлөж, устгах юм бэ. Цагдан хорьсон ч үндэслэлгүй. Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр хорилоо. Монгол Улсыг төлөөлж гадаадад Элчин сайдаар ажиллахдаа албан тушаалаа өгч, шалгуулах өргөдлөө өгсөн хүн шүү дээ” гэлээ. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон хуралд хорих ангиас онлайнаар оролцсон байна. Энэ үеэр "Надад нэг сарын хугацаатай хоригдох сонин биш. Хамгийн гол нь  Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг нь хорьсон нь Монголын нэр хүндийг дэлхийд унагаж, эдийн засагт сөргөөр нөлөөлнө” гэсэн байр суурийг илэрхийлснийг өмгөөлөгч нь хэллээ.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 30 хоног хорихоор шийдвэрлэсэн юм. Түүний өмгөөлөгч Л.Данзанноров "Шүүх хууль бус шийдвэр гаргалаа. Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудсан. Бид дараагийн шатны шүүхэд хандана” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА


0 сэтгэгдэл