|

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ БАЙГААД АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ ХҮСЭВ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ БАЙГААД АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ ХҮСЭВАрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ард иргэдтэй өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ны орой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тайзан дээр ахмадууд, залуу үе, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг суулган уулзалтаа эхэлсэн юм. Уулзалтыг аймгийн төвтэй ойр сумдын иргэд зорьж ирсэн бөгөөд нийт 300 гаруй иргэд хуралд сууж, 70 гаруй иргэн асуулт, саналаа биечлэн болон бичгээр илэрхийллээ.
Уулзалтын үеэр биечлэн асуулт санал хэлж байгаа хүмүүсийн ихэнх нь тэтгэврийг нэмэгдүүлэх, офшор бүсийн мөнгийг татсан эсэх, үйлдвэрлэлийг дэмжиж өгөөч, цалин хөлс, өр зээлийн асуудал, бензиний нэмэгдлийг яаж бууруулах вэ зэрэг асуудлуудыг хөндөж асууж байлаа.


Эрдэнэбулган сумын өндөр настан Д.Мөнхбаяр
"Энэ төрийн дээд одон медаль, шагналын асуудал замбараагүй, ямар ч үнэ цэнэгүй боллоо. Олон жил ажилласан хүмүүс энгэртээ ойн медаилас өөр юм алга. Гэтэл 5, 6 жил ажилласан хүмүүс төрийн шагнал авах юм. Энэ хэр чанартай шагнал вэ?. Төрийн аливаа шагнал гэдэг чинь хэн хүний халаасанд явж байгаад таалагдсандаа өгдөг эд болсон юмуу. Энэ асуудлыг чанаржуулж өгөөч. Бас та сонгуулиар офшорын мөнгийг татна гэж гарч ирсэн. Юу болсон бэ?. Мөн тэтгэврийн зээлтэй байж байгаад бурхан болсон хүний зээл үр хүүхдэд нь өр зээл болоод үлдэх юм. Энэ зээлийг тэр үхсэн хүнтэй нь хамт үхүүлж болдоггүй юм уу” гэдгийг Ерөнхийлөгчөөс хүслээ.


Эрдэнэбулган сумын 1-р багийн иргэн С.Бараанасан
"Ахмадын тэтгэврийг нэмж өгөөч ээ. Ахмадууд эмээ авах уу, талхаа авах уу болчихоод байна. Тэр 7 төрлийн татвараа эргэж харах хэрэгтэй. Энэ татвар чинь бүтээлч, бизнесмэн хүмүүст хүнд ачаа болж байна аа” гэдгийг хэллээ.


Хөгжлийн бэрхшээтэй иргэдийн холбоодын зөвлөлийн тэргүүн Д.Ганчимэг
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд хамрагдалт хангалтгүй байдаг. Энд тухайн сургуулийн орчин нөхцөл, дэд бүтэц, сурах орчин нөлөөлж байна. Нөгөө талаар ХБХ-ийг сургахад сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, шалгалт зэрэг нь бүгд энгийн хүүхдийнхээр байдаг учраас ХБХ-үүд сурах маш хэцүү байдаг. Тэгэхээр ХБХ-үүд боловсрол тэгш хамрагдах боломжийг бий болгож өгөөч ээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар ч зээлд хамрагддаггүй. Группын мөнгийг орлогод тооцдоггүй. Ялангуяа байрны зээлэнд хамрагдах гэхээр ямар боломж байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүлүүд одоо аав ээжийндээ юм уу айлын гар хашаанд л амьдарч байна. Энэ байдлыг зогсоож хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж өгөөч” гэдгийг учирлаж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд иргэдээс ирсэн асуултуудад товчхон хариулт өгсөн юм. Мөн "Монгол Улсын экспортын гол нэрийн түүхий эдийг боловсруулан экспортлолсноор 60 дахин нэмэгдэх буюу 30 тэрбум ам.доллароор валютын орлого нэмэгдэнэ. Үүнийг дагаад олон ч ажлын байр бий болно” гэлээ. Түүнчлэн өдөө аж ахуйн салбарын хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ярилаа. "Тухайлбал, Монгол Улс  66,218,959 толгой малтай. Үүнээс жилд 27 мянган тн ноос, 15 сая арьс шир, 874 мянган тн сүү, 10500 тн ноолуур 500 мянган тн мах гарч байна. Ийм их түүхий эд бүтээгдэхүүн гарч байхад бид өөрсдөө боловсруулж, нэмүү өртөг шингээн борлуулах, экспортлох ажлыг хийхгүй байна. Бид дотооддоо боловсруулж, үйлдвэржилтийг бий болгоод ирэхээр ажлын байр ч нэмэгдэх юм” гэдгийг ярьж байв.
Б.Гэрэлт-Од

0 сэтгэгдэл