|

Ч.Хүрэлбаатар: Татварын хуулийг багцаар нь шинэчилнэ

 Ч.Хүрэлбаатар: Татварын хуулийг багцаар нь шинэчилнэ

Д.ОЮУНЧИМЭГ

Татварын багц хуулийн шинэчлэлийн та­лаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс МҮХАҮТ-д өчигдөр бизнесийнхэнтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Сангийн сайдын танил­цуулс­наар энэ жил тат­варын гурван хуульд шинэчлэл хийж НӨАТ-ын тухай хууль болон хол­бог­дох 20 гаруй хуульд өөрчлөлт оруулах аж. Ийнхүү өөрчлөлт оруулж, шинэчилснээр бизнесээ дэм­жих, ойлгомжгүй за­рим заалтыг цэгцлэхэд гол зорилго оршиж буй талаар тэрээр тайлбарлав.

Нөгөөтэйгүүр хуульд орж байгаа нэг чухал өөрчлөлт нь татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах явдал гэнэ. Өөрөөр хэлбэл, үндэслэл нь нотлогдохгүй том дүнтэй татварын акт тавигдаж, дараа нь шүүхээр явдаг. Эцэст нь аж ахуйн нэгжийн талд шийдвэр нь гардаг. Энэ тохиолдолд үндэслэлгүй акт тавьсан татварын бай­цаагч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрч­лөхөөр татварын хуулийн шинэчлэлд тусгасан байна.

 

ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ТАТВАРЫГ НЭМЭХГҮЙ ГЭВ

 

Татварын хуулийн хэлэлцүүлэгт бизне­сийн­хэн идэвхтэй оролцлоо. Хуулийн төсөлтэй танилцсан тул зарим нэг зүйлийг зайлшгүй анхаарч тэдний санал бодлыг тусгаж өгөхийг Ерөнхий сайд болон Сангийн сайдаас аминчлан гуйж байв. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулж байна. Бид бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа. Энэ хүрээнд бид шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулах болно. Харин төлвөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх зарчмыг баримтална” гэв. Мөн тэрээр хийж бүтээх эрмэлзэлтэй, түүнийхээ төлөө зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас өмгөөлнө гэдгээ илэрхийллээ.

Хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгохоор тусгажээ.

Түүнчлэн бичил, жижиг бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн татварыг хялбаршуулсан горимоор ногдуулж, тайлагнах боломжийг олгон, татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах аж. Улмаар жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын нэг хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгохоор хуульд тусгаснаа албаныхаа тайлбарлалаа.

Мөн энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулна гэв.

 

ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Инфляцийн өсөлт зэргээс шалтгаалан жижиг, дунд бизнесийнхний жилийн орлого гурван тэрбум давах боломжтой. Тэгэхээр үүнийг их хэмжээний ашиг олж байгаа мэтээр харж өндөр татвар ногдуулах нь хэтэрхий өрөөсгөл гэдгийг бизнесийнхэн сануулав.

Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэл, бизнесийн орчны таагүй байдлын улмаас олон компани үйл ажиллагаагаа зогсоосон. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн компаниудын 50 орчим хувь нь "Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргаснаас харвал бизнес эрхлэгч, татвар төлөгчид санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал нь үргэлжилсэн хэвээр байгааг эдийн засагчид сануулав. Тэгэхээр бизнесийн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав "Бизнес эрхлэх, хувийн өмчтэй болох, ажлын байр бий болгох эрхийг татварын хуульд тусгасан байдаг. Тиймээс үүнийг хамгаалсан татварын систем ажиллах ёстой. Өмнөх систем нь төрийн өмчийг хамгаалдаг байсан. Одоогийн хуулийн шинэчлэл аль, аль талаа хамгаалсан зүйл заалт орж ирснээрээ онцлог. Зах зээлд шилжсэнээс хойш аж ахуйн нэгж ажиллаад байгаа боловч татварын орлого нуугдсан байсныг Ил тод байдлын тухай хуулиар ил болгосон. Энэ нь процессоос шалтгаалж байгаа учраас татварын хуульд өөрчлөлт оруулан процессийг тодорхой болгож нэг дүрмээр тоглох боломжийг бүрдүүлэх учиртай” гэв. Татварын шинэчлэл маш чухал гэдгийг эдийн засагчид болоод бизнесийнхэн хэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банк гаднаас хөрөнгийн эх үүсвэр татаж түүгээрээ бизне­сийнхний хэрэгжүү­лэ­хээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрийг санхүү­жүүлдэг. Өмнө нь давхар татвараас шалтгаалан гаднаас авсан зээлд 20 хувийн татвар төлдөг байсан аж. Харин татварын хуулийн шинэчлэлээр энэ дүн буурч 10 хувь болж байгаа тухай Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат хэллээ. Ингэснээр аж ахуйн нэгжид олгох зээлийн хүү буурах боломж бүрдэж байгааг тэрээр онцлов.

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ УЯЛДУУЛАХЫГ САНУУЛАВ

 

Татварын хуулийн багц шинэчлэлийн төслөөс хар­вал зарим зүйлийг ор­хиг­дуулсан байна хэмээн бизнес эрхлэгчид хэллээ. Гэхдээ хэлэлцүүлэг хийж бай­гаагынхаа хэрээр эд­гээрийг нөхөх, бизнесийнхний санал бод­лыг тусгах боломж бүрдэж байгааг сайшааж байв. Тодруулбал, үйлд­вэр­лэл эрхэлдэг компа­ниудын тухайд алдагдлын зард­лыг татвар ногдох зард­лаас хасахгүй бол хүнд­рэл учруул­дагийг биз­несийн­хэн ярьж байна. Мөн хөрөн­гийн элэгдлийн зард­лыг  тооцохгүй байгаа нь шударга биш гэдгийг тэд учирлаж байна. Ту­хайл­бал, "Жүр үр” ком­па­нийн дэд захирал Б.Мөнхзул "Хөрөнгийг дахин үнэлүүлсний дараа татвар тооцдог. Гэтэл дахин үнэлэгдсэн хэсгийн элэгдлийг огт тооцохгүй байгаа нь шударга бус гэж боддог. Үнэхээр тат­вар ногдуулах гэж байгаа бол элэгдлийг хасч тоо­цох хэрэгтэй. Мөн татва­рын багц хуулийг Жижиг, дунд үйлдвэрийн хуультай уял­дуулах учир­тай шүү” хэмээхэд бизнесийнхэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

Энэ үеэр татварыг шат­лал­тай ногдуулах босгыг гурван тэрбумаас өндөр болгохыг хэлэлцүүлэгт оролцсон бизнесийнхэн хэлж байна. Учир нь манай улс зах зээлийн нийгэмд шилжин хувийн бизнес эрхэлснээс хойш 30 орчим жил болж бай­гаа. Энэ хугацаанд олон зүйл хувьсан өөрч­лөг­дөхийн хэрээр төгрөгийн ханш суларч бараа бүтээг­дэхүүний үнэ өссөөр байна. Цаашилбал инф­ля­цийн өсөлт зэргээс шалт­гаалан жижиг, дунд биз­несийнхний жи­лийн орлого гурван тэрбум давах боломжтой. Тэгэхээр үүнийг их хэмжээний ашиг олж байгаа мэтээр харж өндөр татвар ногдуулах нь хэтэрхий өрөөсгөл гэдгийг бизнесийнхэн сануулав. Ийнхүү бизнесийнхэн санал, бодлоо илэрхийлэн зарим зүйлийг албаныхаас тодруулж байлаа. Хэлэл­цүүл­гийн төгсгөлд татва­рын багц хуулийн шинэчлэлийг хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэн батлахын сацуу тэдний хэлж байгаа санал, шүүмжлэлийг тусган амьдралд ойр хууль батлахыг хүслээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

3 сэтгэгдэл