|

Төсвийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 14 цаг 55 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын талаар танилцуулга сонсохоор тогтов.

УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий найман гишүүн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Уг хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 2014 оны 06 дугаар сарын 06-ны баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 3 дугаар зүйлийн "2016” оны гэснийг "2018” оны гэж өөрчлөхөөр тусгасан байв. Мөн төслийн 2 дугаар зүйлд энэ хуулийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн байлаа.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуух асуулт гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийн талаар эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдах жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд ногдуулсан гаалийн албан татварыг иргэн, аж ахуй нэгжид буцаан олгоно гэж тусгасан байсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэллээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Баделхан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Иймд Төсвийн байнгын хороо хуулийн төслийн дагаж мөрдөх журмын хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувиар дэмжсэн юм.

Анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэн шийдвэрлэлээ

Үүний дараа Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурал 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа уг төслийг хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Засгийн газраас анх оруулж ирсэн хуулийн төсөлд тусгагдсан хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нь татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэсэн горимын саналыг оруулсан юм. Иймд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т "Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзнэ гэж заасны дагуу горимын санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. 

Үүний дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй найман саналын томьёолол бүрээр санал хураалгав. Тухайлбал, "Татварын хөнгөлөлтөд хамрагдахаар төсөлд тусгагдсан салбарын ангилллын "Барилгын материалын үйлдвэрлэл" гэсэн ангилалд "мод, модон эдлэлийн үйлдвэрлэл"-ийг нэмж тусгах саналыг хасах” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. Мөн татварын хөнгөлөлтөд хамрагдахаар төсөлд тусгагдсан салбарын ангилалд эсгий үйлдвэрлэл, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа, мод, жимс, жимсгэнэ үржүүлэг эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хасах нь зүйтэй гэж хэлэлцэн, дэмжсэн юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэж санал хураасан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ч.Хүрэлбаатар нар "Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар зүйлийг, "2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх гэсэн санал гаргасныг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ч.Хүрэлбаатар нар "Хуулийн төслийн хэрэгжих хугацааг ердийн журмаар хэрэгжихээр тогтоох, үүнтэй холбогдуулан төслийн 3 дугаар зүйлд заасан "Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэснийг хасах” саналыг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын талаар танилцуулга хийлээ

Хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын талаар танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа УИХ-аас Засгийн сангийн тусгай сангийн тухай хуулийг 2006 онд баталсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар тусгай сангийн 28 төрөл хуульчлагдсан. Монгол Улсын Үндэсний аудитын газраас нийт 28 Засгийн газрын тусгай сангийн 15-д нь нийцлийн аудит хийсэн. Нийцлийн аудитын газраас 2013 онд Цэвэр агаар сан, 2014 онд Архидан согтуурахтай тэмцэх сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санНийгмийн даатгалын санХөдөлмөр эрхлэлтийг дэмжих санХүний хөгжил санЭрүүл мэндийг дэмжих сан, 2015 онд Авто замын сан, Дархлаажуулалтын сан, Соёл урлаг хөгжүүлэх сан, Шинжлэх ухаан технологийн сан, 2016 онд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Байгаль хамгаалах сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Сургалтын төрийн сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийсэн гэдгийг дурдсан юм.

Харин Эрсдэлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын нөөц сан, Мал хамгаалах сан, Нийгмийн халамжийн сан, Тариаланг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын өрийн баталагааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Спортыг дэмжих сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийгдээгүй байгаа аж.

Нийцлийн аудит хийхэд дээрх сангуудад сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөрөнгийг зарцуулах бодлого, үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй, зарим сан ажлын алба байгуулсан зэрэг нийтлэг зөрчил гаргасан гэдгийг Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул онцолж байлаа.

Дээрх аудитуудаар илрүүлсэн зөрчилд 2015 онд 11.4 сая.төгрөгийн акт, 1,264.4 сая төгрөгийн албан шаардлагыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлснээс 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 7.4 сая.төгрөгийн акт төлөгдсөн байна. Харин 2016 онд хийсэн нийцлийн аудитын зөрчилд 3.3 сая.төгрөгийн акт, 7,373.6 сая төгрөгийн албан шаардлагыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлснээс 3.3 сая.төгрөгийн актын төлбөр бүрэн төлөгдөж, албан шаардлагын биелэлт ирүүлэх хугацаа болоогүй байгааг тэргүүн аудитор танилцуулгадаа дурдсан юм.

Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан "Засгийн газрын тусгай сангууд сангийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлээгүй, дотоод хяналтгүй, сангийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаггүй ийм сангуудын үйл ажиллагааг цэгцлэх ёстой” гэж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ асуудлаар удаа дараа аудит хийсэн ч үр дүн харагдахгүй байгаа учир байнгын хорооноос тогтоол гаргах хэрэгтэй” гэсэн саналыг тавьж байлаа.

Иймд байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Үндэсний аудитын газар, Төсвийн байнгын хороо хамтран Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд сахилга батыг хангуулах, хариуцлага тооцохоос эхлээд асуудлыг өргөн далайцтайгаар харсан, үр дүн гарах тогтоол гаргах нь зүйтэй” хэмээн үзэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

26 сэтгэгдэл