Өнөөдөр XVII жарны ГАЛ БИЧ жил, өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдөр. Битүүний орой монголчууд хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг уламжлалтай. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Мөн Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.
Тахилга
Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа "Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй" хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.
Битүүний зоог
Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг.Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.
Мах буюу ууц тавих ёс
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
1.толгой
2.ууц
3.өвчүү
4.хаа
5.гуя
6.хүзүүний сээр
Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.
Битүүлэх ёсон
Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна. Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.
Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай.
Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.
0 сэтгэгдэл