|

ШШГЕГ-ын орлого ба Ц.Нямдоржийн машин

ШШГЕГ-ын орлого ба Ц.Нямдоржийн машин

 

ШШГЕГ-ын  орлого, Ц.Нямдорж сайдын тансаг автомашин хоёр салшгүй холбоотой ажээ.  Хууль зүй, дотоод хэргийн сайдад  360 сая төгрөгийн "Лексус-570” маркийн автомашин авч өгснөө тус газраас ийнхүү тайлбарлаад байна.

Албан бичигт 2017 онд ШШГЕГ-ын төсвийн орлогыг 4801.8 сая төгрөг байхаар баталсан ч гүйцэтгэлээр 7617.2 сая төгрөг төвлөрүүлээд байна. Зайлшгүй авах шаардлагатай  хөрөнгө оруулалт тусгагдаагүй тул төсвөөс давсан орлогоор салбарын сайдад автомашин авсан гэжээ. Мөн автомашин авахдаа Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар тушаал гаргаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор зөвшөөрөл олгосон гэв. Хуулийн салбар хариуцсан яам, Сангийн яам, Төрийн өмчийн, бодлого, зохицуулалтын газар гээд нэр хүнд, хариуцлагатай төрийн байгууллагын сайд, дарга нар нийлж тохиролцоод ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын хүсэлтээр төсвийн орлогоос 360 сая төгрөг "сугалж” орхисон байна.

Ямар нэгэн тендер зарлалгүй, төрийн мөнгөөр ийнхүү тансагласан нь мэдээж өөрөө хууль зөрчсөн үйлдэл. ХЗДХ-ийн сайдын үйл ажиллагааны зардлыг ХЗДХЯ-ны төсөвт суулгаж, түүнээсээ зарцуулах ёстой. Үүнтэй адил ШШГЕГ-ын төсвийг улсын төсөвт суулгаж зориулалтын дагуу зарцуулах учиртай. Гэтэл ШШГЕГ-ын төсвөөр "Lexus 570” машиныг ХЗДХ-ийн сайдын хэрэгцээнд худалдан авч өгчээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд нь  өөрөө тансаг автомашин авч, хууль зөрччихөөд дараа нь "Үнэн, би тэр автомашиныг унаж байгаа” хэмээн иргэдийг басамжлаад зогсч байна. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулан,  Б.Пүрэвдорж гишүүн  ахалж байна.

Түүнээс энэ талаар тодруулахад "Хоригдлуудын хийсэн ажлын хөлсөөр  Ц.Нямдорж сайдад  машин аваад өгчихсөн нь тодорхой байна.  ШШГЕГ-т зарцуулагдах ёстой мөнгө ХЗДХ-ийн сайдад зарцуулагдаад явж байна гэдэг бол тендер шалгаруулалт зарлаж, шалгаруулсан, худалдан авсан зэрэг бүх үйл ажиллагаа хууль бус явсан гэсэн үг” гэлээ.

Албан бичигт 2017 онд ШШГЕГ-ын төсвийн орлогыг 4801,8 сая төгрөг байхаар баталсан ч гүйцэтгэлээр 7617,2 сая төгрөг төвлөрүүлээд байна. Зайлшгүй авах шаардлагатай  хөрөнгө оруулалт тусгагдаагүй тул төсвөөс давсан орлогоор салбарын сайдад автомашин авсан гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Т.САЙХАН

0 сэтгэгдэл