|

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

 “Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ"Сод Монгол”группийн Ц.Анандбазар хэвлэл мэдээллийхэнд харшилтай нэгэн. Тэрбээр өөрийг нь болон "Сод Монгол” группийнх нь талаар шүүмжилж, хөндөж бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийхнийг хуулийн багаараа далайлган сүрдүүлж,байнга заргалддаг нэгэн гэдэг.

 

 

Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр 18,00 цагийн орчимд "Сод Монгол” группийн хуулийн зөвлөх О нь хуулийн баг, компьютерын инженер гэх хоёр хүн, БЗД-ийн 5-р хорооны хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг нарыг дагуулан Chuham.mn сайтын редакцид ирж, ямар нэг бичиг баримт, зөвшөөрөл үзүүлэлгүй нэгжлэг хийж, айлган сүрдүүлэх үйл ажиллагааг явууллаа.


Тэд сэтгүүлчдийн компьютерт хүч түрэн халдан нэгжлэг хийж, сайтын админ эрхээр нь орон архивыг нь шүүж Ц.Анандбазар болон "Сод Монгол” групптэй холбоотой сөрөг мэдээллүүдийг түүж устгахыг шаардсан байна.

Мөн тус сайтын санхүүгийн тайлан болон сэтгүүлчийн данс зэргийг өгөхийг шаардаж, байгууллагын компьютер болон бусад өмчийг хураан авч явахыг завджээ.

 

 

 

Редакцийнханы зүгээс болж буй үйл явдлыг Монголын үндэсний сайтын холбоо руу утасдаж дуулгасны дагуу ЦЕГ-ын 102 утсанд дуудлага өгчээ. Гэвч сайтад нэгжлэг хийж байсан этгээдүүд дуудлагын цагдаа нар ирэхээс өмнө нэгжлэгээ зогсоон явжээ.

 

 

БГД-ийн 5-р хорооны цагдаагийн хэсэг дээр сайтын холбооны удирдлага болон тус сайтын сэтгүүлчийг очиход хорооны цагдаа  Н.Эрдэнбилэг, нэгжлэг хамт хийсэн "Сод Монгол"-ын хүмүүсийн хамт байсан байна. Яагаад зөвшөөрөл бичиг баримт үзүүлэлгүй гадны компанийн төлөөллийг дагуулан хувийн өмч, байгууллагад халдаж нэгжлэг хийж, бичлэг хийж, зураг авч явсан талаар асуухад тэр миний эрх харин та нар 102-т хуурамч дуудлага өгсөн тул торгоно хэмээн дарамталжээ. Улмаар тус сайтынхан өмгөөлөгч дуудаж зөвшөөрөл, бичиг баримтыг шалгуулж учрыг нь хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтээ хэлэхэд "Сод Монгол групп”-ийн хуулийн баг гэх хүмүүс машиндаа суугаад ум хумгүй оджээ.

 

 

Цаашлаад хэвлэлийнхэн Цагдаагийн ёс журамд утсаар гомдол гаргаж, БГД-ийн цагдаагийн ахлах жижүүртэй утсаар холбогдож тодруулахад "дэслэгч Н.Эрдэнэбилэг нь прокурорын зөвшөөрөл авалгүй танай байранд нэгжлэг хийсэн байна. Гэхдээ дараа нь прокурортоо хэлэх гэж байсан гэнэ. Гэхдээ албан байгууллагын компьютер эд зүйлд гадны компанийн хүмүүсээр халдуулсан нь буруу асуудал байна” гэсэн хариу өгснөөр хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид халдсан гомдлыг хүлээн авах газаргүй болж баасан гаригаас нэгдэх өдөр хүртэл хүлээх болжээ. 


 

Хэвлэл мэдээллийн байгууллага , сэтгүүлч нь хэн нэгнээс хараат бус хэвлэн нийтлэх эрхтэй. Түүнчлэн тухайн сэтгүүлч нь дөрөвдөх засаглал, нийгмийн хоточ нохойн үүргээ хүлээж, түүхийг эргэн сануулж, нийгэмд эргэлзээтэй байгаа асуудлыг хардаж бичих эрхтэй байдаг. Гэтэл өнөөдөр хэн нэгэн эрх мэдэл мөнгөтэй нь хорооны цагдааг хөдөлгөж хэвлэл мэдээллийн редакци руу халдаж айлган дарамталж байна. 


Энэ байдалд холбогдох хууль хяналтын байгууллага анхааралдаа авч ажиллана гэдэгт найдаж байна.


 


 

Сэтгүүлчийн компьютерийг Сод Монгол группийн хуулийн багийнхан гэх этгээдүүд хорооны цагдаагаар далайлган шалгаж байгаа байдал


 

 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

22 сэтгэгдэл