|

Эдийн засагт солонго хэзээ татах вэ

Эдийн засагт солонго хэзээ татах вэ

 

 Саяхан Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар томилогдож очоод байгаа  Л.Пүрэвсүрэн  цэнхэр дэлгэцээр ярьж байна.

Швейцар улсын эдийн засагт аялал жуулчлал их үүрэг гүйцэтгэдэг аж. Ялангуяа өвлийн улиралд цана чаргаар гулгах гэсэн аялагчид олноороо очдог. Харин цас мөс, цана чаргагүй зуны улиралд жуулчдыг яаж татах вэ. Ингээд бас нэг боломж байгааг олж харжээ.  Тэр нь уулын малчдын амьдрал, жинхэнэ ориг тараг сүү цагаан бүгээн идээ амтлуулах аялал гэнэ. Альпийн уулсын алслагдсан бүсэд  аминдаа 20-30 хонь, саалийн цөөн үнээтэй  суурин малчид цөөн биш. Тэд л  сүү таргаараа аялагчдыг даллан дууддаг тухай элчин сайд ярина билээ. Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөхийн жишээ энэ биз. Байгаа юмаа баялаг болгож байгаа сайхан жишээ.   

Монголд 20-3 хонь байтугай  хоёр гурван мянган малтай малчид хэдэн зуугаараа бий. Нүүдэлчин амьдралаас урган гарсан аж төрөх арга хэвшил, хэдэн зуун дамжсан цагаан идээ бэлтгэх арга уламжлал нь бий. Ингэний хоормог, гүүний айраг,  ямааны ааруул, сарлагийн өрөм гээд  өөр хаана ч амтлахааргүй тансаг идээ Монголд л байгаа.  Харин бид энэ бүхнээ дэлхийд гаргаж чадаагүй. Мал нь эрүүл бус, үйлдвэрлэлийн аргаар бус ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд бэлтгэдэг гэхчлэн асуудал бий. Гэхдээ энэ бол зүгээр л шалтаг. Үүнийг шийдвэрлэх боломж бол байгаа. Монгол жилдээ хагас сая орчим жуулчид авдаг. Арваад жилийн өмнө ч ийм л байлаа. Одоо тэр л янзаараа, өсгөдөггүй. Жуулчдыг өсгөнө л гэж амтай, албан тушаалтай бүхэн үлгэр ярьсаар.

Сингапурт жилдээ  Японы нэг сая гаруй жуулчид очдог. Бусад улс орноос бүр хдэн сая гэж ярьдаг байх. Нэг жуулчин тэнд нэг мянгаар тогтохгүй ногоон мөнгө үлдээдэг. Ингэж бодохоор бас нэг дүр зураг харагддаг. Сингапур улстай өөрсдийгөө даруухнаар жишвэл Монголд онгон зэрлэг байгаль, мянган жилээр тоологдох өнө эртний түүх, төрт ёс, дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн аж төрөх хэвшил гээд юм юм бий. Эдийн засгийг солонгоруулах нэг боломж нь энэ аялал жуулчлал.

Монголд өнөөдөр уул уурхай гэсэн ганцхан л саалийн үнээ бий.  Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш угаасаа их эмзэг. Энэ хэрээрээ манай эдийн засаг бас дархлаагүй. Ерөөс уул уурхайн ашигт малтмалын дэлхий зах зээлийн үнээс л Монголын амьдрал хамаарч байна. Ганцхан тулгуурт эдийн засаг гэж сонгодог утгаараа энэ байх.  Ийм эмзэг  эрсдэлтэй байдлаас гарах арга зам нь  эдийн засгаа соолнгоруулах хэмээн ярьдаг.  Олон жил ярилаа, одоогоор  солонго татаагүй л байна.

Шинэ Ерөнхий сайд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж эдийн засгаа солонгоруулах амбицтай байгаагаа мэдэгдсэн. Хөдөө аж ахуй бол бидний хоёр дахь боломж. Хэрэв мал сүргийн эрүүл мэндийн тогтолцоо алдаа мадаггүй бол мах сүүний гадагшаа чиглэсэн  урсгалыг бий болгох бүрэн боломж бий.  Махны экспорт монголчуудын мөрөөдөл хэвээрээ байгаа. Харин энэ жилийн хувьд энэ тал дээр урагш хоёр алхсан. Махны гадаад зах зээлээ Иран, Вьетнам зэрэг орноор тэлээд байна.  Мөн энэ төрийн экспортоосоо 110 гаруй тэрбум төгрөгийн орлого олжээ.  Ямар ч л гэсэн ахиц дэвшил.  Махны хамгийн том хоёр хэрэглэгч хоёр талд маань хаяа нийлэн оршиж байна.  Хөрш ОХУ гэхэд хаа байгаа ертөнцийн нөгөө хагасаас тэнгис далайг гатлан байж Бразил болон латин Америкийн орнуудаас махаа импортолдог.

Монголчууд хамаг малаа тууж аваачаад ч урд хөршийнхөө бүтэн сарын махны хэрэглээг хангаж чадахгүй байх. Ийм том эзэлэхүүнтэй зах зээл олон эх сурвалжаас хангадаг байж таарна. Тэр нь бидэнд боломж болон ирнэ. Гэхдээ л нөгөөх малын халдварт өвчин саад тээг болсон хэвээр байна. Уг нь урд хөршийнхэн маань манай махны экспортод дуулгавартай байсан хэдий ч саяхан  Монголоос мах импортлох боломжгүй гэдгээ илэрхийлчихлээ. 

Эдийн засаг уул уурхай гэсэн ганцхан тулгууртай байх нь зөвхөн экспорт, импортонд хамаатай асуудал биш. Тэр нь юуны өмнө улсын төсвийн орлого, бүтцэд айхтар нөлөөлдөг. Ердөө ганцхан эх үүсвэрээс хамаг орлогоо төвлөрүүлнэ гэдэг сайн зүйл биш, томоохон эрсдэлт хүчин зүйл. Тухайлбал,  оны эхний 11 сарын байдлаар монголчууд нэгдсэн төсвөө хаанаас хэрхэн бүрдүүлснийг харцгаая.  2017 оны эхний 11 сарын байдлаар улсын нийт экспортын 80 гаруй  хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзлэж байна. Мөн эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-          Алт           44.9тэрбум төгрөг,

-          Нүүрс       507.8тэрбум төгрөг,

-          Цайр        61.6тэрбум төгрөг,

-          Зэс            732.9тэрбум төгрөг,

-          Төмөр      11.6 тэрбум төгрөг,

-          Жонш       10.2тэрбум төгрөг,

-          Бусад       47.1тэрбум төгрөг байх жишээний.

 Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ энэ жилийн тухайд эерэг байсан нь ийм боломж олгосон хэрэг. Хэрэв үнэ болоод эрэлт нийлүүлэлтийн таатай нөхцөл бүрдээгүй бол яах байсан бэ гэдэг нь том асуудал юм. Тиймээс нэг нь нөгөөгөө нөхөж чадах тийм солонгорол эдийн засагт үгүйлэгдэж байна.

 

М.Нэргүй

1 сэтгэгдэл