|

АМЬСГАЛЖ ҮЛ БОЛНО

АМЬСГАЛЖ ҮЛ БОЛНО

"Амьсгалж үл болно”/Don’t breathe 2016/ гэдэг кино байна. Иракийн дайнд сохорсон ганц бие хижээл эрийг хоёр залуу, нэг хүүхэнтэй бүлэглэн дээрэмддэг боловч хоёр нь байшинд хүүр болж үлддэг.Сохор ч гэлээ ахмад дайчин гэнэтийн урилгагүй зочдоос хэрхэн хамгаалахаа эртнээс нягт төлөвлөж тооцсон тул хэрэг явдал тун ноцтой эргэдэг. /Энд дарж киног үзэх болон доорх комментийг нь харчихад гэмгүй/.

Энэ кинон дотор харилцан яриагаар илэрч буй  хулгайч залуусын хуулийн мэдлэг ба тооцоолол гайхалтай. Тэд  олон айл ухдаг ба энэ нь өдөр тутмын ажил нь болсон байдаг. Айл ухахдаа хэзээ ч бэлэн мөнгө авдаггүй. Хүн алж, хүчирхийлэл хийдэггүй. Эд хөрөнгө хувцас хунар юу ч байсан хусна. Гэхдээ бэлэн мөнгө авдаггүй. Учир нь баригдлаа гэхэд бэлэн мөнгө авсан бол ял чангараад явчихна. Түүнчлэн нэг нь нөгөө хоёртоо хэлэлгүй буутай байх тохиолдолд гэмт хэрэгтний хандаж буй байдал нэг бүхэл санаа. Мэдээж энд бид кино ярих гээгүй. Энэ киноны хэрэг явдлын өрнөлд зурвас харуулж буй хуулийн зүйл заалтын нарийн ялгаа гэмт хэрэг үйлдэж буй хүний ухамсарт субьектив нөлөөг хэрхэн үзүүлж байгаа нь анхаарал татсан юм.

Сохор эрийг тонохоор гэрт нь орсон үед  нэг нь буутай орсныг мэдсэн залуу шууд үйлдлээ зогсоож, хэргийн газрыг орхин явахыг найз бүсгүйдээ санал болгодог. Учир нь тэд галт зэвсэгтэй айлд нэвтэрснээр гэрийн эзэн тэдний эсрэг мөн зэвсэг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж буй. Энэ нөхцөлд гэмт хэрэгтнүүдийг нам буудсан байхад хуулиараа гэрийн эзэн цэвэрхэн. Хариуцлага хүлээхгүй. Өөрсдийг нь газар дээр нь нам буудаж болох нөхцөл үүссэн тул нэг гэмт хэрэгтэн эргэлзэж байна.  Кинон дээр бол хууль судалсан залуу тэр чигтээ явчихаж чаддаггүй. Бүсгүйдээ туслахаар эргэн ирж, сая доллар хулгайлсаны дараа  бодлоо өөрчилснөөр  сохор эрийн суманд амиа алддаг. Сохор эр ч хоосонгүй. Охиныг нь дайрч алсан баян айлын охин ял зэмгүй үлдсэн тул хувийн арга хэмжээ авахаар хулгайлаад гэртээ хорьчихсон байдаг. Сонсгол агуу хөгжсөн тул тэдний гэрт нууцаар орсон бол амьсгалж болохгүй дүрэм үйлчилдэг. Киногоо энэ хүргээд орхиё.

 

Судалгаагаар өнгөрсөн онд 2-7 насны 295 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа нь хүүхэд хулгайлах, хүчирхийлэх асуудлыг бид тусад нь авч үзэхэд хүргэлээ. Товчдоо цаазын ял гэдэг хүүхэд хүчирхийлсэн хүнд тохирох ял мөн эсэх тухай асуудал бус. Ялыг чангатгаснаар гэмт хэрэг буурдаг  уу гэсэн асуудал ч бус.  Хүчирхийлэгч зовж тарчилж байлаа ч шорондоо дасал болж 25 жил нар харж амьд явах нь шударга шийтгэл мөн үү гэсэн энгийн нэхэл нийгэмд байгаа юм.  Адгийн хүслээр хүүхдэд адгуус авирласныхаа төлөө үхэх ёстой гэдэг бол өрөөсгөл хэдий ч шударга ёсны л шаардлага.

Хүчирхийлэл үйлдэхээр зэхэж буй хүний нүдэнд цаазын ялын тогтоол, дүүжлүүрийн олс, цахилгаан гүйдэлд цохиулан ширээн дээр тийчилж буй өөрийгөө харах тэр эгшинд өмднийхээ тэлээг буцаагаад чангалах нөхцөл байж болох. Үгүй ч байж болох. Гэмт хэрэгтний сэтгэлзүй гээд бусад хүчин зүйлс яригдаад эхэлнэ.

"Үсрээд 20 жил сууна биз” гээд хувийн сэдэл өш хонзон, хардалтаар хүн алчихсан хэрэгтэн ч байдаг. Санаандгүй хүний аминд хүрчихсэн ч байдаг. Үүнд ялын бодлого заагтай ханддаг. Харин хүүхэд оролдвол шууд "цааз” гэж айдаг, хатуу хуулийн өмнө чичирдэг байхад энэ төрлийн гэмт хэрэг буурна гэж иргэд төсөөлж, цаазын ялыг сэргээхийг зарим нь шаардаж байгаа. Ингэснээр гэмт хэрэг буурна гээгүй. Гэм буруутнуудад шийтгэл нь шударга хатуу байхыг хүсч байна.

Гол зүйл бол цаазлах, нэг бол бүх насаар нь хорих ч бай хууль яаж үйлчилж, хийсэн нүглийнхээ төлөө хэрэгтэн хэрхэн тарчлахыг "сурталчлах” ажил алга байна. Шорон түүний сүүдрийг "сурталчлах” тухай энэ яриа сэтгэл хөдлөл, туйлшрал бус.

Нэрт сэтгүүлч, "Хонх”-ын С.Цогтсайхан агсан "Тарчлаан” номондоо хэлсэн үг одоо ч сэтгэлд тод үлджээ.  Сургуулийн хүүхдүүдэд, өсвөр үеийнхэнд  музей хөшөө дурсгал үзүүлэхээс өмнө  шорон үзүүл. Өргөст торны цаадах тарчилсан хоригдол,  эрх чөлөөгүй байдлын хүйтэн мэдрэмжийг авах нь  хожмоо тэд алдаж, гэмт хэрэгт гишгэхийн өмнө айдас төрүүлэн зогсоох болно гэсэн утгатай.

Өвөл болоод ирэхээр ТВ радио бүх мэдээллээр хэдэн арван төрлийн ханиадны эмийг зай завсаргүй сурталчилж бөмбөгдөх хэрнээ хуулийн ганц заалт сэрэмжлүүлэг харагдахүй юм. Хууль бол нийгмийн харилцааг зохицуулдаг том хэрэглээ. Хэрэглээнд багтах юм бүхнийг хуулийн хүрээнд сурталчилж болно. Хуулийн  сүүдэр "Шорон” бол гэсгээлт. Цааз бол шууд төгсгөл. Үүний цаана Үхэл гэх том айдас биднийг олон тэнэглэлээс зааглаж байдаг.

Ер нь бол олон хүчирхийлэгч төрүүлэхгүй байя гэвэл хүчирхийлэгч яаж тарчилж хоногоо хүлээн, хэрхэн шээс алдан цаазлуулж  буйг сурталчилж баймаар. Тэдний цаазын өмнөх айдастай яриа, дуу хоолой нь хэрхэн чичрэхийг  ямар ч тэнэг айхаар дүрсжүүлж сонсгож баймаар. Холливууд ийм төрлийн айдсын мэдрэмжтэй киног их хийдэг. Айдас бол  алив үйлдлийг хийх, эс хийхийн нэг хязгаар гэдэг. Харин манай залуусын хийж буй бараг бүх кинонд шорон үхэл хоёрыг ёстой нэг тоохоо байсан. Гоё гоонжтой гангструуд хар машин унаж, Энэтхэг кино шиг үнэмшилгүй зодолдож, хуульгүй мэт хүн алж хүчирхийлэл үйлдээд яваа харагддаг. Энэ ч бас сурталчилгаа. Үүнийг давах хатуу цааз, хуулийн буулт ямар байдаг талаар сөргүүлж тавих зүйл алга байна.

Олон улсын эрх зүй, дэлхийн жишиг, хүний эрхийн ... р пакт элссэн зэрэг глобал яриагаа түр хойш тавъя. Монголын нийгмийн энэ цагийн онцлог, амьдрах орчны доройтол, ядуурал дагасан сэтгэлгээний уналт, архидалт, хэнэггүйтэл авлигын хар сүүдэр хүүхдүүд дээр унаад байна. Гэгээн цагаан өдөр хулгайлагдсан охин олдохгүй. Гэрийнх нь үүднээс шахуу хүүхдийг буудал руу чирч хүчирхийлчихэж байна. Энэ бол бодит хар мэдээ.

Хүн алсан л бол дээд хэмжээ гээгүй. Хүүхэд нялхсыг хүчирхийлсэн бол ЦААЗ гэж тодотгоод нэг харцгаая. Яагаад үгүй гэж. Цэл залуу нэг мунхаг хүүхэд хүчирхийлчихээд "25 жил суугаад л гараад ирнэ”  гэж хүйтэн шорондоо дасан зохицож суудаг байх. Үхэл, цаазын ял, амьдралын төгсгөлийн айдас тэднийг ээрэхгүй байна.

Амьд явах нь дархлагдсан гэдгээ сайн мэдсэн мунхагуудад нялх балчируудаа алдаад байх юм уу... Ер нь хүүхэд хүчирхийлэгчдэд  шууд Цаазын ял өгдөг улс  дэлхийд ганцхан Монгол болоод хэсэг байсан ч яахав дээ. Хүүхдэдээ дэндүү харам,  хүн ам цөөтэй л улс байгаа биз...

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

http://www.shuud.mn/content/read/491286.htm

Эх сурвалж: Shuud.mn

3 сэтгэгдэл