|

Ерөнхийлөгч хавтгайрсан халамжийн бодлогын эсрэг байр суурьдаа хатуу зогссон ч хоригийг УИХ хүлээж авсангүй

Ерөнхийлөгч хавтгайрсан халамжийн бодлогын эсрэг байр суурьдаа хатуу зогссон ч хоригийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаа юм.

Чуулганы эхэнд намын бүлгүүд өөрсдийн шийдвэрийг танилцуулав. Хоригийг УИх дахь МАН-ын бүлэг хүлээж авахгүй байр суурьтай байгаа бол АН-ын бүлэг хоригийг хүлээж авах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхийлөгч удаа дараа хориг тавьж байгаа талаар тодруулав. 

Ерөнхийлөгч Х.Баттулга хариулахдаа "Хийх ажилгүйдээ хориг тавьсан юм биш болохгүй дээ тавьсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьсан. Дараа нь Төрийн албан хаагчдад 300 мянга олгох харамсалтай харамсмаар шийдвэр. 55 тэрбум төгрөгийг олгох нь өнөөдрийн нөхцөл байдалтай уялдахгүй. Халамжийн бодлогоос татгалзах ёстой, хүүхдийн мөнгөнөөс бусад тохиолдолд. 
Хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан, бүгдийг атгачихсан. Одоо яамд руу орж байна. Ийм тодорхой болчихсон учраас хоёр хориг тавьсан” гэлээ.


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Яагаад бүхэлд нь хориг тавьж  байна вэ? АН-ын бүлэг 55 тэрбум төгрөгийг эсэргүүцэж байгаа. Нэг удаад мөнгө олгох нь үргүй зардал. Бидэнд бэлэн мөнгө олгоод салхинд хийсгэсэн туршлага байгаа.

 ЕТГ-ын дарга З.Энхболд:

2008-2012 оны УИХ гэнэт олсон орлогоо иргэн бүрт тараасан. Тиймээс энэ алдаагаа давтаж болохгүй. Төрийн албан хаагчдад нэг удаад 300 мянган төгрөг олгох нь хууль бус юм. ОУВС-тай цалин нэмэхгүй гэж гэрээ байгуулсан. Тиймээс ОУВС-гаас нууж, нөхөн олговор маягаар олгож байна. Энэ онд  611 тэрбум төгрөгийн гэнэтийн орлого олсон.

55 тэрбум төгрөгийг төсвийн ерөнийлөн захирагч нарт хуваарилсан байсан. Тухайлсан заалт байхгүй.  Тухайлбал Ерөнхийлөгчийн тамгын газрын 49 албан хаагчийн өндөр албан тушаалтнуудыг нь хасаад  төсөвлөжээ. Тиймээс бүхэлд нь хориг тавьсан. Дээр нь энэ хууль зөрчсөн төсвийн тодотгол.

 Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

Хуульзүйн байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан энэ оны төсөвт тодотгол хийсэн. Төсвийн хуулийг зөрчсөн зүйл байгаагүй.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

Төсвийн тодотгол хийх нөхцөл шалгуур тодорхой байгаа. Анхнаасаа засаад явсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчийн урамшууллыг оновчтой зөв тодорхойлох хэрэгтэй байв. Одоо байдал амаргүй байна. Ирэх оны төсөв батлагдах хугацаа тулсан. Ер нь төсвийн хууль, төсвийн тогтвортой байдлын хуулийг дагах ёстой. Цаашид анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлж байгаа ерөнхийлөгч маань ард түмний дунд талцуулах зааг ялгаа гаргахгүй ажлаасай гэж анх тангараг өргөж байхад нь хэлсэн. Заавал хориг тавих шаардлагатай юмуу үгүй юмуу. Бидэнд хийх ажил их байна. 15-ны дотор төсөв батлана гээд их замбараагүй байна. Он гараад хэдэн тодотгол хийх юм. Дэлхий дахинд шившгээ дэлгэхээ болиоч гэж олон удаа хэлж байна. Бид хоорондоо дайсагнаж болохгүй. Ажлын байрыг нэмэгдүүлмээр байна. Хаалттай хуралдаан хиймээр байна. Үнэн худлаа ярилцаж нэг чиглэлтэй болмоор байна. Үндэсний аюулгүй байдал алдагдаж байна.

УИХ-ын гишүүн  С.Чинзориг:

Хоригийг хүлээж авах боломжгүй. Бид 8 сараас хойш хүүхдийн мөнгийг олгож чадаагүй. Энэ хоригийг хүлээж авбал 8 сараас хойш олгох хүүхдийн мөнгийг олгох боломжгүй байдалд очоод байна. 2014 оноос хойш төрийн албан хаагчийн цалинг нэмээгүй. Цалинг нь нэммээр байна. Ажлын үр дүнгээр нь урамшуулал олгохыг дэмжиж байгаа. Нэг удаагийн мөнгө тарааж байгаа асуудал биш шүү дээ.

УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан:

Өнгөрсөн долоо хоногоос хойш хоёр удаа хориг тавьлаа. Ерөнхийлөгчийг хоёр асуудлаар хориг тавина гэж бодоогүй. Та бол монголын ард түмнийг талцуулж болохгүй. Микропон ашиглаж УИХ-ын гишүүдийг доромжлоод байж болохгүй. Хориг тавиад яахав ээ. Монгол улс дипломат хоригт орчихлоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яагаад хуралдуулахгүй байна вэ. Та ерөнхийлөгч болоод таван сар боллоо. Үндэсний аюулгүй байдлын асуудал их байна. Энэ асуудлыг ухаж яримаар байна. Би таныг хориг тавьдаг ерөнхийлөгч байгаасай гэж хүсэхгүй байна. Улс төрийн тогтворгүй байдалд улс оронд нүүрлэчихлээ.

УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат:

Хоригийг тойрсон олон асуудал яригдаж байна. Хоригийг хэд ч тавьж болно. Хамгийн гол нь хориг тавих утга учир нь хууль тогтоомжинд нийцсэн үү, монгол улсын бодлого алдсан тохиолдолд хориг тавьж болно. Би ер санал нэг байна. Уул уурхайг дагасан хулгайг арилгахгүй бол болохгүй. Бүгд асуудал үүсэхээр буруу тийш залаад гутал өмдний хэрүүл хийгээд байх юм. Төсвийн тодотгол дээр хууль зөрчигдсөн нь үнэн. 2016 оны сонгуулиар ард түмэн АН-д итгэж саналаа өгсөн болохоос ОУВС-д саналаа өгөөгүй. Монгол улсын төрийн бодлого, хуулийг зөрчиж болохгүй. ОУВС-гаас манай улс гарах хэрэгтэй. Халамжийн мөнгө тарааж эхэлж байгаа нь буруу юм. Хөдөлмөрийн үнэлэмжийг үгүйсгэж байна. Ардчилсан нам ерөнхийлөгийн хоригийг харгалзаж үзэх хэрэгтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

Хоригтой холбогдолтой намууд гишүүд олон зүйлийг асууж санал хэлэх байсан. Томилгоо болохоор олуулаа байдаг. Алийг нь засах вэ гэж ярилцахын оронд ерөнхийлөгчөө загнаад байх юм. Ардчилсан намын гишүүдээс бусад нь дэмжихгүй шинжтэй. Монголын ард түмний оюун санаа урт шүү. Түрүүчийн засгийн газар алдаа гаргасан. Хүүхдийн мөнгөнд тодолтгол хийхгүй бол болохгүй гэдгийг хэлсэн. 104 тэрбум төгрөгийг сонгуулиас өмнө хүүхдүүдэд олгосон. ОУВС-гийн дор Монгол улс амьдарч болохгүй гэдгийг ерөнхийлөгч хэлсэн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халддагаа больцгоо.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Төсөв сайжруулж хийдэг. Хоёр төсөв муужирсан. Огцорсон засгийн газар хоноцын сэтгэлгээгээр хийсэн. 2.7 их наядад хүргэж хамгийн өндөр алдагдалтай төсөв батлаж байна. Сайд нарын гарын салаагаар урсдаг зардлыг нэмсэн. МАН ард түмнийг хуурч ОУВС гэж ярихаа боль гэлээ. 

Гэсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 85.2 хувийн саналаар "Хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргалаа.

Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос 46 нь "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй” найм нь "Хүлээн авах ёстой” гэсэн кноп дарсан юм.

40 сэтгэгдэл