Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү шуурхай хуралдаанаар салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэж, хэрхэн хугацаа алдалгүй, түргэн шуурхай шийдвэрлэх талаараа хэлэлцсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо зохион байгуулагдсан "Торгоны замын ач холбогдол” хөрөнгө оруулалтын форум болж, Монголын талын 80 гаруй төлөөлөгчдийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ахлан оролцсон. Энэхүү хурал, уулзалтаар Монгол Улсад хэрэгжих авто зам болон төмөр замын томоохон төсөл, хөтөлбөрүүд урагшлах нь тодорхой болсон талаар тус шуурхай хуралдаанаар салбарын сайд мэдээллээ. Тиймээс бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө төлөвлөгөө гарган ажиллах, талуудын уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулж, ажил хэрэг болгохыг холбогдох газруудад үүрэг болголоо.
Мөн агаарын зорчигч тээврийн үндэсний авиа компаниудад агаарын хөлгийн нисэх багийн мэргэжил, туршлага, шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавихаар болсон байна.
Түүнчлэн уурхай, тээвэр, хилийн боомтын асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх, хоногийн нэгдсэн графикаар зохион байгуулахаас гадна Ганцмодны боомтыг 24 цагаар ажиллуулах талаар БНХАУ-ын талтай өндөр дээд хэмжээнд асуудлыг тавьжээ.
Тус хурлаар утаатай тэмцэх ажлын хүрээнд УБТЗ-ын галт тэргэнд утаагүй түлш ашиглах, автобусанд утааны шүүлтүүр байрлуулах, хуучин автомашины байгаль орчинд хортой эд ангиудыг хэрхэн шийдвэрлэдэг талаарх судалгаа гаргах зэрэг үүргүүдийг салбарын сайд өглөө. Зам, тээврийн салбарт ажиллаж буй 20 гаруй мянган ажилтан, албан хаагчид байдаг бөгөөд тэдгээрийн шинэ санал, санаачлага, бүтээлч сэтгэхүйг дэмжих үүднээс ажилтан бүрт нэг нэг бүтээлч ажил хэрэгжүүлэх үүрэг өгөх талаар салбарын сайд шуурхайн зөвлөлд даалгалаа.
354 сэтгэгдэл