|

Б.Батболд: Ерөнхийлөгчид системийн бус хүн гаргаж ирэх хэрэгтэй

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл шүүмжлэлд өртөж, дээр нь хугацаа тулсан гэдэг үндэслэлээр хууль санаачлагчид буцсан. Тэгвэл энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах юм. Энэ талаар МУНН-ын дарга Б.Батболдын байр суурийг сонирхлоо.
 
-Багагүй маргаан да­гуулж хууль санаач­лаг­чид буцсан Ерөнхий­лөгчийн сонгуулийн хууль болон тун удахгүй зарлагдах гэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн товын тухайд улстөрчийн хувьд та ямар байр суурьтай байна?
 
-Ер нь бол бид 2012-2016 онд дөрвөн жил ярьсан шүү дээ, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль гээд. Сая дахиад ярихад өм­нө хэлсэн, ярьсан зүйл бүгд алга. Үүний өмнө олуулаа байсан АН хүчээр түрээд хуулиа батал­чих­сан.
 
Сонгууль эхлэхээс долоо хоногийн өмнө сонгуу­лийн системийг өөрчилж мажо­ритараар сонгууль явуу­лахаар болж дураараа дургисан. Эндээс би юу хэлэх гэж байна вэ гэвэл, Монголд эрхзүйт төр гэдэг юм байхгүй болчих­сон. Монголд хууль ёс алга, шударга ёс байхгүй бол­чих­сон. Оронд нь кас­тийн систем тогтсон. Өөрөөр хэлбэл, гэр бүл, ах дүүс, үр хүүхдээрээ нийлж захирдаг, зандардаг нийгэмд бид явж байна шүү дээ.  Тэгэхээр сонголт байхгүй сонгуулийг тулгалт гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ.
 
Жишээ нь,  2017 онд хэн Ерөнхийлөгч болохыг дөрвөн жилийн өмнө шийдэж байсан байвал яах вэ. Энэ сонголт юм уу. Өнөөдөр АН өмнөх дөрвөн жил тэнэгтэж байсныхаа үйлийн үрийг үзэж байна. Ямар ч хууль санаачилсан, яаж ч баталсан тэдний хувьд ямар ч нөлөө байхгүй. МАН хүссэнээрээ хийдгээ хийж, дайрдгаараа  дай­раад л явна. Гэхдээ нэг юмыг ойлгох ёстой. Мон­гол­чуудад хэлэхэд, бид системийн бус хүнийг  Ерөн­хийлөгчид сонгох ёстой юм.
 
-Системийн  бус хүн гэдэг нь юу гэсэн үг вэ?
 
-Бид МАНАН гэж ярьдаг шүү дээ. Энэ бол МАНАН нэртэй мафийн систем. Түүнд хоёр том нам байгаа юм биш, тэд ороод дээр нь бусад намын янз бүрийн ашиг сонирхол бүхий этгээдүүд нэмэгдсэн, орооцолдсон  хар наймаалж байгаа юм. Энэ гэмт хэргийн маш том  бүлэглэл. Тэднээс санал болгож байгаад, дөрвөн жилийн өмнө шийдчихсэн хүнийг гаргахгүйн төлөө монголчууд бид тэмцэх ёстой.
 
-Тэгж чадах болов уу?
 
-Системийн бус хүнийг гаргаснаар л тэр хар наймаалжны толгойг бид тасдаж чадах юм.  Ингэсэн тохиолдолд өөрч­лөлт, шинэчлэл, шудар­га байдал, хууль ёсоо тог­тоож  хууль зүйт төрийг байгуу­лах бололцоо бий болно.  Түүнээс  өөр гарц байхгүй.
 
-Та эртээд АН-аас зохион байгуулсан Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүү­лэгт ирсэн харагдсан. Яагаад байр суурь илэр­хий­лэхгүй, энэ ярьж бай­гаа зүйлүүдээ хэлэхгүй  гараад явчихсан юм бэ?
 
-Би түрүүнд хэллээ шүү дээ. Бид өмнө нь дөрвөн жил яриад бүтээгүй, үр дүн гараагүй  юмыг дахиад зүйл заалт нэмээд  яриад сууж байгаа бүтэлгүй оролдлогод өөрийгөө доромжилж байгаа аятай би сууж байх ямар албатай юм бэ. Тиймээс хэлэлцүүлгийг хаяад гарсан. Ийм л юм болсон.
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

1 202 сэтгэгдэл