"Өөр гарц байна. Шинэ Үндсэн хууль” сэдэвт хэлэлцүүлэг Баруун бүсээс буюу Завхан аймгаас эхэллээ. Хэлэлцүүлэгт зориулсан үдшийн цэнгүүн Завхан аймгийн төв талбайд болж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, эрдэмтэн судлаачид, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгийн МАХН-ын гишүүд, дэмжигчид болон нутгийн иргэд оролцлоо. Энэ үеэр намын дарга Н.Энхбаяр хэлэхдээ "Энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, завханчууд, Завханы залуучууддаа энэ үдшийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, амар амгаланг эрж байгааг хүлээн авна уу. Бид өнөөдөр "Өөр гарц байна. Шинэ Үндсэн хууль” гэсэн семинарыг улс орон даяар зохион байгуулж байгаа. Анхны семинар Баруун бүст болж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ энэ сайхан үдшийг хамтдаа өнгөрөөж байгаадаа баяртай байна. Бид бүсийн уулзалтыг хийхдээ тухайн аймгийн уран бүтээлчидтэй хамт нэг үдшийн цэнгүүнээ хийе гэж ярьж тохирсон. Бидний энэ санааг хүлээн авсан Завхан аймгийнхаа уран бүтээлчдэд баярлалаа” гэсэн юм. Цэнгүүнд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээс тоглож сонирхуулахаас гадна Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийнхан өөрсдийн урлагийн тоглолтоос дээжлэн хүргэж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
МАХН-ын гишүүд, дэмжигчдийн санаачлан эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг энэ оны эхнээс орон даяар хэлэлцүүлж эхэлсэн. Энэ удаа 21 аймгийг бүсчлэн хувааж Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Говийн, Дархан-Уул, Орхон аймагт хийхээр төлөвлөжээ. Эхний хэлэлцүүлэг энэ сарын 6-8-нд Завхан аймгийн Даян хэмээх газарт болж Баруун бүс буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн МАХН-ын гишүүд, дэмжигчид оролцлоо. Хоёр дахь хэлэлцүүлэг энэ сарын 10-11-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Өлийн давааны Отоглох цэгт болсон бол Төвийн бүсийн хэлэлцүүлэг Төв аймгийн Зүүндэлгэрийн ам гэдэг газарт энэ сарын 12, 13-нд болсон юм. Энэ үеэр Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд /Үндсэн/ хууль ба Боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, Хотын хөгжил ба шинэ Дээд Үндсэн хууль, хүний эрхийн талаар хэлэлцүүллээ. Тухайлбал, Завхан аймгийн Түмтийн дарга Э.Гүндсамбуу "Монгол хүн, гэр бүл, улс, эх орны хөгжил дэвшилд боловсрол чухал үүрэгтэй. Хүмүүс боловсрол гэхээр их, дээд сургууль төгссөнөөр нь ойлгодог нь өрөөсгөл юм. Мэдлэг, боловсрол зөвхөн дээд боловсрол биш. Их, дээд сургуулийн диплом нь тухайн мэргэжлийг эзэмшсэнийг нотлох баримт бичиг. Иргэд өр зээлэнд орж байгаа нэг шалтгаан нь сургалтын төлбөр болж байна. Үүнийг засч залруулах ганц гарч бол БНМУ-ын шинэ Үндсэн хууль” гэв.
Өвөг дээдсээс үлдээсэн эрдэс баялаг, ан амьтантай Монголын их нутагт иргэд нь ядуу амьдарна гэдэг бидний өнөөгийн өмхөрч буй төр засгийн буруу бодлого, хуулийн цоорхой гэхээс өөр юуг буруу гэх билээ. Энэ бүхнийг үндсээр нь өөрчилж Төр төвтэй, төмөр нүүртэй Үндсэн хуулийг цаашид нэг ч хором алдалгүй таягдан хаяж, ард түмэн төвтэй, хүний эрхэм дээд эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан Бүгд Найрамдах Монгол Улсын шинэ Дээд Үндсэн хуулиар сольж батлуулах нь зүйтэй хэмээн оролцогчид нэгэн дуугаар хэлж байлаа.
"Өөр гарц байна. Шинэ Үндсэн хууль” сэдэвт хэлэлцүүлгийг Баруун, Хангай, Төвийн бүсийн гишүүд, дэмжигчдээрээ хэлэлцүүлэн санаа бодлыг нь сонсч, дараах шийдвэрийг санал нэгтэй баталлаа.
Үүнд:
1. Төр засгийн бүрэн эрхийг ард түмний мэдэлд буцаан өгөх
2. Монгол хүний эрх, эрх чөлөөг найдвартай ханган хамгаалах
3. Монгол хүн төр засгийн хамгаалалтад байх
4. Байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгон хүн бүрт өмчлүүлэх
5. Иргэн баталгаатай орлоготой, гэр бүл орон сууцтай болох
6. Боловсрол, эрүүл мэндийн зардлыг төрөөс бүрэн хариуцдаг болох
7. Хяналт хариуцлагын бие даасан тогтолцоог тогтоож шударга ёсыг сэргээх
8. Хараат бус хууль, шүүхийн тогтолцоог тогтоож шударга ёсыг сэргээхийг зохицуулсан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжин баталж, цаг алдалгүй хэрэгжүүлэх их үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг нийт Монголын ард түмэндээ хандан уриалж байна.
Хэлэлцүүлэг өнөөдрөөс зүүн болон говийн бүс, Дархан-Уул, Орхон аймагт үргэлжилнэ.
Хэлэлцүүлэгт оролцогсдын сэтгэгдлийг хүргэе.
Төв аймгийн Баянчандмань сумын МАХН-ын гишүүн Я.Алтаншагай: ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖЭЭ
-Шинэ Үндсэн хууль ард түмний эрх ашгийг хамгаалсан байна. 1992 оны Үндсэн хуулийг баталж байхад би төрийн алба хашиж байсан. Муу хууль гэж хэлэхгүй, шилжилтийн үеийн сайн хууль. Манайх нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжиж байгаа шүү дээ. Огт үзэж, хараагүй тогтолцоо руу шилжсэн учраас энэ хууль тухайн үед үүргээ гүйцэтгэсэн. Монголын Үндсэн хуулийг харахад дунджаар 20-оод жилийн настай юм билээ. Одоо бид өөр нийгмийн тогтолцоонд орж, шинэ хууль хиймээр байна. Өнөөгийн нийгэмд зайлшгүй хийхийг шаардсан хууль гэж харагдлаа. Бид үүнийг эцэслэн батлаад хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлэгт оролцож байгаадаа баяртай байгаа. Энэ хуулийг баталчихвал хэрэгтэй л хууль байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын МАХН-ын залуу гишүүн Д.Баярмаа: АНХ УДАА СОНГУУЛЬ ӨГЧ, ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН
-Би өмнө нь хууль гэж юу байдгийг сайн мэддэггүй байсан. Сая сонгуулиар ухуулагч хийснээрээ хууль улс төрд ямар болдог талаар мэдэж авсан. Өмнөх хуулиуд нь будлиантай, асуудалтай байсан юм шиг санагдсан. Одоо энэ шинэ Үндсэн хууль нь арай гайгүй, дээрдсэн юм шиг санагдаж байна. Би энэ жил анх удаа сонгуулиа өгөөд МАХН-д элссэн. Хүмүүс надтай адил Үндсэн хуулийн талаар юу ч мэдэхгүй байгаа. Ухуулагч нарт энэ хуулийн талаар зөвлөгөө өгсөн болохоор цаашаа ард түмэнд түгээнэ. Ер нь хуулиа хүмүүст түгээх хэрэгтэй байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын МАХН-ын Зуутын дарга Д.Эрдэнэбилэг: ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ХУУЛЬ БОЛЖЭЭ
-Өнөөдөр Төвийн бүсийн буюу Булган, Төв, Сэлэнгэ аймгийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож байна. Хэлэлцүүлэг Төв аймгийн үзэсгэлэнтэй сайхан газарт болж байгаад сэтгэл хангалуун байна. Ер нь Монгол Улсын 1992 оны хуулийг өөрчлөх, шинэ тавдугаар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг батлах чиглэл, МАХН-ын байр суурь бидэнд ойлгомжтой. Бид үүнийг цааш нь ухуулах, сурталчилгааны ажлаар мэргэшүүлж, олон хүнд энэ хуулийг сурталчилж, Монгол Улсынхаа газар нутаг, эх орныхоо эрх чөлөө, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө энэ хуулийг тайлбарлан таниулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахын тулд биднийг ийнхүү нэг дор цуглуулж хэлэлцүүлэгт оруулсанд талархаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
0 сэтгэгдэл