|

Н.Энхбаяр: Монгол Улсын гарц Үндсэн хуулийн шинэчлэлт юм

"JСI Прогресс” салбар байгууллагаас зохион байгуулдаг Монгол Улсын хөгжлийн гарц IX цуврал уулзалт өнгөрсөн бямба гаригт болов.


Энэ удаагийн уул­зал­­тад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцлоо. Монгол Улсын хөгжлийн гарцыг Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээн уул­зал­тын зочин тодорхойлсон юм. Тод­руул­бал, Үндсэн хуулийг шинэчилж, өөрчлөн боловсруулснаар өнөөгийн тулгамдаад буй олон асуудлыг шийдэх шийдэл бий болно гэж тэрээр ярилаа. Энэ тухай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Монгол Улсын гарц өнөөдөр зайлшгүй яригдах ёстой сэдэв. Ний нуугүй хэлэхэд улс төр, нийгэм, эдийн засгийн мухардмал байдалд орчихсон. Үүнийг зөвхөн би биш нийт ард иргэдийн ярьж хэлж, судлаачдын судалж бичиж байгаагаас харагдаж байна. Энэ нь нэг талаас хүнд хэцүү байдалд байна гэсэн үг, нөгөө талаас үүнийг амжилттай давж чадвал харин ч эрчтэй, хурдтай хөгжих үүд хаалгыг нээх бололцоотой юм. Үүний тулд, өнөөгийн үйлчилж байгаа Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулж баталж хэрэгжүүлэх ажил чухал байна.

Дэлхийн туршлагаас харахад Үндсэн хууль дунджаар 18 жил насал­даг юм байна. Манайд бол Үндсэн хуулийн нас хэтрээд явж байна. Үндсэн хуульд хэзээ ч хүрч болохгүй гэсэн ойлгол­тоос салах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ бол ту­хайн ард түмний амьд­ралд тус болох бичиг баримт. Бас дээр нь Үнд­сэн хууль түүхийн бичиг баримт. Үндсэн хуульд "...Эрт эдүгээгийн түүхийн сургамжийг авч, өвөг дээдсийнхээ сургаалийг хүндэтгэж...” гэж гэсэн байдаг. Бидний хүссэн хүсээгүй бидний туулж ирсэн түүх түүнд суух ёстой. Мөн шашин судлалтай холбоотой олон асуудлыг тусгасан байдаг. Мөн социологи, хүний эрх, философийн асуудлууд ч бий. Мэдээж хэрэг Үндсэн хууль бол хууль эрх зүйн баримт бичиг. Үндсэн хуулиар бид тусгаар тогтносон улс гэж зарладаг. Төрийн байгууламжийн хувьд ямар вэ. Монгол Улс нэгдмэл гэж ярьдаг. Нийгмийн шударга ёсыг эрхэмлэгч бүгд найрамдах улс. Үндсэн хуулиар олгосон эрхээ хүн бүр мэдэх ёстой. Мэдэхгүй бол төр засгийн хүмүүст ашигтай. Эрхээ хамгаалж мэдэхгүй таныг яаж ч болно. Толгойг чинь эргүүлж, эрхийг чинь зөрчиж болно. Тиймээс Үндсэн хуулиа унших хэрэгтэй. Тэгвэл та бүхэн эрх ашгаа хамгаалж чадна, жинхэнэ бүгд найрамдах засаглалыг хэрэгжүүлж байгаа улс орны бүрэн эрхт гишүүн мөн гэж хэлж болно. Үндсэн хууль танд үйлчилнэ гэсэн үг. Үндсэн хуулийг бичсэнээр нь хэрэглэх ёстой. Заримдаа философийн юм уу хууль эрх зүйн маргаан байдаг. Үүний цаана ямар санаа байсан юм бол, Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед хүмүүс яаж маргалдсан юм бол, хоёр талаас санаа бодлоо яаж уралдуулсан юм бол. Тэр дундаас ойлгох хэрэгтэй” гэлээ.

Энэхүү уулзалт ярилц­лага асуулт, хариултаар үргэлжилж олон асуудалд санал бодлоо солилцсон юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

1 сэтгэгдэл