Өмнөх дөрвөн жилд хотын экс дарга Э.Бат-Үүлийн сонгуулийн гол мөрийн хөтөлбөр болох "Гэр хорооллыг орон сууцжуулах” хөтөлбөр нь 2013 оноос ажил хэрэг болж, сүр дуулиантай эхэлж байлаа. Гэвч уг ажил дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулах болоход цаасан дээрх мөрөөдөл хэвээр үлдсэн юм. Түүний сонгуулийн шоуны золиос болсон хэдэн зуун иргэн өнөөдөр орох оронгүй түрээсийн байр хэсч, хоног төөрүүлэн яваа. Үүгээр ч зогсохгүй гудамжинд гарсан иргэд ч байгаа юм. Дахин төлөвлөлтөд хамрагдаж орон гэрээ хүлээлгэж өгсөн зарим иргэд "гудамжны” тодотголтой болж шинэхэн байраа хүлээсээр жил жилийн нүүрийг үзэж сууна. Тэд ганц, нэгээрээ хөлөө хүрэх газар явсан ч тусыг эс олж хохирсон иргэд дуу хоолойгоо нэгтгэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байсныг та бүхэн санах биз ээ.
Нийслэлд өнөөдрийн байдлаар 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I,II бүсэд амьдарч байгаа өрхүүд орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалан байрны урьдчилгааны 30 хувийг орон сууцны сангаас өгөх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан.Түүнчлэн гэр хорооллын айлууд газар дээрээ амины орон сууц барих тохиолдолд ипотекийн зээлд хамруулахаар БХБЯ, Монголбанкны зүгээс хамтран ажлын хэсэг гарган судалж, дүгнэлтээ холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж байсан.
Эдгээр нь иргэдэд хэрэгцээтэй, боломжийн санаанууд боловч, ипотекийн зээлийн хөтөлбөр дээсэн дөрөөн дээр дөнгөн данган хэрэгжиж байгаа өнөөгийн нөхцөлд агаарын амлалт мэт л санагдаж байна. Өмнөх зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийн санхүүжилт хийгдэж, арилжааны банкууд зээлд хамрагдах иргэдийн өргөдөлд дарагдан, шинээр хүсэлт авахгүй байхад биелэгдэх нь бүрхэг шийдвэрүүд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ард түмнээс оноо авах гэсэн хоосон амлалт байв. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар одоогоор ямар нэгэн гарц олоогүй, ажлын хэсэг судлаад л байгаа гэсэн.
Зээлийн хүртээмж муу байхад "Амины орон сууц баривал зээлд хамруулна”, "Газрыг чинь барьцаалаад орон сууцны урьдчилгаа төлбөр төлж өгнө” гэх мэтчилэн аргаа барсан амлалтуудыг шийдвэр гаргагчид ярьсаар байна. "Хотын утааг бид зөвхөн өвөл биш жилийн дөрвөн улиралд ярьж, анхаарах хэрэгтэй. Утааг багасгах гол ажил нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Гэр Хорооллыг Хөгжүүлэх Санг байгуулснаас хойш 2000 гаруй иргэн хандсан байна. Бид үүнийг судлаад, банкуудтайгаа хамтран шийдэх болно” хэмээн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Ерөнхийлөгчийн сонгуулиар өргөдөл өгсөн хүмүүсээс сонгосон бололтой нэг эмэгтэйд урьдчилгааны төлбөрийн оронд газрыг нь авч байр өглөө хэмээн түлхүүр гардуулж байсан.
Нийслэл хотод эзэндээ очиход бэлэн болсон ч иргэд худалдан авах боломжгүйгээс борлуулагдаагүй байр олон бий. Гэр Хорооллыг Хөгжүүлэх Сан байгуулагдаж, иргэд урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр орон сууц худалдан авах боломжтой болсон гэж ярих боловч барилгын зах зээл, барилгын компаниуд ачир дээрээ биелэгдэх магадлал удаашралтайг хэлж байна.
Учир нь урьдчилгааны оронд үл хөдлөх хөрнгө болох газар авч байгаа нь ирээдүйд орон сууц барих газартай болж буй хэдий ч банкууд найман хувийн зээл гаргах эх үүсвэргүй. Ипотекийн зээлийн эргэн төлөлт эрсэлдэлтэй байгаа энэ үед дээрх шийдвэр хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Монголбанк, арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээр олгох ипотекийн зээлийн журмыг шинэчлэн батлахаар судалж байна. Одоо жилийн 15-20 хувийн хүүтэй олгодог энэхүү зээлийн хүүг шинэ журмаар хүүг нь буулгахаар зохицуулахгүй бол гэр хорооллын утаатай хэсгийн айлуудыг орон сууцжуулах хотын даргын шийдвэр цаасан дээр л үлдэх магадлалтайг барилгынхан хэлж байна. Монголбанк арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгодог зээлийн журмыг хэрхэн өөрчлөхөөс бас хамаарна.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
5 сэтгэгдэл