Их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байхыг шаардав
Өнгөрсөн долоо хоногт дуулдсан эхний сайн мэдээ нь Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамтай холбоотой байв. Тест задарсан хэргээр өмнөх сайдыгаа хусуулсан тус яамны шинэ сайдтай болоод тун удаагүй байгаа. Ажилтайгаа нухацтай гэгч нь танилцана хэмээн ханцуй шамласан шинэхэн сайд Г.Чулуунбаатар их, дээд сургуулиудын удирдлагуудад сургалтын төлбөр нэмэхгүй байх шаардлагыг хүргүүлсэн нь эдийн засгийн хүнд үед айл бүрийн нуруун дахь ачаанаас хөнгөлөсөн шийдвэр болсон юм. Өнөөгийн цаг үед оюутангүй аль өрх ховор. Сургалтын төлбөр нь эцэг, эхийнх нь хагас жилийн цалинтай тэнцэж байхад нэг ч гэсэн жил нэлээд хэдэн төгрөг нэмүү төлөхгүй байх нь хаана, хаанаа тустай баймаар.
2018 оны нэгдүгээр сараас тэтгэвэр нэмнэ
Өнгөрсөн долоо хоногт дуулгасан бас нэгэн сайхан мэдээ нь тэтгэврийг нэмэхээр болсон байв.Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ талаар "Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хорооноос 2018 оны нэгдүгээр сар гэхэд тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. Гэхдээ тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмнэ. Цаашид цалин нэмэх бодлогыг баримтлана. Өнөөдрийн байдлаар 186,100 төрийн албан хаагч төрд алба хааж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын Үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын хүрээнд 3.1 сая иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ гэдэг тооцоо судалгааг гаргана. Өнгөрсөн 27 жилийн турш энэ тооцоо алдагдсан. Тэгэхээр төр ямар ажлыг хийх вэ, ямар ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх вэ гэдгийг судалж үзэж байж, цалин нэмж худалдан авах чадварыг дээшлүүлнэ. Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэмэх боломж байхгүй. Гэхдээ бид цалинг нэмэх бодлогыг баримталж ажиллах болно” хэмээн мэдэгдсэн юм. Өдрөөс өдөрт барааны үнэ өсч, өмсөж зүүх эд юмс нь нэмэгдсээр байхад цалин, тэтгэвэр нэмнэ гэдэг яах аргагүй сайхан мэдээ. Хөгшид минь авдаг хэдээ нэмүүлнэ гэдэг амьдралынх нь том баталгаа болно шүү дээ.
Орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдана
Энэ мэдээллийн дараах нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бас нэгэн сайн мэдээ дуулгасан нь бохирдолтой орчинд амьдарч буй иргэдэд орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэн талаар байв. Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байгаа аж. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан "Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Эдгээрээс Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг дэвсгэр байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд С.Батболд зарлалаа. Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-р бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг бөгөөд энэ бүс нутагт байрлах Баянхошуу, МҮОНРТелевиз, 100 айл орчмын агаар дахь хүхрийн давхар исэл /SO2/ нарийн ширхэгт тоосонцор /PM2.5/-ын агууламжийн хэмжээ агаарын чанарын стандартаас 10-30 давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын голомтод орж байгаа аж.
Ийнхүү өнгөрсөн долоо хоног сайн мэдээнүүдээр дүүрэн байлаа. Ээлж дарааллан гарсан эдгээр мэдээнүүд хэрэгжээд эхэлбэл юутай сайхан. Харин цаг хугацааны хувьд ингэж таарав уу эсвэл албаар тааруулав уу. Ямартай ч иргэд сайн мэдээнүүд сонгуулийн шоу биш байгаасай хэмээн хүсч, хэрэгжих цаг хугацааг нь хуруу таран тоолсоор...
http://www.24tsag.mn/content/151420.shtml
Эх сурвалж: 24tsag.mn Б.Өрнөх
1 сэтгэгдэл