|

268 дугаар тогтоол ба “Шинхуа”-д өгөх эрх мэдэл!

Арваад жилийн турш хэвлэлийнхний анхаарлын төвд байж ирсэн сэдэв бол яах аргагүй Тавантолгой. Энэ орд газар бүтэн утгаараа хэзээ эдийн засгийн эргэлтэд орох вэ. Хэн гол хөдөлгөгч нь байх вэ гэдэг асуудал улстөрийн түвшний сэдэв байсаар олон жил өнгөрчээ. Зүй нь эдийн засгийн агуулгаа барьвал эргээд улс оронд өгөөж дагуулах ёстой юм. Сонгуулийн шуугианд Тавантолгойтой холбоотой мэдээлэл дарагдаад байсан. Тэгвэл Өмнөговиос УИХ-д сонгогдсон Л.Энхболд гишүүн  "Тавантолгойн гэрээний асуудлаар би салбарын сайдтай уулзаж, Ерөнхий сайдад асуулга хүртэл тавьж байлаа. Гэрээг Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгах тал дээр л Засгийн газар гол анхаарлаа хандуулах учиртай. Одоогоор "Шинхуа”-тай хийж байсан хэлэлцээр зогсчихсон байгаа. Тавантолгой өнөөдөр ч гэсэн улсдаа тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ үүнийг илүү үр ашигтай болгох ёстой. Үүний тулд төмөр зам болон бусад асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар гэрээг яригдаж эхлэнгүүт нь би хамтарч ажиллана гэдгээ илэрхийлчихсэн байгаа” хэмээн medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Сануулахад, сонгуулийн өмнө буюу 4 дүгээр сард ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид БНХАУ-ын "Шинхуа” группийн дэд ерөнхийлөгч Ли Донгтой уулзаж, тус группийн үйл ажиллагаатай танилцсан байдаг. Тавантолгой төсөл дээр орж ирэх гэж сүүлийн хэдэн жил нэр нь яригдаж буй тус компанитай Ж.Мөнхбат дарга ойртож танилцсан нь анхаарал татаж байсан. Сангийн сайд лав энэ онд Тавантолгой төслийг эргэлтэд оруулахгүй гэсэн ч, олон жил яригдаж буй энэ төслийг гараанаас гаргах цаг болсон, дэлхийн зах зээл дээр ч нүүрсний үнэ өсөх прогнозтой байна гэж шинжээчид хэлцгээж буй энэ үед  төслийн эрх мэдлийг хэрхэн яаж хуваарилах вэ гэдэг асуудал мэдээж анхаарлын гадаа байх учиргүй. Төслийн галт тэрэг хөдлөхгүй олон жил саатаж байгаатай зэрэгцэн нүүрс үнс болох гэж байхад Тавантолгойгоо гацаалаа гэх шүүмж дагасаар байсныг хэлэх хэрэгтэй. За харин З.Энхболд энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ  "Баабар нүүрс үнс боллоо гээд хүмүүсийн толгой эргүүлээд худлаа бичээд байгаа юм. Нүүрсийг чинь анх Хубилай хааны үеэс Бээжингийн ойролцоо олборлож эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш нүүрсний хэрэглээ одоо хүртэл байж л байна. Тавантолгойн нүүрс бол эрчим хүчний хүрэн нүүрс биш ган үйлдвэрлэдэг дээд зэргийн нүүрс. Тэгээд хамгийн хямдхан зардлаар олборлож болдог, далд биш ил уурхай учраас ач холбогдолтой байгаа юм. Ган үйлдвэрлэхэд коксжих нүүрснээс өөрөөр хямдхан түүхий эдийг хүн төрөлхтөн бодож олоогүй байгаа цагт Тавантолгойн нүүрс үнс болохгүй ээ. Үндсэн хуулийн 6.1-д "байгалийн баялаг бол ард түмний өмч гээд биччихсэн байгаа. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсийг байгаль өөрөө бүтээсэн юм. "Эм Си Эс” ч юм уу, Ж.Оджаргал бүтээгээгүй. Ж.Оджаргал сандал үйлдвэрлэж болно. Ширээ хийж болно. Кола үйлдвэрлэж болно. Түүнийгээ дуртай үнээрээ зарах эрхтэй. Түүнтэй хэн ч маргахгүй. Тавантолгойн нүүрсийг тэр бүтээгээгүй болохоор ард түмний өмчийг би яагаад Оджаргалд үнэгүй өгөх ёстой юм бэ. Дээр нь миний 1072 ширхэг хувьцаа байж байна. Надтай адилхан хувьцаа эзэмшигч хоёр сая хүний өмчийг УИХ хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ.” хэмээн хэлж байсан.

Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн  "Хятадын Шинхуа,Японы Сүмитомо,Монголын Энержи-Ресурстай явуулж буй хэлэлцээр засгийн газрын 268-р тогтоол дээр үндэслэгдэж байгаа юм билээ. Засгийн газрын 268-р тогтоолын гол агуулга нь орд газрыг өмчлөхгүй, тодорхой хэлцлийн дагуу худалдахгүйгээр бусдад ашиглуулах. Өөрөөр хэлбэл, яг энэ агуулгаар яриа хэлэлцээрүүд явагдаж, 268-р тогтоол гол эрхзүйн үндэслэл нь болж байгаа гэсэн үг. Тогтоолын дагуу тусгай зөвшөөрлөө зарахгүй. Гэхдээ Тавантолгойн 49 хувийг Шэнхуад бүрэн ашиглуулна гэдгийг илтгэж байгаа юм. Үндсэндээ Тавантолгойн гэрээ луйврын шинж рүү орсон гэж болно. Нэгэнт ухаж аваад, бүрэн ашиглах эрхийг нь олгочихсон хойно тусгай зөвшөөрөл төрд байх ямар ч шаардлагагүй. Харин ч нөхөн сэргээх тэр их зардал нь төрд үлдэж, баялаг нь бүгд гадагшаа явна. Дээр нь нэмээд үлдсэн 51 хувийг нь бас бүрэн ашиглуулах гэсэн утгатай тогтоол дээр үндэслэгдэж гэрээ, хэлэлцээрүүд явагдаж байгаа нь харамсалтай байгаа юм. Тиймээс энэ асуудалд хэвлэл мэдээллийхний нүд чих сэргэг байж, мэдээллийг ил тод дамжуулан, УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудыг цаашид анхаарах шаардлагатай байна. Сая ингэж ажилласны үд дүнд Тавантолгойн гэрээ хэлцэл нэг удаадаа шууд зурагдахгүй, зогслоо гэсэн ойлголттой байна. Гэхдээ хэлэлцээр цаашид ийм байдлаар үргэлжлэх эрхзүйн үндэслэлтэй байгаа юм. Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай сайн хийе гэж байгаа бол засгийн газрын 268-р тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Чиг үүргийнхээ дагуу засгийн газар энэ тогтоолыг хүчингүй болгоод явах бүрэн эрхтэй. Яагаад гэхээр, энэ тогтоол өөрөө өмнөх засгийн газарт хамаарч байгаа. Гэтэл шинэ засгийн газар бүрдэж, улстөрийн өндөр хариуцлага үүрэн ажиллаж байгаа мөртлөө өмнөх засгийн газрын алдаатай тогтоолыг үргэлжлүүлж болохгүй. Сонгуулиар ард иргэд МАН-д итгэлээ өгөхдөө өмнөх булхай луйврыг таслах зогсоох, тодорхой хариуцлага хүлээлгэх даалгавар өгсөн. Гэтэл засгийн газар заавал яагаад өмнөх алдаатай тогтоол дээр үндэслэж, Тавантолгойн хэлэлцээрийг хийх гээд байгаа юм. Яг энэ тогтоол дээр үндэслээд Тавантолгойн хэлэлцээр явчих юм бол эргээд хэн хариуцлага хүлээх бэ. Тийм учраас засгийн газар өөрсдөө хариуцлага үүрэх хэмжээний, буух эзэнтэй, буцах хаягтай шинэ эрхзүйн үндсээ бий болгоод шийдвэрээ гаргаад явах учиртай. Эрхзүйн үндэслэлээ шинэчилснээр яриа хэлэлцээрүүд тодорхой хувилбаруудтай явах боломжийг бүрдэнэ. Ингэж боловсруулагсан гэрээгээ УИХ дээр нээлттэй хэлэлцэж, эцсийн байдлаар батлаад явахад хэрэгтэй.” гэж байсан юм.

Энэ бол  өмнөх засгийн үед үйлдэгдсэн 268 дугаар тогтоолын тухай асуудал  юм.  Хөрөнгө оруулах сонирхол нь хэвээр үлдсэн цөөн талуудын шахалт маягийн хандлага мэдрэгдсэн, сонирхолтой гэмээр нөхцөл байдалтай байх үед  Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 20-нд  268 дугаар тогтоолыг үйлдсэн байдаг. Гэхдээ өнөөгийн бодит нөхцөл байдал эргээд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуултыг тавихад хүргэж байгаа юм.

Эх сурвалж: Э.Болор, Hunnu.mn

1 сэтгэгдэл