|

Хар түүх давтагдах гэж байна гэв


Хар түүх давтагдах гэж байна гэв

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг төр засгийн түвшинд ихээхэн идэвхтэй ярьж, ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж буй. Тэгвэл Ардчилсан намаас дараах мэдэгдлийг гаргажээ.

"Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ.

Ингэхдээ эрх баригч Монгол ардын намаас өгсөн захиалгын дагуу хатуу тогтоосон зургаан сэдвийн хүрээнд "Зөвлөлдөх санал асуулга" гээчийг зохион байгуулж "Ард нийтийн санал асуулга" явуулахгүйгээр өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулахаар санаархаж байгааг сөрөг хүчин болон олон түмний зүгээс эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хууль улс орон, ард түмний эрх ашиг,тусгаар тогтнол, үнэт зүйл, үг хэлэх эрх, эрх чөлөөний хана хэрэм, төрийн эрх мэдлийн тэнцвэр юм. Үүнийг нурааж, эвдлэх, дураараа өөрчлөх эрх нэг намд, цаашилбал тэрхүү нам доторхи хэсэг бүлэг хүмүүст байхгүй билээ.

Өнөөгийн эрх баригч хүчин олонхи байхдаа буюу 2000 онд Эцэг хуульдаа долоон өөрчлөлт оруулсан нь "Дордохын долоон өөрчлөлт" хэмээн Монголын улс төр, нийгмийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн. Өнөөдөр энэ түүх давтагдах гэж буйд Ардчилсан нам, Ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн зуу зуун мянган гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс эрх баригчдад дараах шаардлагуудыг тавьж байна.

Үүнд:

Нэгдүгээрт, Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжаалж, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцож, энэхүү асуудлыг ард түмэнд нээлттэй ил тод мэдээлж, ёс зүйн болон эрх зүйн чадамжтай парламентын бүрэлдэхүүнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх;

Хоёрдугаарт, Гадаад дахь оффшор дансанд буй их хэмжээний мөнгөний асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн эх оронд нь буцаан авчирч, оффшор данс эзэмшигчдийг нэрсийг ил тод зарлах;

Гуравдугаарт, 2000 оны "Дордуулахын долоон өөрчлөлт"-өө засч залруулах;

Дөрөвдүгээрт, "Ард нийтийн санал асуулга" явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэсэг бүлэг хүмүүсийн бус ард түмний эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг шаардаж байна” гэсэн байна.

1 сэтгэгдэл