"Сум нь түргэний тэрэггүй хэрнээ түрүүлсэн бөхдөө жийп машин өгөхийг монгол наадам гэнэ” хэмээн егөөдөн бичсэнийг та фэйсбүүкээс харсан байх. Бага зэрэг хэтрүүлэгтэй л болохоос үнэн л дээ. Ер нь долдугаар сар монголчуудын хувьд бүхэлдээ амралт зугаалга, найр наадмын үе гэж болно. 9, 10-наас эхэлсэн наадам улс, бүс, аймаг, сум, баг дамжсаар сүүлдээ овооны наадам гээд үргэлжилж өгнө. Энэ үед ямар нэгэн ажил хөөцөлдөж, амжуу лах талаар санасны ч хэрэггүй.
Мэдээж эртний сайхан уламж лал болохоор найр наадмаа хийлгүй яахав. Гэхдээ монголчуудын наадам арай л дэндүү сунжирдаг боллоо. Энэ тухай олон жил хөндөгддөг ч байдал огт дээрдсэнгүй. Уг нь өмнөх засгийн үед замбараагүй урт үргэлжилдэг наадмуудаа цэгцлэхийн тулд долдугаар сарын 20-ноос хойш улс даяар нэг ч наадам хийж болохгүй гэсэн лүндэн буулгаж байв. Гэвч өнөөх нь ажил хэрэг бололгүй замхарсан удаатай.
Олон өдөр дамнан үргэлжилдэг замбараагүй байдлыг хязгаарламаар байна
Энэ жил ч яахав найр наадам шувтрах тийшээ хандлаа. Гэхдээ л тов нь тогтсон хуваарьт наадам өчнөөн байна. Тухайлбал, гурван аймаг, 19 сум наадмаа хараахан хийгээгүй байгаа аж. Хамгийн сүүлд Баянхонгорын Эрдэнэцогт сум наймдугаар сарын 4-5-нд наадмаа хийх хуваарь харагдана. Ингээд нэг юм наадам дууслаа гэж бодож байгаа бол эндүүрэл. Цаана нь даншиг гэж өөр нэг айхтар том наадам бий. Одоогоор даншиг наадам зохион байгуулах шийдвэр хараахан гараагүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хэрэв хийхээр бол наймдугаар сарын 5-6 гэсэн урьдчилсан тов байгаа аж.
Э.Бат-Үүлийн баг 2012-2016 онд нийслэлийг удирдахдаа маш сайн ажиллаж, өндөр жишиг тогтоож өгсөн хэмээн иргэд ам сайтай байдаг. Гэхдээ энэ үед гаргасан дэмий шийдвэрүүдийн нэг нь энэхүү даншиг наадам юм. Угаас төрт ёсны баяр наадмаа долдугаар сарын 11, 12-нд хийж байхад дараа сард нь 200 гаруй сая төгрөгөөр дахин наадах ямар шаардлагатай юм бол. Хотын удирдлагууд тухайн үед энэхүү наадмыг жуулчид татах томоохон арга хэмжээ хэмээн тодотгож, наадам үзэхээр ирсэн гаднын аялагчдаас зардлаа нөхөх боломжтой гэж мэдэгдэж байв. Гэвч энэ нь бодит байдал дээр биелээгүй. Харин ч их хэмжээний алдагдал хүлээгээд өнгөрсөн гэдэг.
Зүгээр ч нэг наадам хийгээд өнгөрөх биш, хажуугаар нь бөхийн цол олгож байгаа нь бүр ч замбараагүй байдалд хүргэсэн. Уг нь хуульд зөвхөн үндэсний их баяр наадмаар, Ерөнхийлөгчийн зарлигаар цол өгнө гэсэн заалттай. Гэтэл хотын хэдэн дарга ярьж байгаад даншиг наадам хийхээр тогтож, даншгийн начин, заан, арслан цол өгч байгаа нь хэр зохимжтой бол. Сүүлдээ өнөөх олон цол дунд нь толгой эргэх шинжтэй. Даншигт барилдах бөхчүүдэд улсын цол хамаардаггүй болохоор дархан аварга Б.Бат- Эрдэнэ зодоглосон ч даншгийн начин бөхөд амлуулна гэсэн үг. Ийм нэг утгагүй наадам хийдэг болоод гурав дахь жилтэйгээ золгох гэж байна.
Монголчууд эртнээс даншиг наадам хийж ирсэн болохоор эргэн сэргээхэд буруу юу байхав гэсэн бодолтой нэгэн байж магадгүй. Даншиг наадам хийж байсан түүх бий гэдэг нь үнэн. Гэхдээ хэнд зориулан зохиож байсныг нь ухаад үзвэл арай өөр дүр зураг харагдана. Түүх сөхвөл анх 1639 оноос даншиг наадам хийж эхэлжээ. Тэр жил Занабазарыг халхын шашны тэргүүнээр өргөмжилж, наадам зохиосон юм. Харин хамгийн том даншиг наадам 1696 онд Долооннуурт болсон гэж тэмдэглэгдэн үлджээ.
Халх түмэн Манжид дагаар орж, Манжийн хаанд даншиг өргөн наадсан гэсэн үг. Нэг их бахархаад байхааргүй түүх байгаа биз уг нь. Улмаар энэхүү наадам 1911 он буюу монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулах хүртэл зохиогджээ. Харин Богд Жавзандамба хутагт хаан ширээнд суусан даруйд даншиг наадмыг хориглож байв. Нэг ёсондоо Манжийн хаанд зориулсан наадмыг туурга тусгаар Монгол Улс хийхгүй гэж шийдсэн хэрэг. Ийм илэрхий түүх байхад бид заавал эргэн сэргээж, хэдэн зуун сая төгрөг зарлагадан байж наадам хийх шаардлага байна уу. Энэ улс оронд найр наадам ихэдсэн үү гэхээс багадаагүй байлтай. "Навч шарлавал намаршина, наадам ихэдвэл хэрэлдэнэ” гэж монголчууд ярьдаг. Энэ үг өнөөгийн биднийг л хэлээд байгаа мэт.
Сунжирсан их баяр наадам бидэнд юу авчрах вэ. Хэдэн өдөр дараалсан архидалт, эцэст нь бөөн бөөн хог л үлдэх байх. Аягүйтвэл наадамлах гэж очсон хүмүүсийн нэг нь гал алдаж, түймэр дэгдээн гамшиг нүүрлэхийг ч үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь арын албаны ажил цалгардаад байдаг нь шилээ даран зохиогддог олон наадмыг ад үзэх шалтгаан болсон юм.
- Хууль дүрмийнхээ дагуу аймаг, сумдын наадам долдугаар сарын 10, 11-нд, улсын наадам 11-12-нд болоод өндөрлөх ёстой.
- Долдугаар сарын 9, 10- наас эхэлсэн наадам улс, бүс, аймаг, сум, баг дамжсаар сүүлдээ овооны наадам гээд үргэлжилдэг.
- "Навч шарлавал намаршина, наадам ихэдвэл хэрэлдэнэ” гэж монголчууд ярьдаг.
Аялал зугаалгын үе их хуурайшилтай давхацсаны улмаас түймэр энд тэндгүй гарсаар байна. Нэгийг нь арай ядан унтраах ч араас нь дахиад л залгана. Улсын хэмжээнд асч байсан 12 түймрийн ихэнхийг цурманд оруулсан гэсэн сайн мэдээ сонсогдоно. Гэхдээ Сэлэнгэ аймагт хоёр түймэр аюул дэгдээсэн хэвээр. Хэрэв бороо хур олигтой орохгүй, их хуурайшилтай байвал түймэр дахиад л дэгдэх магадлал тун өндөр. Тиймээс хотын дарга өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалахыг хориглосон.
Хадлан бэлдэх ёстой улс нь наадам хэсээд явчихвал эцэст нь юу болох вэ
Энэ жил ихэнх нутгаар гандуу байгаа болохоор хадлан, тэжээлийн гарц муу байгаа сурагтай. Тиймээс өмнө бэлтгэсэн болон цаашид бэлтгэх хадлан, тэжээлээ экспортлохыг хориглох шийдвэрийг засаг төрөөс гаргаад буй. Энэ бол ирэх өвөл малчдад хүндхэн байхыг сануулсан дохио. Хадлангаа базааж чадахгүй бол хэдэн мал маань өвөл юугаа идэх билээ. Гэвч хадлан бэлдэх ёстой улс нь наадам хэсэж наргиад явчихвал эцэст нь юу болохыг таахад тийм ч хэцүү биш.
Дахин хэлэхэд, монгол төрийн уламжлалт баяр наадмаа үгүйсгэх гэсэнгүй. Харин олон өдөр дамнан үргэлжилдэг замбараагүй байдлыг л хязгаарламаар байна. Уг нь хууль дүрмийнхээ дагуу аймаг, сумдын наадам долдугаар сарын 10, 11-нд, улсын наадам 11-12-нд болоод өндөрлөх ёстой.
Энэ нарийн заасан хуулиа баримтлахад хүндрэлтэй байгаа бол долдугаар сарын 15 гэхэд бүх наадмаа хийж дуусгадаг болмоор. Гэтэл өдгөө долдугаар сарын 4-нд нэг сум наадмаа хийж байхад үүнээс сарын дараа өөр сум наадамлах жишээтэй. Дээрээс нь нийслэлийн удирдлагууд наймдугаар сар гарахаар даншиг гэдэг том наадам хийхээр бүр ч замбараагаа алдаад байгаа юм. Тиймээс ирэх жилүүдэд найр наадмаа эртхэн дуусгаж, дараагийн ажилдаа шамдсан нь дээрсэн. Зуны сар зургаа биш л байлтай.
http://news.gogo.mn/r/211788
0 сэтгэгдэл