-ИМПРЕССИОНИСТ ЭСЭЭ-БОДРОЛ-
Болор цом”-ын эзэн Д.Урианхайн нэгэн шинэ эсээг хүргэж байна.
Борголын (кофе) аяганы дийз шиг дув дугаригхан... жижигхэн... хангал догшдоо урин дуудаж буй гүртэнгийн мутар дахь дэншиг шиг төмөр ч гэмээр, диц ч гэмээр, лав миний нүд зааглаж үл чадах, хүүхдийн тоглоомын дунгуй шиг хөөрхөн, нимгэхэн, дугуйхан пянз алгуурхан эргэнэ.
Богд Дүнжингаравын хярын цасанд өглөөний нар халтирахдаа халтиран, тогтохдоо тогтон шаргалтах шиг, нэгэн харахуйяа, шаргалтан алтарч, нэгэн харахуйяа, мөнгөрөн цайрч тодхон тодхон нар зөв тойрог татан эргэлдэнэ.
Өрөөгөөр дүүрэн нам гүм асгарна.
Чагнахул, уулс, толгодын сүүдэр хүүшлэх эзгүй хээр талаар нэгэн морьтон морины туурайгаар сүүдрийн сэжүүр гишгүүлэн таваргана.
Цээжин чинадад халуун уйтай, нүүдэлчдийн амьдрах уудам их талаар өндөр, нам бараан үүлс уйтгарлангуй алгуураар нүүх ч шиг, эсвэл, морьтны өөрийн нь дөрөөнд дарцагласан биеийн нь сүүдэр амгаланаа дүнсийх эзгүй хээрийн өндөр, нам уулсын сүүдэртэй сүлэлдээд голын тохой руу хүүшлэн одох ч шиг!
Санаа алдмаар... удаан... удаан санаа алдмаар санагдана...
Чагнана...
Юу юугүй цээжин аглагт зөндөө зөндөө энхрий үгс нэг нэгнийхээ урдуур дайран "сахилгагүйтэж”, нэг нэгэнтэйгээ ханьсан тэврэлдэж, чанга чангаар "хашгичин” хөөцөлдөнө...
Дахиад л, халуунаа... халуунаа... жигтэй халуунаа сүүрс алдам нам гүм!
Барьц алдмаар, айхдаа, хаашаа ч хамаагүй, юу руу ч хамаагүй, шурхийн шургамаар, эсвэл, бүгдийг ор тас мартмаар... ижийгээ ч, Бурханыг ч, өвөрт нь төрсөн уулаа ч мартмаар, өөрөө өөртөө гүнээ живээд өөрийгөө ч мартмаар, хагацахын аргагүй, хамт удахын ч аргагүй нам гүм, тэгэхдээ, чагнахуйяа чих үл тэсэм "тэсрэлттэй”, хэзээ ч үл ойлгом, үл алдам эгшиглэнтэй адын нам гүм!
Пянз эргэнэ...
"Хүрэн толгой”-н сүүдэр хүүшилнэ.
Жигтэй нам гүм...
Жигтэй чимээтэй, энхэр дотно "шивнээ”, жигтэй ажин түжин, жигтэй "буцламгай” гуниг бороошсон "хашгираа”-ны цуурайтай үнсэлцэх ямар сайхан "амттай” юм бэ? гэж бодогдон биеийн хаа нэгтээгээс инээд түрнэ.
Инээд!..
Инээдний "ганцаардал”
Инээдний ганцаардал тоолшгүй нөр он жилүүдийн тэртээх Монголын их говьд элс, хайрга тэнгэрт цацан хатиралдаж асан орогшин хул тахийн сүргийг нүдний өмнүүр хатируулан жирэлзүүлж, сэтгэлийн гүн дотор түмэн хүслэнт "Майдарын ногоон морь”-ны туурайн төвөргөөнийг ч тодхоноо бүтээн сонсгоно...
Инээдний "ганцаардал”-ын нам гүмд үг... үгс бүтнэ.
<<Ганцаардахуй, - "Хүрэн толгойн сүүдэр”-ийн хүүшийг өвөртлөхүй;
Гуниглахуй, - "Хүрэн толгойн сүүдэр”-ийн уртыг туулахуй;
Амьдрахуй, - "Хүрэн толгойн сүүдэр”-ийн гэгээтэй амраглахуй
Егүүдэхүй, -”Хүрэн толгойн сүүдэр”-ийн мөнхгүйд мөнх улалзахуй!..>>
Пянз эргэнэ...
Сэтгэл үгэнд итгэнэ...
Үгс... эгшиг аялгуу... нар... сүүдэр... толгод... голын тохой... тал хөндий... хэдэн хар шувуу... хэдэн хайлаас... адуу мал... давхиж яваа морьтой хүн... хүнээ санасан хүн...!
Хүйтэн өдрөө хүйтэн, халуун өдрөө халуун Дэлхийдээ амьдарсан түүхэндээ үхсэн нь даанч олон, амьд нь даанч цөөн үлдсэн Хүн төрөлхтөнд даанч тоомжиргүй эргэсэн цаг хугацаатай мөчөөрхөлцөж мөнхрөлийг олтлоо амсхийлгүй тэмцсэн амьдралдаа хүнээрээ л дандаа дутсан Хүн!
<<Хүрэн толгойн сүүдэр
Хөндийгөө дүүрээд хүүшилнэ.
Хүний жаахан чамдаа
Сэтгэл юундаа даслаа даа!..>>
Хөөрхий, Хүнээ санаад, хүлгийн зоонд босон дөрөөнд жийсэн хүнийхээ дуунд хүний сэтгэл нэвт "бороошин”, хэм хэвээ алдан "давалгаална”.
Айраг залгилмаар санагдана.
Үхтлээ согтмоор... ангир шувуунд хувилаад бүлээхэн, дулаахан устай нуурын эргүүлгэнд намрын сүүлчийн навчистай хөвөн ганганамаар, юухан нэгэнд ч хамаагүй хоргодон ганганасаар мөсөнд хучигдаад үлдмээр ч бодогдоод, сэтгэл гунигшингуйяа "дэвэлзэнэ”...
Ертөнцөд хамгийн өрөвдмөөр юм, -Хүнээ үгүйлэх хүний сэтгэл... хүнээрээ л дутах хүний гачигдал, зовлон шиг санагдаад, тэсгэлгүй, цээжний аглагаар нулимс шүүрэн "шуургална”!
Юм бүгдийг уйлан тэвэрмээр... юм бүгдийг уйлуулан тэврүүлмээр... тэгээд, юу ч хэлэлгүй, юу ч дуугаралгүй удаан уйлмаар санагдуулсан "салхи” хавирга "түлхэн” хөдлөөд, биеийн чинадад хаа нэгтээ ямар нэг "халуун юм” хачин чанга уулга алдтал халуу дүүгүүлнэ...
Пянз эргэнэ...
Хүрмэн хүрэн чулуудтай, намхан намжаа толгодоос сүүдэр хүүшлэн уртасна...
Сүүдэр нүүдэллэх нь, хонон өнжин шиврэх зүсэр борооны түрүүч дайран ирэх шиг хөндий дүүрээд, "урсан-тогтон”, "тогтон-урсан” урссаар орхих толгод, тохойноосоо зориглон холдохоор яарах ч шиг, "Хоргодохуйн татах хүч”-нд дийлэгдээд хөдөлж эс чадах ч шиг, "тогтон-урсан”, "урсан- тогтон” хөдлөх ч шиг, чингээд мөнөө "Хүрэн толгойн сүүдэр”-ийг гуниглал, хөлчүүрэл, "үгүйлэхүйн халуун ган” нэгдэн сүлэлдсэн гангийн аагим улаан салхи болгон "хавсаргалуулж” сэтгэлийн хөгийг уруу татан "хөөрөгдөнө”.
Хүний үр хүнийхээ үрийг санан ганирахын "элгэн халуун там "Хүрэн толгойн сүүдэр”-ээс хэт цахин, нүүдэлчдийн "чулуун тулга”-нд улалзах аргалын гал мэт улас-улас асан өндөлзөж, "Монголын үзэсгэлэнт гоо” эхнэрүүдийн нэрдэг догшин, тунгалаг, хатуу охь шиг дотор биеийг илчээн цоргисон нөл халуун арз нэрж сэтгэлийн мэлмий рүү сүрчинэ.
Толгойтой үсний үзүүрээс гар, хөлийн хумсны үзүүр хүртэл халуунаа хөлчин, "Учрахуй... Үл хагацахуй”-н мөрөөдлөөр амьдын "зүүд” хийгээд "үнэн”-ийг нийтгэнэ...
Нүдээр нулимс "үерлэнэ”...
Пянз эргэнэ...
II
Пянз эргэнэ...
"Аараг толгойн сүүдэр
Араа дүүрээд хүүшилнэ...
Амраг жаахан чамдаа
Сэтгэл юундаа даслаа даа!..”
Аараг намхан толгодын сүүдэр ар хөвчийн хөглөгөр их уулс, нуга тохойн эзгүйг эзлэн хүүшилнэ...
Анир гүм, аглаг дүнсгэр хээр талаар морьтон эр дөрөөнд жийн, аргил цээлхэн хоолойгоор хайртай нэгнээ санасан халуун хөлчингө, "ханьсах-өнчрөх”-ийн зовлонт залуу зандан биеийнхээ "дотоод чинад” руу, магадгүй, газрын чулуулаг "заараг” руу огторгуйн "хүлцэнгүй”, "дүлий”-г гүнээ доргион дэлдэх эгшиг хөгөөрөө "шурган” хүүрнэж, толгод толгодыг өндөлзүүлэн таваргана...
Тоос босно...
Замын зажуур бутнаас сүрэг бор шувуу дэргэн ниснэ...
Дуу толгодын сүүдэр сүлнэ...
Сонсон сонсохуйяа, хөхүүр рүү очмоор... айраг залгилмаар... хэн нэгний энхрий цээж түшээд асгартал уйлмаар адгана...
Хүний үр хүний үрд яасхийн ээнэгшихээрээ ийн элэг сэтгэл хайлтал... эсвэл урагдтал, идэр эрмэг биеэ тогтоон барих тэнхлээ алдтал, эрэвгэр хурдан шаргадаа эмээлээ тохохдоо ч эдлэхээ цөөлдөг жийжүү дөрөөнийхөө эр хар сурыг тасартал жийн босоход тултал ганьхардаг юм бол доо, хөөрхий?!
Хүний үр хүний үрээ яаж хайрлаж, яаж хүсэн "тарчлах”-аараа ийн тэвчээр алдуурч уулсын өндөр, усны холыг унаганыхаа зэлнээс холгүйд бодож чаддаг, эзгүй хээрээр ийн хань хийн эрдүү хорвоогийн бардуу хясал, ахуй амьдралынхаа "санаандгүй”-н үл харагдах огтроо нугачааг сэтгэлдээ эерүүлж чаддаг юм бол доо?
Хачин удаан мэлмэрүүлмээр... хавчиг, торхонд хоног сараар иссэн тараг, бэсрэгийг харзны усаар нэрээд "хав дарчихсан” сархдаас хул хулаар залгилмаар... хаашаа ч хамаагүй... хаа нэг тийшээ шувуу даган хөлөө сөхөртөл гүймээр хөлсөн, цус догшноо исэн шуугина...
Пянз эргэнэ...
III
Пянз эргэнэ...
Пянзнаас эгшиглэх нүүдэлчдийн дууны үг, аялгуу сэтгэлийг ч, бас, хүний биед буй бүгдийг ч "бороошуулж”, "салхилуулж”, тэнгэрийн "үл төгсөхүй”-д барилдуулна...
Нүүдэлчдийн "үл тайлагдах” нууцат совин билиг, "үл тайлбарлагдах” ховс, зөнт эгшиг аялгуу ийн ертөнцийн халууны туйл- сэтгэлийн "тооно”-нд голлоно...
"Нуур аа чи, хөлдөх гээд байна уу даа, ай хө,
Нугас болоод галууд хөөрхий болно шүү дээ,
Нууцхан ханилсан чи бидэн хоёр
Аргагүй чиг амраг мөнөөсөө мөн шүү дээ!
Аюул чиг аюулаас айсангүй дээ, ай хө,
Аашны чинь хөөрхөнд аргагүй даслаа даа,
Асгаруулан, мэлмэрүүлэн уйлаад ч яахав дээ,
Амьд болоод мэнд л явбал уулзана шүү дээ, хонгор минь!..”
Сонсохуйяа, ойлгон ухахуйяа, хамаг л эдэс, эрхтэн цогцос "тулгуур”-аа алдан гуйвна...
Яах ийхийн зуургүй, сэтгэлийн жин ч тогтвороо... хүндийн төвөө... тэнцвэрийн тэгш хэмээ "булгин тангарч”, Дэлхийн жинд татагдан нийлчих ч шиг нэг хүндрэн, тэгснээ салаад нисчих шиг ч нэг хөнгөрөн, тэнгэр огторгуйн салхинд ороогдон нэгдчих ч шиг нэг юүлэгдэж, нэг дүүрэн хальж, хэмжээ, туйлаа хязгааргүй тэлэн түлхэнэ...
"Байгаа”, "Байхгүй” хоёуланг томон үнэмшүүлнэ...
Сэтгэлийн хөвч яах ийхийн зуургүй илэг, торго болтлоо нимгэрч, элдүүр ханан зөөлөрсөн сур шиг чивчрэн зангилагдахдаа зангилагдаж, элрэн сулрахдаа сулран, эрэг хаднаасаа цоройн хүрхрэх далайн давалгааны хуй шиг эрчлэгдэхдээ эрчлэгдэнэ.
Буух газраа сонгоогүй ч огторгуйн цээлд нисэж нисэж салхинд алгадуулаад, агаарт жий-в, жий-в жиргэн жиргэн савчивч аргагүй хүчгүйдэн хаа нэгтээ бууж газраар дэгдэс-дэгдэс гүйх болжмор шиг, хаа нэг газраа "үнсэн”, газраа тэврэн шургачих тохиол нүүрлэв ч тэнгэрт нисэхгүйгээр тэсэж огт эс чадна...
Амьдралд хясал шиг... айдас шиг... бэрхшээл зовлон шиг өчүүхэн нь огт байдаггүйг гэгээрэн, золтой л эс инээдэндээ "хахна”...
Айдас... гамшиг... аюул... үхэл... мөнх бусад нь ч үнэхээр "нохой бөөс”-нөөс шальгүй нь илт мэдрэгдэнэ...
Баярлангуйяа бодлогоширно...
"Өчүүхэн бүгдийг байр байранд нь цаг ямагт байлгахын тулд, өчүүхнийг мэдүүлж "инээдэм” болгож элэглэхийн тулд хүмүүн бид цаг ямагт бие биеэ аугаа хайраар хайрлах хэрэгтэй! Бие биеэ... бусдыг... юм бүгдийг... ертөнцийг иж бүхэлд нь хайрлах! Гагцхүү... гагцхүү хайрлах!” гэж бодогдоно...
Пянз эргэнэ...
"Мэлмэрүүлэн чиг уйлаад яахав дээ,
Мэнд болоод амар чиг суувал уулзана шүү дээ, үр минь!”...
Аялгуу цээжний "огторгуй”-г зөөлхөн зөөлхнөө доргион доргиосоор, зүлгээс сэвэлзэх сэвшээ шиг илэн илсээр чинадын чинад руу нэвтэрч, цээжин далдын зай завсрыг нэгжин тархсаар бүгдийг эзлэн шургана.
Тэнд, цээжин гүнд халуунаа даргилах "зай”-д яг л нэг энхрийгээс энхрий, дотноос дотно амьд амьтан, өр зүрхнээс "өмрөөд” эргэн "гагнагдсан” нэг "үйлтэй амьтан” зүүднээсээ сэрээд яаран өндийх шиг адгангүй адгангүй хөдөлнө...
Жигтэй соргогоор сэрвэлзэнэ...
Өмнөд мөсөн тивийг ч үмх шар тос шиг хайлуулчихаар час халуун, "час улаан” сүүрс хамаг эсээр "уугиулна”.
Яасан юм, бүү мэд, сэтгэл бодлыг тэсгэлгүй "өвтгөнө”...
Асгартал... мэлмэртэл... цээжээ эгштэл уйлмаар байж ядуулна...
Тэснэ...
"Үнэний өмнө тэсэх хэрэгтэй!” гэж өөрийгөө ятгана...
Үнэнхээр л, "Амьд болоод мэнд явбал уулзана шүү дээ, үр минь!” гэж бодно...
Бодлоо хатуулаад хатуулаад, сэтгэлээ ч, биеэ ч захирч эс дийлнэ...
Мэлмэртэл... асгартал... ганцаар уйлна...
Хацар руу, энгэр рүү, эр чийрэг хэнхдэг рүү уруудах нулимсны дусал бүр жижигхэн жижигхэн, бөмбөгөн бөмбөгөн улаан оч болж өнхрөн гулсах агаад амьсгал давхцуулсан нэгэн түрмэг, шуурмаг бодлыг хашгичуулан хашгичуулан цуурайтуулах нь, "Амьд, өчүүхэн” юуг ч, хэнийг ч агууд дэвшүүлдэг "Эзэн-хүч” бол Сэтгэл! "Эзэн-хүч”-ний эрхшил, ивээлийг "булаан” хүртэхийг зоривоос хэн ч "Жинхэнэ Хүн” байх; "Хүн” хэмээн онцгойлуулах алдрын эрх, үүрэгт тэнцэж байх хэрэгтэй! Хэн нэгэнд (хэний ч бай!) энэрэл гуйсан нулимстай нүдэнд.., гоморхол, тунирхалд нь.., цэцэг гишгэдэг хөлөнд нь... цэвэрхэн гоо хүзүүнд нь... үл мартагдах үгэнд нь хийгээд үл санагдах шивнээнд нь.., үхэлтэй тэмцэлдсээр царцах эцсийн амьсгаанд нь үнэн голоосоо нэгдэн, бас ээнэгшин, бас, ханьсан "халуурч” үхэн үхтэлээ хайрлах хэрэгтэй!.. гэж Дэлхий-"Бөмбөрцөг”-ийн бөөр захад ч тод дуулдахаар хашгирах ч мэт, үл дуулдахаар шивнэх ч мэт!..
Пянз эргэнэ...
Мөнөө морьтны унаж яваа унаган монгол хүлгийн "ухамсаргүй”, "адгуусан үнэнч”, "адгуусан итгэмхий” нүдэнд ч нулимс "буцлан”, адгуусны нулимс бус хүний нулимс болж нулимстай минь нийлээд, аль нь адгуусных, аль нь хүнийх нь ялгагдахгүй цугтаа тунгалагшина.
Огт бодож байгаагүй бодол "үерлэнэ”...
"Ертөнцийн хамгийн аугаа, ертөнцөд хамгийн дээд үнэтэй юм, хүний амьдралын мөнх бусыг үгүйсгэж баярлуулах, бардамханаар ялж гэтлэх, хамгийн гол нь, -юунд ч үл итгэгч, юунд ч үл гайхагч дөжир Хүн төрөлхтний өөрийн нь үндэслэл "сэжигтэй” "томорхол”-ыг хумхийн тоос мэт "жижгэрүүлж” чадах ганц агуу юм, - хүний Хайрын үнэн, хувиршгүй бөх сэтгэлийн нулимс!” гэсэн бодол цээжинд асаана...
Пянз эргэнэ...
"Нүгэл чиг нүглээс айсангүй дээ,
Нүдний чинь хөөрхөнд аргагүй даслаа даа!..”
Юу, юу гэнэ үү?!
Чихээ "дэвсэн” дахин сонсоно...
Суудлаасаа... зогссон газраасаа хаашаа ч үл хөдөлнө...
Хамаг махбод сульдаад, суудалдаа... зогссон газартаа хадагдчих шиг, мэдээ мэдрэлээ алдаад нирваанд одчих шиг амарлингуйн үрийг олоод хаашаа ч хөдөлж үл чадан хүчирхэгээр "хөшчихнө”...
"Үгүйлэхүйн халуун”-ы өнчин улаан ангир "Сэтгэлийн нуур”-нд нэгэн хоёр ганганана...
Нэгэн хоёр "зулзагална”...
Газрын ч юм шиг, Тэнгэрийн ч юм шиг, Хүмүүний ч юм шиг, Бурханы ч юм шиг үг, эгшгээр сэтгэлийнхээ "сансар”-ыг "эмээллэсэн” хүний л нэгэн үр уулс, толгодын сүүдрийн цаадтай торолзох их тал нутгийн хаа нэгтээ тормойн харагдах, өөрийг нь хүлээн суугаа... магадгүй саравчлан зогсоо хүнийхээ л нэгэн алдрай үр, -"амрагхан жаахан”-аа "Үгүйлэхүйн халуун”-ы нуурандаа ганганах өнчин улаан ангир шиг үгүйлэн хүсэж, сэтгэлийнхээ "жигүүр”-ийг нэгэн хоёр "дэвнэ”...
Нэгэн хоёр тогтооно...
Удаан тогтоож эс чадна...
Хаа нэг, орчлонд хэн нэгэн нь гав ганцаараа, хохь хөөрхий өнчрөн үлдэх шиг, мөнөө, "Үгүйлэхүйн халуун”-ы нуурнаа ганганах содон улаан ангир нүдэнд нь улаан ангир байхаа үтэр болин "хоосон чанар”-ын бодийг олоод, ув улаан, час халуун мананд живмэгцээ мөнөө "Морьтон”-ы морийг "Хүрэн толгойн сүүдэр”-тэй, "Аргагүй амраг”-ийн нууц гачлантай хэрээд "тушчих” шиг сэтгэлийг нь ч "бүдчүүлж”, яс мах цул, эр ханхар, эрүүл яргай биеийг нь ч "жингүйдүүлнэ”...
Хавар, намрын тэнүүл салхин гэрийн хаяа тойрон, гэр тойрны юм бүгдийн хажуугаас.., хүн бүгдийн дэргэдээс... сэтгэлээс... амьдрах гэж тэмцүүлэгч үндэс шалтгаанаас зайцаж үл чадан, гэр тойрны юм бүгдтэй... хүн бүгдтэй "таталцан” ханьсанаа гаслантайяа, гаслантайяа гиншин сэнсэрч гэрт орохоор гэрийн үүд сахин хярчих шиг нам гүм амирлаж, чингэхүйд нь, түрүүний нам гүмийн "хашгираан” хэнхдэг цээжний уудмын бэл, хяраар эмнэг ардаг нуруундаа эмээл тохуулсан хангал үрээ шиг бухан тонгочино...
Яарах юмгүй рүү, магадгүй, харагдах бараагүй рүү яарах нь утгагүй мэт атал тийм "яарах юмгүй” рүү, "харагдах бараагүй” рүү татах ч, таталцах ч "биет үгүй” рүү яаран тэмүүлэх нь амьдралд хамгийн хүчирхэг эрхшээлт "яарал”, "тэмүүлэл” мэт санагдана...
Тогтоон барих хүчнийг өөрийн "Би”-гээсээ эс олох, өөрийнхөө "Би”-д эс аргамжигдах, эс чөдөрлөгдөх яаруу довтчуу, хэмжигдэшгүй хүчтэй, "Үгүй!” гэж зүрхлэн хэлэх хүч нэхсэн, "үгүйсгэл”-ийг нь ичээн сөхөөх Ялалтын "Дэлхийн цөмийн дэлбэрэлт”-ээс ч олон дахин давсан тоймлошгүй хүчирхэг тэсрэлттэй тоймлошгүй их халуун, тийм атлаа Бурханлаг ачит үйлчлэл, нөлөөтэй, тийм асар дээд, үгээр дурдашгүй дээд хүчтэй адгуу яаруу тэмүүлэл, догдлол хаа нэгтээх эзгүй, элчилгүй "цөл”-өөс үерлэн дайрна...
Хүний ганцаардалд "Би”... "Тэр”, "Тэд”.. ер, хэн ч, юу ч буруутай биш! гэж, орчлонд гагц хүн ч биш, бүх юм ганцаарддаг ганцаардлыг эерүүлж, зүгээр л, "Хайр”-ын хүчирхэг эрхээр хүний нэг сайхан үр хүнийхээ нөгөө нэг сайхан үр, -Монголын нүүдэлчдийн "уйлам”, "дуулам” алс зайтай уулс, хөндийн альхан нэгтээ талд, альхан нэгтээ хөндийд хүмүүний амьдралд магнай тэнийн, аанай л бие биетэйгээ ав адилаар... магадгүй, ариун, шударга, төгс сайхан амьдралдаа аймшигтай ганцаардан, магадгүй, аймшигтай өнчрөн, аймшигтай халуунаар гуниглан.., аанай л өөртэй нь ав адилхан, хаа нэгтээ ханхайн дүнсийх будант хөх уулсын альхан нэгэн суганд... альхан нэгэн үл барагдах хөндийд бие биеэ хүсэн... хайрлан.. ганиран суугаа хэн нэгэн "Хүний үр”-ийг үгүйлэн... мөрөөдөн... үхэхгүй юм шиг санан "ганцаардахын халуун уй”-гаар даллан,
"Тоорой юу модонд тогоруу нь эргэнэ,
Тоосны (лаа) үзүүрээс хүү минь ирнэ!..” гэж итгэн, тэрхүү "тоосны үзүүрээс ирэх хүнээ орчлон хорвоод орь ганц, төгс төгөлдөр "Бурхан хүн” гэж Бурхантай чацуулан хайрлаж, сэтгэл алдралгүй хүлээн суугаад нь "Хүрэн толгойн сүүдэр”-ийг хүлгийн туурайгаар гишгүүлэн сэмлэж, "Аргагүй амраг” "тэр” рүүгээ хүлгийн дөрөөнд "босон” довтолгож яваа "хүний сайхан үр” -нөгөө хүн нь сэтгэл зүйргүй халууцан, магнайн үрчлээ зүйргүй тэнийн жолоогоо зална...
Нүдээр нулимс "халина”...
"Хүний сайхан үр”-ийн хүлээн суугаа орь ганц төгөлдөр, "Бурхан хүн” нь гэртээ хүлээн суугаа, гадаанаа саравчлан зогсоо хүнийхээ нулимсан дотор тов тодхоноо "бүтнэ”...
Хаа нэгтээгээс ямар нэг "хий юм”, заримдаа нүдний хараанд бодтой торох, заримдаа бодгүй торох "нэг юм”, юунд ч үл хоригдох, үл хүчрэгдэх нэг "агуу юм” агуу хүчээрээ сэтгэлийг нь уул, хөндийн дээгүүр нисгэнэ...
IV
Пянз эргэнэ...
Нуурын эзгүйрсэн, өнчирсөн, анир дарсан шар эргэнд, яагаад ч юм, үлдсэн ганц ангирын өнчрөнгүй ганганааны цуурай өвс өвсний ёзоороос дуулдахад, гар өөрийн эрхгүй зүрхээ яаран тэмтчиж, яагаад ч юм, хачин санаандгүй, өөрийн мэдэлгүй, зүрхээ даран дорогш сөхөрнө...
Хаашаа ч юм учир зүггүй, ухаан мэдрэлгүйн туйлаар яаран шавдана...
Уйлмаар... зөндөө удаан, зөндөө ганцаараа уйлан удмаар санагдана...
Пянз эргэсээр л...
Хүний үрийг санасан хүний нэгэн үр хүлгийн дөрөөнд жийн, уулс, толгод, голын тохойн сүүдэр эмжин "нисэхүй” хүлгийн нь дөрвөн туурайн тоос хөндий туулан "хүүшилнэ”...
"Хүрэн толгойн сүүдэр
Хөндийгөө дүүрээд хүүшилнэ
Хүний л жаахан чамдаа
Сэтгэл юундаа даслаа даа!..” гэсэн үгс ч юм шиг, ариунаа оршсон Бурхадын амьсгаа, эсвэл, санаа алдалт ч юм шиг, тийн, нэгэн зуурд эс баригдан замхарч, нэгэн зуурд ууланд нүүх намрын манангийн анир шиг ч чанга дуулдаж, өвс ногоо... хад мод... хаа нэгтээ үзэгдэн өнгөрөх ганц хоёр айл гэр... адуу мал... унага, тугалын зэл... түргэн урсгалт тунгалаг гол, горхийн хэлгий, зүггүй боргио... Монголд өдөлсөн "нүүдэлчин” шувуудын ангаахай, дэгдээхэйсийн намрын намарт Монголдоо... монгол нүүдэлчдийн дуунд хоргодон эргэлдэх далавчин доорх намхан толгодын хүүш... ер, нүдэнд үзэгдэх хийгээд эс үзэгдэх бүгдийг сүлэн замхрах ч шиг, бүгдэд мөнхрөн шингэх ч шиг!..
Пянз эргэнэ...
2010.10.15-16.
Хүнчулууны хөндий.
2012.08.01-03
Шаддүвлин.
2013.07.12-14. Шаддүвлин.
2016.03.17-22.
Алтан тэвшийн хөндий.
4 сэтгэгдэл