Сонгинохайрхан дүүргийн Х хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртсэн золгүй осол өнөөдөр гарлаа. Уг чингэлгийг кранаар өргөж байгаад "Приус-11” маркийн автомашины дээр алдсан байна. Ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:10 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан, чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн байна.
Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдсан байжээ. Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, бусад хоёр зорчигчийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа гэв. Энэ талаар Яаралтай түргэн тусламжийн 103 төвөөс тодруулахад, "Чингэлэгт даруулсан дуудлагын дагуу очиж, яаралтай тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргүүлсэн” гэв.
0 сэтгэгдэл