|

Д.Гантулга: Би хүн хүчиндээгүй, намайг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна

Д.Гантулга: Би хүн хүчиндээгүй, намайг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөртэй нь холбоотой үүсээд байгаа мэдээллийн талаар тайлбар өгч байна. Сүүлийн 20 хоног үргэлжилсэн маргаантай, хүн гүтгэсэн хэргийн талаар тайлбар өгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд хэлсэн юм.

Тэрбээр "Намайг буруутайгаасаа болоод мэдээлэл өгөхгүй байна гэж хүмүүс хараад байна. Долдугаар сарын 3-ны өдөр энэ мэдээллийг хийх үед би орон нутагт байсан. Орон нутгийнхаа ажлыг дуусгаад өчигдөр би хотод ирсэн. Өнгө, мөнгөнд үнэ цэнэ, мөн чанараа худалддаг бүхэл бүтэн нэг үеийг өөрчлөх өөрчлөлт шинэчлэлийн үед бид ирсэн байна. Бид юунд итгэх вэ?

Зургадугаар сарын 12-ны өдөр анх гомдол гарч, 13-ны өдөр гомдлоо татсан. Тиймээс би 19-нд цагдаагийн байгууллагад хандаж, ном журмынх нь дагуу шалгаж өгөхийг хүссэн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт ч гарсан. Дүгнэлтийг авахыг хүссэн ч гомдол гаргасан хүнд нь өгдөг хуулийн заалтын дагуу надад өгөөгүй.

Би өчигдөр гурван хүний эсрэг гомдол гаргасан. Намайг хүчингийн хэрэг хийсэн гэж гүтгэсэн Я.Наранзаяа, энэ нь батлагдсан хэмээн олон нийтэд мэдээлэл түгээсэн эгч болох Ч.Саранзаяа, өмгөөлөгч М.Ичинноров нарын эсрэг гомдол гаргасан.

Оффшор дансны тухай мэдээллийг гаргасан өдөртэй зэрэгцэн энэ мэдээллийг гаргасан нь цэвэр улстөрийн зорилготой гэдгийг харж болохоор байна. Ардчилсан Намын гишүүд дэмжигчид энэ мэдээллийг хэрхэн цацаж байгаагаас харж болохоор байна.

Өчигдөр уйлан хайлан мэдэгдэл хийж байсан н.Саранзаяа прокурорын дүгнэлт гарах үед Хөвсгөл далайд амраад явж байсан. Өчигдөр хийсэн мэдэгдлийг нь ч харсан. Өмнө нь мөнгө авсан, дахиад мөнгө өг гэж шантаажилж байгаа нь харагдаж байна. Би тэгж хүнд мөнгө өгөх нь байтугай нэр дээрээ ч байргүй хүн. Энэ бол Д.Гантулга хүн хүчиндсэн хэрэг биш харин Д.Гантулга болон залуу улс төрчдийг хүчирхийлж байгаа хэрэг. Мөн анхнаасаа зохион байгуулсан бус үйл явдлын дундаас улстөржүүлсэн болов уу гэж бодож байна" гэв.


2 сэтгэгдэл