|

Үндэстнээр нь сүйрүүлэх цагаан тахлын хар мөр

Үндэстнээр нь сүйрүүлэх цагаан тахлын хар мөр

 

90 хоногийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 75 холбогдогчтой 30 хэрэг гарчээ. Тодруулбал, энэ оны эхний гурван сарын хугацаанд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой ийм тооны хэргийг хууль, хяналтынхан илрүүлэн шалгажээ. Энэ бол монголчуудын хувьд сүйрэл. Ялангуяа ид хийж бүтээх, хөдөлмөрлөх, оюун ухааныхаа бядыг гайхуулж, шагшигдах насныхны сүйрэл. Ийн хэлсний учир нь Монголын хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн нас 18-35 байгаа бөгөөд тэдний нэг нь гурав хоног тутамд хуулийн байгууллагынханд саатуулагдаж байна гэсэн үг. Үүний цаана Монголын хүн амын хэчнээн хувь нь хар тамхи, мансууруулах бодист донтож, хэд нь шинээр хэрэглэгч болж, хэчнээн нь хуулийн хариуцлага хүлээж байгаа вэ гэдэг айдас дагуулсан асуулт хариу нэхэж байна. Ингээд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн илрүүлэлт ямар хэмжээнд хийгдэж байгаа болон хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл хүргэе.

 

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид улам нууцлагдмал, далд хэлбэр рүү оржээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар нь Улсын Ерөнхий прокурорын 2016 оны зургадугаар сарын 05-ны өдөр баталсан А/67 дугаартай тушаалын хавсралтад заагдсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 188, 192-196 дугаар зүйлд заасан Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй. Тус газрын Мөрдөх хэлтэст сүүлийн гурван жилийн байдлаар иргэд, байгууллагаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй 199 гомдол, мэдээлэл ирүүлсэн байдаг аж. Тодруулбал, 2015 онд 78, 2016 онд 94, энэ оны нэгдүгээр улиралд 27 гомдол, мэдээлэл хүлээн ирүүлсэн байна. Дээрх хэргүүдийг хууль, хяналтынханд хар тамхи, мансууруулах бодист донтогчдын ар гэрийнхэн, найз нөхөд, дотны хүмүүс нь "Энэ хүн хар тамхи, мансууруулах бодист донтоод хэцүүдлээ” гэсэн байдлаар хандаж, мэдээлсэн гэсэн үг. Энд зайлшгүй дурдах ёстой нэг зүйл нь дээрх мэдээллийн мөрөөр хууль, хяналтынхан шалгахад эдгээрийн 70-80 хувь нь хүнд, онц хүнд ангилалд багтах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192.2, 192.3 дахь хэсэгт заасан гэмт үйлдлүүд байдаг аж.

 

Ар гэрийнхэн, ойр дотнынхон нь тэднийг ийн илчилж байгааг мэдсэн, бусдаасаа дуулсан мансуурагчид сүүлийн үед улам нууц хэлбэрт орж буй гэнэ. Энэ талаар ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн "Иргэдээс энэ тухай ирдэг мэдээллийн тоо өдөр ирэх тусам багасч, хууль хяналтынхны баримт, мөрдлөгөөр илрүүлэх энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байна. Энэ нь гэмт этгээдүүд илүү нууц далд байдал орж байгааг харуулж байгаа юм. Нэг талаар цагдаагийн албадын илрүүлсэн энэ төрлийн хэргийн тоо сүүлийн гурван жилд эрс өсч байгаа нь чиглэл хариуцсан хэлтсээс бусад албанд энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тодорхой ойлголт өгсөний үр дүн. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлсэн албадаар нь сүүлийн гурван жилийн тоо баримтаас авч үзвэл 49 хувийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид гүйцэтгэх ажлаар илрүүлэн эзэн холбогдогчдыг эрүүгийн хариуцлагад татсан байна. Хилийн бүс, боомт орчимд хяналт тавьж, шалгалт үзлэг хийх чиг үүрэг бүхий гаалийн байгууллага энэ төрлийн хэрэг илрүүлсэн нь харьцангуй бага байгаа. Үүний цаана манай улсын хил гаалийн хяналт шалгалт сул байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж, нөхцөл байдлыг хүндрүүлэх нэг шалтгаан болж байгаа гэж үзэж болно” гэсэн юм. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Ж.Болд "Хар тамхины гэмт хэргийн 50 орчим хувийг дотоодод ургаж буй өвс ургамал, үлдсэн хувийг нь гадаадаас тээвэрлэн оруулж ирсэн химийн бодисууд эзэлж байна. Монгол Улсын хил гаалийн хяналт, шалгалт уг нь сайн байдаг бол энэ төрлийн гэмт хэргийг 50 хувиар бууруулж чадна. Гаалийн байгууллага рентген, аппаратаа шинэчилж, сайжруулж байгаа гэх боловч хяналт сул байна. Гаалиар хэмжээ нь жижиг орж ирдэг учраас илрүүлэхэд бэрх. Тэгэхээр техник муу байна гэж хэлж болох юм. Өнгөрсөн онд л гэхэд улсын хил гаалиар илэрсэн 36 хүнд холбогдох 15 гэмт хэрэг шалгагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн анхаарал хандуулж байх хэрэгтэй” гэлээ.

 

Өнгөрсөн онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 115 хэрэг шийдвэрлэжээ 

Улсын хэмжээнд бүртгэгдсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийг сүүлийн гурван жилээр авч үзэхэд 2015 онд 79 хэрэг 201 гэмт үйлдэлд 169 хүн, 2016 онд 109 хэрэг 250 гэмт үйлдэлд 224 хүн, 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 30 хэрэг 75 хүн холбогдуулан шалгасан байна. 2016 онд шинээр нийт 378 үйлдэлтэй 313 хүнд холбогдох 139 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр 235 үйлдэлтэй 200 хүнд холбогдох 81 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтайгаар 25 үйлдэлтэй 19 хүнд холбогдох 13 хэргийг прокурорт шилжүүлэн, 41 үйлдэлтэй 41 хүнд холбогдох 21 хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 291 хүнд холбогдох 254 үйлдэлтэй 115 хэргийг шийдвэрлэжээ. Дээрх шалгаж шийдвэрлэсэн хэргүүдээс 138 хүнд холбогдох 74 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснээс торгох ялаар гурав, баривчлах ялаар 34, нэг жил хорих ялаар 42, 1-3 хүртэл жил хорих ялаар 33, 3-5 жил хүртэл хорих ялаар нэг, 5-8 жил хүртэл хорих ялаар гурав, 10-15 жил хүртэл хорих ялаар 22 хүн шийтгэгдсэн нь өмнөх онтой харьцуулбал 32 хэргээр буюу 76.1 хувиар, ял шийтгүүлэгдчийн тоо 62 хүнээр буюу 81.5 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Он гарснаас хойш 32 хэрэг шийдвэрлэжээ

            2017 оны эхний гурван сарын байдлаар шинээр 61 үйлдэлтэй 50 хүнд холбогдох 25 хэрэг, урьд оны үлдэгдэл  46 үйлдэлтэй 38 хүнд холбогдох 17 хэрэг, урьд оны түдгэлзүүлснээс сэргээн шалгасан 31 үйлдэлтэй 21 хүнд холбогдох хоёр, бусад газраас харъяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн 25 үйлдэлтэй 23 хүнд холбогдох есөн хэрэг, тусгаарлан шинээр дугаар авсан дөрвөн үйлдэлтэй дөрвөн хүнд холбогдох дөрвөн хэрэг, нийт 164 үйлдэлтэй 133 хүнд холбогдох 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр 60 үйлдэлтэй 51 хүнд холбогдох 22 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтайгаар долоон үйлдэлтэй долоон хүнд холбогдох гурван хэргийг прокурорт шилжүүлж, 16 үйлдэлтэй 14 хүнд холбогдох долоон хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 79 үйлдэлтэй 68 хүнд холбогдох  32 хэргийг шийдвэрлэсэн байна. Дээрх шалгаж шийдвэрлэсэн хэргүүдээс 21 хүнд холбогдох 10 хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснээс баривчлах ялаар хоёр, нэг жил хорих ялаар ес, 1-3 хүртэл жил хорих ялаар хоёр, 3-5 жил хүртэл хорих ялаар хоёр, 5-8 жил хүртэл хорих ялаар тав, 10-15 жил хүртэл хорих ялаар нэг хүнийг шийтгэжээ.

    

        Хуулийн хариуцлага хүлээж, зохих шийтгэлээ авсан дээрх хүмүүсийн цаана баригдаагүй, бусдад муу үлгэр дууриалал үзүүлж, нөлөөлж, олонхийг нь уруу татаж, мөнгө олох хэрэгслээ болгож буй олон зуун хүн Монголд бий. Тэдний дээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн боомтууд дахь нүүрс тээврийн компаниудын жолооч нар болон тэнд ажиллаж, амьдарч буй иргэдийн хэрэглэдэг болсон "Ми Ми” гэх нэршилтэй нунтаг цагаан бодис хэрэглэгчид нэмэгдээд байгаа нь хуулийн байгууллагынхан төдийгүй Монголын үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдээгээд байгаа билээ. "Ми Ми” хэмээх бодистой холбоотой хэргийг манайд шийдвэрлэхэд хууль эрхзүйн орчин дутагдаж байгаа талаарх сурвалжлагыг дараагийн дугаараас уншаарай.

 

Оюутан цагдаа нар гэмт этгээдүүдийг шуурхай илрүүллээ

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтсээс гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй. "1000 эргүүл”-д тус дүүрэг дэх цагдаагийн I, III хэлтэс, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийнхэн хамтран ажиллаж байгаа юм. Тэгвэл тус дүүргийн 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчийн хамт эргүүл хийж байсан оюутнууд хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна. Оюутнууд  "Их засаг” их сургуулийн оюутнууд байсан бөгөөд  орон байр, автомашины эд ангийн хулгайн гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлж, харъяаллын дагуу шалгуулахаар гэмт этгээдүүдийг хүлээлгэн өгсөн байна.

 

Авлига авсан нь ял сонсч, өгсөн нь торгууллаа

Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэм болон Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчит "Дөрвөлж” компанийн захирал Ц.Алтансүх нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгч, "Дөрвөлж” компанийн захирал Л.Алтансүх Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгсөн гэх мэдээллийн мөрөөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан юм. Орон нутгийн мэдлийн өмчийг Ц.Алтансүх төрийн өмчит Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд дээрх хэмжээний мөнгө өгсөн нь мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзжээ. Тиймээс хахууль авсан Т.Дорждэрэмд таван жил нэг сар хорих ял, Ц.Алтансүхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноожээ.

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

1 сэтгэгдэл