УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын "Монполимет” ХХК 882 сая төгрөг, 3.9 сая ам.долларын өрөө Монголбанкны Эрсдэлийн сангаас хаалгуулсан тухай мэдээллийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр medee.mn сайт анх нийтэлж, олонд хүргэсэн билээ. Өдгөө АН-ынхан иргэн бүрээ өрнөөс гаргая гэдэг санаачлага гаргаж буйтай зэрэгцэн МАН-ынхан Ц.Гарамжав нарын томоохон бизнестэй хүмүүсийнхээ өрийг эрсдэлийн сангаас хаагаад өгч байхад, иргэдээ яагаад нэг удаа харж үзэж болохгүй гэж гэсэн мессеж түгэж байна.
Ц.Гарамжавын "Монполимет” компанийн өртэй холбоотой мэдээлэл гарсны дараа Монголбанкнаас мэдээлэл өгөхдөө "2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компаниудтай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор тэдний өгсөн захиалгын дагуу алт худалдах, худалдан авах нөхцөлтэй алтны үнэд суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн хэлцлийг гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн бөгөөд тухайн үеийн Монголбанкны удирдлага, компани аль аль нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд алдагдал үүссэн. Дээрх хэлцлээр Монполимет компанийн 882.7 сая төгрөг, 3.9 сая ам.доллар, Эрдэс холдинг компанийн 36.8 сая төгрөг, 7.2 сая ам.доллар; Хайлааст компанийн 87.9 сая төгрөг, 1.78 сая ам.доллар; Монгол газар компанийн 513.6 сая төгрөг, 5.06 сая ам.долларын өр төлбөр тус тус Монголбанкинд бүртгэлтэй байгаа болно.
Монголбанк уг өр төлбөртэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Монполимет компанийн хариуцах төлбөртэй холбоотой Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн сангаас хаасан. Бусад компанийн өр төлбөрийг авлага барагдуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна" гэсэн байдаг.
Тэгэхээр эндээс үзэхэд шүүхийн шийдвэр "Монполимет”-ийн талд гарч, Эрсдэлийн сангаас тус компанийн өрийг хаажээ.
Монголбанкинд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийн Монголбанкны өр авлага, төлбөр хэсэгт "Монполимет” ХХК нь 2003 онд Монголбанкинд 183 кг алт тушааж, түүний захиалгаар алтны арилжааг олон улсын санхүүгийн зах зээл дээр 2003 оны 9-р сараас гүйцэтгэж эхэлжээ. 2006 оны 11-р сар хүртэл нийт 10 арилжаа хийсэн бөгөөд 2007.04.12-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн 172 тоот тушаалаар компаниудын захиалгаар хийдэг арилжааг зогсоосон. 2006 болон 2017.12.31-ний байдлаар арилжаагаар үүссэн өглөг, авлагыг баталгаажуулах тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, тэргүүн ээлжинд авсан премимумын төлбөрийг барагдуулах хуваарь гаргаж ажилласны дагуу 2008 оны 11-р сард 151.658 ам.доллар, 2010 онд 7500 ам.долларыг тус тус хийсэн.
Арилжааны банкинд их хэмжээний зээлтэй тул зээлийн төлбөрийн хажуугаар Монголбанкинд төлбөр хийх хүндрэлтэй байгаа, өглөг авлага зөвхөн арилжаанаас үүссэн тул төлбөрийн арилжааг цааш үргэлжлүүлэн хийх замаар төлж барагдуулах саналыг манай талд удаа дараа тавьж ирсэн.
Монголбанкнаас 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан гаргасан бөгөөд 2016.06.30-ны өдрийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын нэг дэх заалтад "”Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй "Монполимет” ХХК-иас авах авлагыг БОЛЗОШГҮЙ АЛДАГДЛЫН НӨӨЦ САНГААС ХААЖ, ТЭНЦЛИЙН ГАДУУР БҮРТГЭХ ГҮЙЛГЭЭ ХИЙХИЙГ үүрэг болгосон байна” гэсэн байдаг.
Тэгэхээр Ц.Гарамжав гишүүний "Монполимет” компани ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН гэдэг үндэслэлээр 882 сая төгрөг, 3.9 сая ам.долларын өрнөөсөө чөлөөлөгджээ. Уг нь энэ хэмжээний мөнгө улсын дансанд орсон аштай юу даа!
Эх сурвалж: Hunnu.mn
4 сэтгэгдэл