Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга К.К.Алпысбаевыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Казахстан Улсын төмөр замын тээврийн салбарын хөгжил, Ази-Европ-Ази чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн зохион байгуулалт, төмөр замын хилийн боомт дахь шилжүүлэн ачих байгууламжийн үйл ажиллагаа, хил орчмын эдийн засгийн чөлөөт бүсэд тээвэр логистикийн терминал байгуулсан зэргийн талаар туршлага судлан ажиллаж байгаа талаараа танилцуулав.
Мөн Монгол Улсын төмөр замын салбарын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, үүн дотроо зүтгүүр, дохиолол холбоо, төмөр замын цахилгаанжуулалтын чиглэлээр орчин үеийн дэвшилтэт техник технологитой танилцах, богино болон урт хугацааны сургалт зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
"Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч К.К.Алпысбаев "Казахстан Улс нь төмөр замын чиглэлээр шинэ дэвшилтэт технологиуд нэвтрүүлж, ачааны вагоны үйлдвэр, төмөр замын бүхий л тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Нийт 16500 км төмөр замтай бөгөөд зөвхөн төмөр замаас гадна далайн тээврийн чиглэлд анхаарч ажиллаж байна. Тиймээс төмөр зам, далайн тээврийн салбарт Монгол Улсын зам, тээврийн салбартай санхүүгийн таатай нөхцлөөр хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн уулзалтын үеэр онцоллоо.
726 сэтгэгдэл