|

Монгол эмэгтэйчүүдийн ачаанаас адууны бэлэг эрхтэн гарч Америкчуудыг гайхшруулжээ

Монгол эмэгтэйчүүдийн ачаанаас адууны бэлэг эрхтэн гарч Америкчуудыг гайхшруулжээ

 

Вашингтон хотын Дюллес олон улсын нисэх буудлын гаалийн ажилтнууд Монголоос ирсэн хоёр эмэгтэйн ачаанаас жүүсний хайрцганд нуусан 20 орчим килограм адууны мах, адууны бэлэг эрхтэн илрүүлсэн тухай Пүрэв гарагт мэдээлжээ.

 

Нэгдүгээр сарын сүүлээр дээрх үйл явдал болсон бөгөөд махны 6 килограм орчим нь адууны бэлэг эрхтэн байсан гэнэ. Үүнээс гадна 3 литр сарлагийн сүү байсан гэжээ.

Эмэгтэйчүүдийн нэг нь адууны бэлэг эрхтнийг анагаах ухааны зориулалтаар ашигладаг гэж тайлбарласан байна. Бусдыг нь хүнсний зориулалтаар ашиглах гэж байсан гэжээ.

Гаалийнхан адууны махыг хурааж устгасан байна. Хэрвээ илгээгч улс орны мал эмнэлэг, эрүүл ахуйн баталгааны бичиг баримтгүй бол АНУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй болохыг албаныхан мэдээлжээ.

Эмэгтэйчүүдэд ямар нэг шийтгэл оноолгүй явуулсан байна. Гаалийнхан энэ мэт этгээд хачин ачаа илрүүлдгээ мөн ярьжээ. Тухайлбал вүүдүү шашны зан үйлд ашиглах амьтны цус, араг яс зэрэг ачаанаас илэрч байсан бол Африкаас ирсэн нэгэн зорчигчийн ачаанаас утсан сармагчин бүхлээрээ гарч байсан гэнэ.

Эх сурвалж: Washington Post

Р.ТӨМӨР, IKON.MN

1 сэтгэгдэл