Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өчигдөр тэтгэврийн зээлийн хүү буурсантай холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тэтгэврийн зээлийн хүүг хоёр банк бууруулсан гэлээ. Цаашид хэдэн хувь хүртэл буурах боломжтой вэ?
-Тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 15 болгож бууруулах шийдвэр өнөөдрөөс /өчигдөр/ хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд нийт тэтгэвэр авагчийн 91 хувь нь үйлчлүүлдэг "Хаан” болон Төрийн банктай гэрээ байгуулж, хүүг бууруулсан.
1-6 сарын хугацаатай зээл авч байгаа тэтгэврийн зээлийн хүү 15 хувь болно. Харин одоо 18 хувийн хүүтэй зээл авчихсан иргэд зээлээ төлж дууссаны дараа шинээр зээл авахдаа 15 хувь руу шилжинэ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тэтгэвэр авах иргэн үйлчлүүлэх банкаа өөрөө сонгодог болсон.
Өмнө нь зөвхөн "Хаан” болон Төрийн банкаар дамжуулан олгодог байсан иргэд тэтгэврээ хүссэн банкаараа авдаг болсноор үйлчлүүлэгчээ татахын тулд шимтгэл, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, үйлчилгээгээ сайжруулах гэх мэтээр шударга өрсөлдөөний зарчимд шилжих ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар шинээр тэтгэвэр тогтоолгосон 6000 гаруй хүн өөрсдөө банкаа сонгосон бол урьд нь тогтоолгосон 5000 гаруй хүн Төрийн банк, "Хаан” банкнаас шилжиж өөр банк сонгосон байгаа. Тэгэхээр аль банк нийт тэтгэвэр авагчдын хэдэн хувьд үйлчилж байгааг хууль журамтай нь нийцүүлж, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тухайн зээлийн эргэлт, зээлийн багцтай нь уялдуулж байршуулж байна.
Жишээ нь, Төрийн банк, "Хаан” банкинд 45 тэрбум төгрөг байршуулсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг 15 хувиас доошгүй байдлаар хадгаламж хэлбэрээр арилжааны банкуудад байршуулна гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр тооцож байгаа 15 хувь, тухайн банктай харилцан тохиролцоод дөрөв болвол 11 хувиар, тав болвол 10 хувиар байршуулах замаар шийднэ. Одоогийн байдлаар хоёр банкинд 45 орчим тэрбум төгрөг байршуулсан байгаа. Хууль зөрчиж байгаа зүйл байхгүй. Зээлийн орлого ч буураагүй. 36 тэрбумаар нэмэгдсэн.
-Хуурамч бичиг баримтаар тэтгэвэр авдаг байдлыг шалгахаар болсон. Энэ ажил хэр үр дүнтэй байна вэ?
-Улсын хэмжээнд 378 мянган иргэн тэтгэвэр авдаг. Шинээр тэтгэвэр тогтоох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх аян одоогоор хоёр аймаг, нэг дүүрэгт хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь тэтгэвэр тогтоолгохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал байдаг талаар байнгын хороод болон чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Аяны хүрээнд энэ асуудал үнэн гэдэг нь батлагдаж байна.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад 9 хувийн хүүтэй хадгалуулж байсныг 15 хувь болгох шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл 557 тэрбум төгрөг. Уг мөнгийг 9 хувийн хүүтэй хадгалуулснаар улсын төсөвт төвлөрөх 30 тэрбум гаруй төгрөгийг алдаж байсан. Өөрөөр хэлбэл, НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 58 тэрбум төгрөгийн хүүг улсын төсөвт төвлөрүүлдэг байсныг 61.6 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм.
-Аж ахуйн нэгжүүдийг салбарын хүрээнд дэмжих ажлыг судалж байгаа гэлээ. Тодорхой болсон зүйл бий юу?
-Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах хууль анх 2001 онд батлагдсан. Энэ хуультай уялдуулан Засгийн газрын тогтоол гарсан. Мөн 2015 онд 139 дүгээр тогтоолыг хүчингүй болгоод Засгийн газрын 41 дүгээр тогтоол гарсан. Томоохон, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, төмөр зам, цахилгаан станц гэх мэт ажилд дотоодоос ажиллах хүч гаргах бололцоогүй үед нарийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан авах хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг тогтолцоо үйлчлээд 16 жил болж байна.
Үүнтэй уялдуулаад өөр бусад хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газар судалж байгаа. Ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниудын хуримтлагдсан татварыг дараа төлөх нөхцөлтэй гэрээ байгуулдаг байх гэх мэтчилэн дэмжлэг, хөтөлбөрүүдийг судалж байгаа.
-Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүлээн авдаг. Мөн тантай хамаарал бүхий компани хөнгөлөлт авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх хүмүүс ч байна?
- Монгол Улсад хийж бүтээж байгаа бүх аж ахуй нэгж компанийг дэмжинэ. Импорт орлох, экспорт луу чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодоос ажиллах хүч авах бололцоогүй. Жишээ нь нарийн мэргэжил шаардсан нөхцөлд төлбөрөөс хөнгөлж байгаа юм. Ийм хөнгөлөлт авах боломж бүх аж ахуйн нэгжид нээлттэй. Хуульд хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд шийднэ гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр надаас өөр хэн оруулж ирэх юм. Би ажлаа л хийж байна. Энэ хөнгөлөлтийн асуудал бол хоёрхон компанийн асуудал биш.
Давхардсан тоогоор 200, давхардаагүй тоогоор 60 орчим компани байгаа. Зөвхөн сүүлийн дөрвөн жилд 20 компани хамрагдсан. Хүсэлтээ өглөө, асуудлыг манай яам судалж үзээд бусад яамдаас санал авч шийднэ. Яамд дэмжсэн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлүүлнэ. Одоогийн байдлаар хоёр компани хүсэлтээ өгч шийдсэн. Дахиад 4-6 компанийн хүсэлтийг судалж байгаа.
-Салбарын сайд нь хувийн компанидаа гадны ажилтан олноор ажиллуулах нь хэр зохимжтой вэ?
-Цементийн үйлдвэрийн барилгад барууны технологийг эзэмшиж, тэр үйлдвэрийг барих чадамжтай компани Монголд байхгүй. Хөтөлийн "Цемент шохой” үйлдвэртэй зүйрлэж болохгүй. Хөтөлийг монголчууд бариагүй. Хөтөлийн "Цемент шохой” үйлдвэр хэвтээ, хуурай технологи ашигладаг. Эхлээд технологийн асуудлаа судлах хэрэгтэй. Зөвхөн Хятадууд биш Герман, Энэтхэгийн инженер техникийн ажилчид бий. Тэднийг ажиллуулснаар давхар монголчуудаа сургаж бэлтгэж байгаа юм.
-Өмнөх Засгийн газрын үед оруулж ирдэг байсан ажилчдын тоо хэд дахин өссөний шалтгаан нь юу вэ?
-Зөвхөн цемент шохойн үйлдвэрээс гадна газрын тосны хайгуул хийх зорилготой ажилчид бий. Хайгуулын чиглэлээр хөнгөлөлт эдлүүлдэг. Газрын тосны чиглэлээр хайгуулын үр дүн амжилттай гарвал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд дэмтэй. Тэр үүднээс газрын тос, зэсийн хайгуул хийх хүсэлтэй компаниуд хамрагдаж болдог.
-МАК компанийг хөнгөлөлтөд дэмжиж байна гэсэн шүүмжлэл байна?
-Монгол Улсын төлөө бүтээн байгуулалт хийж байна. Ямар өнцгөөс асуудалд хандаж байгаа нь чухал. Тэгвэл цементийн үйлдвэр барихаа болиод Хятадаас жилд 120 сая ам.долларын цемент худалдаад авъя. Энэ үйлдвэр баригдвал 750 ажлын байр бий болно. Жилд 130 орчим тэрбум төгрөгийн татварын эх үүсвэр шинээр нэмэгдэж байгаа юм. Бүх компани хөнгөлөлт авах эрх нь нээлттэй. Монголын төлөө хийж байгаа бүх компанийг хуулийн дагуу дэмжинэ. Үүнд МАК ч орно. Хөнгөлөлтийг гүйцэтгэлээр нь тооцдог.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
1 078 сэтгэгдэл