2016-2017 оны хичээлийн жилд 5, 9, 12 дугаар ангийг сурч төгсөж байгаа сурагчдаас авах улсын шалгалтыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Улсын шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээний төвөөс шалгалт зохион байгуулах удирдамж, шалгалттай хичээл бүрээр сэдэв, даалгаврыг боловсруулж, тухайн аймаг, орон нутаг, дүүргийн БСУГ, БХ-ийн дарга нартай нууцлалын гэрээ байгуулж, улмаар сургууль бүрийн ахлах ангийн менежерүүдээр нууцлалын баталгаа гаргуулан ажиллаж байна.
Мөн шалгалтын сэдэв даалгаврыг тухайн шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө БСШУСЯ-ны боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.mn/ -д байршуулан, зөвхөннууцлалын баталгаа гаргасан сургалтын менежерүүд тусгай эрхээр татан авч, тухайн сургууль өөрөө улсын шалгалтыг зохион байгуулж, сурагчдын дүн оноог боловсролын мэдээллийн нэгдсэн системд шивж оруулах байдлаар ажиллаж байна.
Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан 12 дугаар ангийн математикийн хичээлийн шалгалтын материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нь нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан зохисгүй, ёс бус үйлдэл гаргасан нь тогтоогдоод байна.
Иймд тус өдөр авагдсан 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас дахин авах болсныг мэдэгдэж байна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
1 сэтгэгдэл