ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардегийн мэдэгдэл бүх талаар "бандан тас” гэдэг шиг л сонсогдлоо. Бээжин хотноо манай Ерөнхий сайдтай уулзахдаа тэрээр "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар тусалж, тууштай дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн юм. Эдийн засгийн хүндрэлээс гаргах түнш хайж энэ хүртэл манайхан бишгүй зовсны эцэст чадлаа.Ер нь бол УИХ-ын дарга нь ч, Ерөнхий сайд нь ч хадаг барин хойд урд хөршөөс эхлэн улс орон дамжин гуйлга гуйдаг манайх шиг улс ховор байх. Ямартай ч эцэст нь ОУВС-г сонгосон. Бүсээ чангалж хэмнэлтийн горимоор ажиллах яггүй шалгууртай тулсан. Тиймээс орно, орохгүй гэж хэсэгтээ талцав. ОУВС ч хүсэлтийг хүлээж авах хүртэл тун ч гэдгэр байсан. Одоо харин эргэж буцалтгүй "бандан тас” болсон. Тал тохой татахгүй бүх талаар дэмжинэ гэдгээ Кристин Лагарде ийнхүү мэдэгдээд байна.
Энэ шийдвэрийг гаргуулах хүртэл нөгөө "Шарын эзэн хүчтэй” хэмээх хэлц үг шиг Сангийн сайд Б.Чойжилсүрэн л сайн, муугаар хэлүүлж зүтгэв. Түүнийх нь хэрэг ч гарлаа. Ер нь тэгээд түүн шиг "Бүсээ чангалахаас аргагүй. Татвар, төлөөс, улсын өр шир гээд хэцүү байна” гэж үнэнийг олон нийтэд шуудхан мэдээлж, ОУВС-нд орохоос өөр замгүй гэдгийг зоригтой хэлж, тууштай зүтгэх Сангийн сайд байх ч уу, үгүй ч үү. Анх Сангийн сайдаар томилогдоход нь автын инженер мэргэжилтэй хүнийг тавилаа гээд баахан шүүмжилсэн. Компани толгойлж, бизнес л хийж үзсэн байх, улсын жасын няравыг дөнгөхгүй гэхчлэн гоочилсон. Тэгвэл өнөөдөр аргаа барсан байдал, эдийн засгийн хямрал, гарцгүйдсэн мухардлаас тэр л гаргалаа. Хэл амаа билүүдсэн олны шуугианаас айсангүй. Энүүхэндээ гэхэд элдэв долооноор хэлж гоочилсон хүмүүсийн дайралтаас халгаж буцаагүй, нүүрээ ширлэж зүтгэсэн түүнд өнөөдөр харин ч талархал илэрхийлүүштэй.
Манай Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэд хэдэн асуудлыг онцолсон. Тухайлбал, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр батлагдаж, хэрэгжсэнээр олон боломж нээгдэж байна. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Энэ зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай байх юм.
Түүнчлэн манай улсын Засгийн газраас Дэлхийн банктай 2013-2017 онд хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай 2017 онд хамтран ажиллах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан байдаг. Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Зээлийн хүрээнд үндсэн гурван төрлийн төсөл хэрэгжүүлэх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр хяналт үнэлгээ, мониторинг хийх төсөлд 25 сая ам.доллар, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлд 12 сая ам.доллар, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төсөлд 42 сая ам.долларыг тус тус зарцуулахаар тусгасан байна. Тус зээлийг Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд тооцож оруулж ирсэн, ойрын таван жилийн өрийн хязгаарт багтаж байгаа ч Сангийн сайд мөн онцлон тэмдэглэсэн.
Тухайлбал, Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтсон. Иймээс өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээнд нэмэлт оруулж, хэрэв зээлийн үлдэгдэл хөрөнгө гарвал экспортод чиглэсэн салбарт эх үүсвэрийг зарцуулахаар ойлголцож тохиролцсон. Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн, эхний ээлжинд зөвлөх компаниа сонгон шалгаруулсны дараа нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулахаар "галт тэрэг” ч замдаа аль хэдийнэ гарчээ.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: www.polit.mn
1 сэтгэгдэл