|

Айлаас эрэхээр...

Айлаас эрэхээр...

 

Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Манай улсын эдийн засгийн хямралаас гарахын тулд гадны зээл тусламж авах зайлшгүй шаардлагатай болсныг албаныхан дуулгасан. Тиймээс үүнийгээ ажил хэрэг болгон Олон улсын валютын сангаас "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болж байгаагаа олон нийтэд мэдээлээд удаж буй. Сүүлийн үед тус сангийн тавьсан шаардлагыг биелүүлсний дараа энэхүү хөтөлбөр бидэнд хүртээлтэй болно гэсэн давхар шаардлагыг ирүүлсэн нь багагүй бужигнаан үүсэв. Авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг зарчмаар бид тэдэнд таалагдахын тулд төсөвтөө тодотгол хийв. Гэвч өгөх тал нь дэлхий дамнан үйл ажиллагаа явуулдаг компанийн гомдлоос үүдэлтэйгээр манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар хэлэлцэлгүй гэдийж хүссэн шийдвэрээ гаргуулав. Эдийн засагт цус сэлбэх мөнгө эргэлдүүлэхийн тулд Олон улсын валютын санд таалагдах арга хэмжээ болгон долоон төрлийн татварыг нэмэв. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан ч төр төмөр нүүрээ харуулсан. Тодруулбал, автомашины онцгой албан татварыг нэмсэн нь олон хүний амьжиргаа болон арилжааны банкны зээлд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг ярьж байна.

 

Төрийнхний зүгээс хичээнгүйлэн хөөцөлдөж буй 440 сая ам.долларын хөнгөлттэй зээл, улмаар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон зэрэг улс орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларыг үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхэлэгчид төвөггүйхэн олчихно гэдгээ илэрхийлж буй. Үүний тулд манай улсын хууль эрх зүйн орчин, төрийн бодлого тогтвортой байх нь чухал аж. Төр үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжсэнээр одоогийн эдийн засгийн хямралаас гарах боломжтой юм. Үүний тулд ойрмогхон орж ирэхээр яригдаж буй томоохон төслүүдийн чимээ чих дэлсэж байгааг анхаарч алдалгүй ашиглах боломжийг эрэлхийлэх нь чухал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тиймээс мөнгөний эрэлд хатаж буй төрийн түшээд томоохон хөрөнгө оруулалт татахаар хөөцөлдөж буй бизнесийнхнээ тойглосон нь дээр ч юм шиг. Валютын сангийнхан "Рио Тинто”-гоо тахин шүтэж байхад, Монголчууд үндэсний үйлдвэрлэгчдээ яагаад дэмжиж болохгүй гэж...

 

Д.ОЮУНЧИМЭГ

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

1 сэтгэгдэл