|

Г.Уянга: "Үзэн яд, гүтгэ, доромжил, гутаа, дэвсэл, гишгэл...!"

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭНН-аас УИХ-ын гишүүдэд албан бичгээр тавьсан хүсэлтийг хүлээн авч Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагааг УИХ дээр эхлүүлж амилуулсныг олон нийт дэмжиж байгаад талархаж байна. Уг асуудал одоо С.Жавхлан гишүүний гардан авч явах үйл хэрэг боллоо. Гишүүндээ амжилт хүсэхийн сацуу боломжит бүхий л хэлбэрээр дэмжиж хамтран ажиллах үүрэг та бидэнд үлдлээ. Үндсэн хуульд заасанчлан үнэхээр ЗАСГИЙН БҮХ ЭРХ ГАГЦХҮҮ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД байдаг юм бол түүнийг бид харуулах ёстой! Энэ үг худлаа юм бол худлаа гэдгийг нь ч бас баталъя! 
 
Харин энэхүү дэмжлэгийг сааруулах ажиллагаа эрчимтэй явж эхэлжээ. Үүний нэг нь С.Жавхлан гишүүн биднийг холдуулан салгах гэсэн зохион байгуулалттай, төлбөртэй оролдлогууд. Эхний өдрөөс л олон нийт уухайлан дэмжиж эхэлмэгц маргаашнаас нь нэр нүүрээ нуусан олон хүмүүс чухам л болохгүй хүнтэй нийллээ гэж илтэд зохион байгуулалттайгаар олноороо дайрч давшлах болов. 
 
Олон түмнийхээ хайр хүндэтгэл, алга ташилтаас улстөрийн хатуу тэмцэл рүү ханцуй шамлан орсон сайхан сэтгэл, итгэл дүүрэн залуу хүн улстөрийн хатуу ширүүн гүтгэлэг, дайралтыг амсаж амжаагүй яваа тул үүнд эмзэглэн нугарах вий хэмээн бас болгоомжилж энэ учраа утсаар хэлтэл харин өөдөөс "Хоюулаа олон түмэнтэйгээ, дээлтэйгээ байхад бүхнээс хамгаалагдана даа. Битгий санаа зов” гэж маш тайвнаар хэллээ. Дотор уужрахын хамт хоолой зангирч ирэв. 
 
Миний хувьд доромжлол, гүтгэлэг, магтаал сайшаалын алинд ч сэтгэл хөвсөлзөхөө нэгэнт больжээ. Намайг үзэн яд, гүтгэж доромжил, гутаа, нулим, дэвсэл, гишгэл, гарт таарсан юу дуртайгаараа шидэл, амандаа орсон муу үгээрээ хараа...дураараа л бол. Энэ бүхэн надад огт нөлөөлдөггүй тул хайран нерв цаг, мөнгөө үр ашиггүй барахын нэмэр дээ. Тэр бүхний хажуугаар инээмсэглэн өнгөрч замаа хөөх чадал, хүч, бас олон түмний хангалттай хайр, хамгаалалт надад бий. Өнгөрсөн хугацаанд улстөрөөс олсон "ашиг” минь энэ л юм. Үүнээс өөр хамгаалалт өнгөрсөн бүх хугацаанд надад юу ч байгаагүй юм шүү! Түүнийг салгах гэж хичнээн оролдоод ч олон жилийн гүн бат итгэл, сэтгэлийн холбоосыг тийм ч амархан тайлж дөнгөхгүй ээ! 
"Дөжирсөн дүлий” намайг эсрэг хүчнүүд ч бас нэгэнт гадарлах болсон тул энэ бүх дайралт шинэ залуу улстөрчийг мохоох гэсэн дайралт биз. Аз болоход Жавхлан гишүүн нийгмийн сүлжээний бодат бус ертөнцөөс ангид, асуудлын дотоод мөн чанарыг үнэн бодтойгоор олж харж чаддаг залуу ажээ. С.Жавхлан гишүүнийг дутуу үнэлэх хэрэггүй!
 
Зарим нэг нь бас биднийг басамжлан "Дугуй дугуйгаа олж дээ” гэжээ. Тиймээ, дугуй дугуйгаа олсон! Дахиад ч олон дугуйгаа олж нэгдмээр байна. Чухам л дугуй дугуйгаа зөв олох цаг тулгараад байна!
Бас "Та хоёр нийлээд дуугаа дуулаад яв” гэнэ. Намайг үнэлсэнд баярлалаа. Гэвч би төрөлхийн байгалийн авъяаст дуучин Жавхлантай тайзанд дуулах хувь дутуу төрснөө мэднэ. Харин Монголын төлөө сэтгэлийн дуугаа хоршин дуулж чаднаа. Энэ л дуугаа Монголоороо, хоороороо дуулах цаг ирээд байна!
 
Бусдын явуулгад өртөн бие биенээ хардах, үл итгэх, салж сарнин хуваагдан бутрахын зовлонг бид дахин 26 жил туулсан бус уу?! Одоо улсаа зарж идээгүй л бол тэр хүмүүстэй хамтарч нэгдэн нягтрах цаг. Тэр байтугай алдаагаа ухаарч, өршөөл уучлал эрээд хулгайлж зувчуулж олсон хөрөнгөө улсдаа тушааж чадах хүн гарч ирвэл түүнийг ч бас уучлэн энэрч МОНГОЛ НЭГ БОЛОХ цаг! Бид олон зовлон туулж, олон ч хүнээ алдаж, бас ч чамгүй өндөр төлбөр төлсний эцэст эв нэгдлийн чухлыг ухаарч байгаа ард түмэн. Өмнөх бүхий л түүх бидэнд үүнийг л өгүүлдэг. Ухаантай хүн өнгөрсөн алдаанаасаа суралцана, тэнэг бол биеэрээ туулж байж мэднэ! 
 
Олон түмний дунд олон янзын санаа бодолтой, мэдээлэл, мэдлэг боловсрол төдийгүй явсан зам туулсан зовлон, итгэл үнэмшил, эрх ашиг өөр олон бүлэг бий ч нийтлэгээрээ ард түмэн ухаантай байдаг гэдэгт би бат итгэдэг. Цөөн байхын зовлон их ч бас давуу тал олон бий. Монголчуудын тэр давуу талуудын нэг нь аливааг үнэн зөвөөр ойлгож ухах чадвар, ирээдүйгээ авч үлдэх ухаан, сэтгэл нь, тулгарсан бодтой аюулыг совингоороо мэдэрч түүнээс зайлж чадах зөн гэж би итгэж байна. Одоо бол МОНГОЛ НЭГ БОЛОХ ЦАГ!
 
ТТЭНН-ын дарга Г.Уянга

456 сэтгэгдэл