|

Пунгеригийн цөмийн туршилтын талбайг буулгана гэж амлажээ

 

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа Пунгеригийн цөмийн туршилтын талбайг хаахаар амлажээ. Ёнхап агентлаг ингэж мэдээлсэн байна.

Задлаж буулгах ажил тавдугаар сард эхлэж, олны нүдэн дээр явагдана. Аюулгүй байдлын шинжээчид болон сэтгүүлчдийг урина гэж Ким Чен Ун мэдэгджээ. "Туршилтын талбайн тоног төхөөрөмж ажиллахгүй байгаа хэмээн зарим хүн ярьдаг, гэвч тоног төхөөрөмжийн байдал сайн байгааг та бүхэн харж байна” гэж Умард Солонгосын удирдагчийн хэлснийг Мүн Жэ Иний хэвлэлийн нарийн бичгийн дарга Ён Юн Чан хэлэлцээний дүнгийн тухай хэвлэлийн хурал дээр иш татан дурджээ.

Умард Солонгосын ууланд байдаг цөмийн туршилтын талбай нурж, БНАСАУ-ын хөрш орнуудыг цацрагт хордох аюулд оруулсныг Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дөрөвдүгээр сарын 25-нд мэдээлсэн юм. Чухам энэ нь пуужингийн болон цөмийн туршилтыг зогсоож, тус орны хойд нутаг дахь туршилтын талбайг хаахаар Ким Чен Ун мэдэгдэх шалтгаан болсон байж болох юм гэж шинжээчдийн нэг хэлсэн байна.

Цөмийн туршилтыг зогсоохоор шийдвэрлэсэн нь Пхеньяны эрх баригчид туршилтыг царцаахаар АНУ-д өгсөн амлалтаа нотлохыг хүсч байгаатай холбоотой гэж өмнө нь мэдээлж байсан юм.

Хоёр Солонгосын удирдагчид саяхан анх удаа уулзахдаа, хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж,Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох тийш урагшлахаар тохиролцсон юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Мичиган муж улсад өөрийн талынхантай уулзахдаа, БНАСАУ-ын удирдагчтай уулзах товыг нэрлэснийг хэвлэлд дурджээ.

"Умард Солонгосын удирдагчтай миний хийх хэлэлцээ гурав-дөрвөн долоо хоногийн дотор болж болох" юм гэж Трамп хэлсэн байна. Ким Чен Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал хэлэлцэнэ гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч Японтой хэзээ ч яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японы ерөнхий сайд Шинзо Абэтай утсаар ярихдаа ингэж хэлжээ. Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Япон, Солонгосын хооронд гүүр болоход бэлэн байгаагаа бас илэрхийлсэн байна.

С.Инда

258 сэтгэгдэл