|

Өвөлжилт хүндэрсэн аймгуудаас нөөцийн мах бэлтгэнэ

ХХААХҮЯ-ны хүнсний үйлдвэрлэл бодлого зохицуулалтын газрын дарга Т.ГАНТОГТОХоос нөөцийн махны асуудлаар тодрууллаа.

 

-Энэ жилийн нөөцийн махны бэлтгэл ажил оройтсон гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

 

-Махны үйлдвэрүүд өнгөрсөн намар хоёр сар хүртэлх хугацааны мах бэлтгэсэн. Бидний зүгээс өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 127 сумын малчдаа дэмжиж, мал хорогдохоос нь урьдчилан сэргийлэх хүрээнд яаралтай мах бэлтгэл хийх шаардлагатай гэж үзэн нөөцийн мах бэлтгэх ажлыг арилжааны банктай хамтран зохион байгуулахаар төлөвлөж, банкуудад хамтарч ажиллах хүсэлт илгээгээд байна. Ингэснээр нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгж хэчнээн хэмжээний махыг хаанаас, хэн гэдэг малчнаас бэлтгэх, хаана хадгалах, хэзээ худалдах зэрэг төлөвлөгөөний дагуу бичиг баримтаа бүрдүүлэн арилжааны банкинд хандсанаар бага хүүтэй зээл авах боломжтой болно. Ингэснээр тухайн малчны дансанд мөнгө нь шууд орох юм. Өвлийг хүндрэлтэй давж буй малчдаа дэмжихээс гадна ченж нэртэй ашиг ологч, хувь хүмүүс малчдаас хямд үнээр мах авчихаад өндөр үнээр борлуулж, махны үнэ хөөрөгдөхөөс урьдчилан сэргийлэх давхар үр ашигтай болно.

 

-Хэчнээн хэмжээний мах нөөцлөх вэ. Махны чанар, зоорийн хүртээмж ямар байна вэ?

 

-Энэ жил 30 тонн буюу 3-7 сар хүртэлх хугацааны нөөцийн мах бэлтгэнэ. Одоогоор өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын бэлтгэсэн 11 мянган тонн махыг яаралтай худалдан авах ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. Малчид малаа хорогдохоос сэргийлж, тамир тэнхээтэй байгаа дээр нь нядалж, нөөцөлж байна. Зоорийн хувьд нийт 41 мянган тонн махны багтаамжтай учир асуудалгүй байх.

 

-Нөөцийн махыг малчдаас авах үнэ болон борлуулах үнийг тогтоосон уу?

 

-Худалдаалах үнийг тогтоохдоо шалгаруулалтад тэнцсэн компаниудын дундаж үнэ, өнгөрсөн оны болон зах зээлийн үнэтэй харьцуулан тогтоодог. Одоогоор ажил дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой зүйл хэлэх боломжгүй байна.

 

-Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хуулийн талаар хэлэлцэж байна. Тэгэхээр эдгээр хууль батлагдвал махыг ил задгай худалдаалах байдал өөрчлөгдөх үү?

 

-Энэ хуулийн дагуу махны хяналтын дүрэм, мах, махан бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын дүрэм гэж байгаа. Энэ хүрээнд тодорхой журмаар зохицуулалт хийж болно. Одоогоор батлагдаагүй дүрэм, журмын талаар тодорхой хэлэх зүйл байхгүй. Ер нь махыг ил задгай худалдаалдаг байдлыг зайлшгүй өөрчлөх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Тиймээс энэ байдал дээр анхаарч ажиллана.

 

Т.Дуламжав

74 сэтгэгдэл