|

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан  архивын баримтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын гишүүд оролцов.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж архивын баримтын үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ  "2225 жилийн түүхтэй төрт улс маань түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээрээс 25 жилийн ойг нь тэмдэглэж байгаа шинэ Үндсэн хууль бол монгол хүн өөрийн оюун ухаанаар бүтээж боловсруулсан бахархалтай. Бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, Ардын Их Хурлын депутатууд 70 гаруй хоног хуралдаж байж баталсан Үндсэн хуулийн баримтыг харуулах үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр хийж байна” гээд Үндсэн хуулийг батлалцсан  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүд, үзэсгэлэнг гаргахад өндөр хувь нэмэр оруулсан УИХ-ын тамгын газрын ажилтнуудад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Энэхүү үзэсгэлэнд Үндсэн хууль батлалцсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатыг тойрог бүрээр нь харуулсан гэрэл зураг, Үндсэн хууль батлах үеийн үйл явдлын архивын баримтыг дэлгэрэнгүй тайлбартайгаар дэлгэн тавьсан байна.

БНМАУ-ын Ардын Их Хурал анхдугаар хуралданаараа БНМАУ-ын Ерөнхийлөгчийг сонгон, БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрыг байгуулж төрийн шинэ тогтолцоо бий болгосон, хоёрдугаар хуралдаанаараа Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсныг энэхүү үзэсгэлэнгээс харж болно.

Түүнчлэн үзэсгэлэнд ард иргэдээс ирүүлсэн Үндсэн хуулийн төслийн эхийг дэлгэн харуулсан бөгөөд архивын уг баримтад "Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт 900.000 гаруй хүн оролцож, 220.000 орчим санал гаргасан бөгөөд дээрх саналуудын 44.3 хувийг Үндсэн хуульд ямар нэг хэлбэрээр тусгасан байна” гэсэн тайлбар хаджээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар 430 депутат 70 гаруй өдөр билэг оюунаа шавхан хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цаг 35 минутад шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

108 сэтгэгдэл