|

5.5 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЮУ ХИЙХ ВЭ

5.5 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЮУ ХИЙХ ВЭ

 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийж, "Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахаар болоод байгаа билээ. УИХ- ын чуулганаар асуудлыг эцсийн байдлаар батална. Ер нь бол энэ долоо хоногийн чуулганаар төсвийн тодотголыг батлуулчих болов уу. Түүний дараа ОУВС-гаас 440 сая ам.доллар орж ирэх байх. Цаашлаад бусад эх үүсвэрээс тэрбум тэрбумаар яригдах ам.долларыг манай Засгийн газар зээлнэ. Юуны өмнө Японоос 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах нь тодорхой болчихоод байгаа.
 
Цаашлаад Солонгосын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудал шийдэгдсэн талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга, УИХ- ын гишүүн Ж.Мөнхбат ярьсан байсан. Мөн Турк улсаас 700 сая ам.долларын зээл авах талаар хэлэлцээр хийж байгаа юм билээ. Түүнээс гадна, Хятадаас тэрбум ам.долларын зээл авах асуудал ч бас яригдаж байгаа. Далай ламын айлчлалтай холбоотойгоор манай хоёр улсын Засгийн газар хооронд бага сага асуудал үүссэн. Түүнээс болоод зээл авах ажил хурдан шийдвэрлэгдэхгүй байгаа талаар ярьж буй. Гэхдээ л тэндээс зээл авах болов уу. Хойд хөршөөсөө 1.5 тэрбум ам.доллар зээлэх асуудлыг ч бас ярьсан. Гадаад харилцааны сайд хоёр оронд айлчлахдаа зээлийн асуудлыг ярьчихаад ирсэн. Дээрээс нь Энэтхэгээс тэрбум ам.долларын зээл авах яриа ч бас бий
 
Ер нь бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар цаашид 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдэнэ гэж байгаа. Тэгвэл энэ их мөнгийг чухам юунд зарцуулах вэ гэдэг асуулт байна. Сангийн сайд нь болохоор бүтээн байгуулалтад зарцуулна гэсэн ерөнхий хариулт гишүүдэд өгөөд байгаа. Чухам яг ямар бүтээн байгуулалт юм бүү мэд. Одоогоор хэрэгжүүлэхэд бэлэн болчихсон, Монгол Улсад хэрэгтэй, ТЭЗҮ нь гарчихсан төсөл, хөтөлбөр байгаа бил үү. Байхгүй гэж ойлгож болно.
 
Тэгээд ч манай улс 5.5 тэрбум ам.доллар гаднаас зээлэх хэрэг байгаа юу гэдэг ч бас сонин. Өнгөрсөн дөрвөн жилд АН эрх барьж байхдаа 1.5 тэрбум ам.долларын зээл авчираад, баахан зам барьсан. Буруу биш л дээ. Замаа шийдэх л ёстой байсан. Гэхдээ манайд бас томоохон үйлдвэрүүд ч хэрэгтэй байгаа. Ядаж л нефть боловсруулах үйлдвэрээс авахуулаад. Цаашлаад эдийн засгаа солонгоруулах шаардлага бий. Гэтэл манайхан болохоор бондоор мөнгө босгож ирээд, их хэмжээний өр тавьчихаад, баахан компанид зээлээд л дуусгасан. Өнгөрсөн хугацаанд зам тавьсан, Хөтөлийн цементийн шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаас өөр ярих юм байгаа бил үү. Тэр ч тэдэн сая ам.доллар зээлсэн, энэ ч ингэж авсан гээд л өнөөдөр ч хэрүүл хийгээд л байж байгаа. Чухам юу хийх, яаж зарцуулахаа төлөвлөөгүй их хэмжээний мөнгө зээлж ирсэн гэж өмнө Засгийн газрын үед толгойтой бүхэн л шүүмжилсэн.
 
Тэгвэл одоо дахиад яг тэр нөхцөл байдал давтагдах гээд байна. Тэгэхдээ өмнөхөөсөө хамаагүй илүү мөнгийг зээлж, чамгүй өрөнд Монгол Улс орох гэж байдаг. Гэтэл тэр мөнгөөрөө юу хийхээ төлөвлөөгүй л сууж байна. ОУВС-тай эцсийн байдлаар тохирчихвол орж ирэх зээл, тусламжаар юу хийхийг тэд заах бололтой юм шиг ярьсан байсан, Сангийн сайд. Хамгийн гол нь ОУВС-аас юу хий гэх нь бас сонин байна.
 
Энэтхэгээс авахаар яриад байгаа тэрбум ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр барих яриа бий. Гэхдээ тэндээсээ яг авах юм уу, авлаа гэхэд үнэхээр нефть боловсруулах үйлдвэр барих уу гэдэг эргэлзээтэй. Уг нь бол манайх яаж ийж байгаад нефть боловсруулах үйлдвэртэй болчих хэрэгтэй. Орос жаахан крантаа хаахад л манайх машин техникээ хөдөлгөж чадахгүй дээрээ тулна. Тийм болохоор ядаж л түргэн тусламж, цагдаа, онцгой, тэгээд тариалалт хийх машин техникээ хөдөлгөхөөр хэмжээний шатахуун үйлдвэрлэж л байх ёстой. Оросын талаас зээл авах хүсэлт тавихад тэд эрчим хүчний чадлаа дээшлүүлэх төсөл хөтөлбөрт мөнгө өгнө гэсэн талаар албаныхан мэдээлсэн.

Харнн Хятадын тал хэрвээ мөнгө өгвөл гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах хөтөлбөрт түлхүү ашигла гэсэн чиглэлийг өгч байгаа юм билээ. Ер нь бол орон сууц барих, иргэдээ байранд оруулж, нийслэлээ агаар, хөрсний бохирдлоос салгах шаардлага бий. Гэхдээ одоо бэлэн байгаа 40, 50 мянган айлын орон сууцаа яаж зарах вэ гэдэг дээр боддого хэрэгтэй л байна. Шинээр орон сууц барих гэхээсээ илүүтэй. Одоо манайд боловсруулах үйлдвэр хамгийн хэрэгтэй байгаа. Бүхий л байгалийн баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагшаа зөөж, хямдхан зарсаар байтал дуусах нь. Тийм болохоор эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүд хэрэгтэй байгаа. Энэ мэт төсөл, хөтөлбөрийг хөдөлгөх талаар их бага яриад байна.

Энэ жил Дархан, Эрдэнэт чиглэлийн замыг өргөтгөж, засна гэж байгаа. Бодвол зээлээр орж ирэх мөнгөөр л санхүүжүүлэх байх. Хамгийн гол нь томоохон төсөл хөтөлбөрүүд л урагшаа ахихгүй, дахиад баахан зам, орон сууц бариад л зээлээр орж ирсэн мөнгөө үрэн таран хийж дуусгах вий гэж айгаад байна. Энэ талаар ч гишүүд, сөрөг хүчнийхэн яриад байгаа.
 
Нөгөө талаар өрийг өрөөр дарах магадлал их. Сангийн яамны ТНБД Б.Нямаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Засгийн газар зээл аваад, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх,     Монгол Улсад бий болж болзошгүй өрийн дарамтаас сэргийлэх зорилготой. Яг нэр заасан зориулалт байхгүй” хэмээн хэлсэн байсан. Магадгүй орж ирж байгаа зээлийн 500 сая ам.доллар нь 2018 оны нэгдүгээр сард "Чингис” бондын өрийг дарахад зарцуулагдах болов уу. Ингэж хардаж болохоор байна. Монгол Улсын Засгийн газар энэ байдлаараа 10 гаруй тэрбумын өртэй болох нь. Өр зузаарсаар, эргээд мөнгө олж өгөх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт зээлээ зарцуулахгүй бол 2030 оны үед бид доороос нь босохгүй л юм болох вий дээ.
 
Хамгийн гол нь одоо тавих өрөө л зөв зүйлд зарцуулмаар байна. Олон жил ярьсан аж үйлдвэрийн парк. Төмөр зам, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр гээд Монголд хэрэггэй төсөл хөтөлбөр уг нь бий дээ. Энэ хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгож байж л бид өөдөлнө. Тэгэхгүй өч төчнөөн тэрбум ам.долларыг бие биедээ сая саяар нь зээлээд, дараа нь төрийн нуруун дээр "шидчихээд” яваад байвал өнгөрлөө л гэсэн үг. Эрх баригчид эрх биш нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа байлгүй дээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

98 сэтгэгдэл