|

НУТГИЙН НУУЦСААС-02...

НУТГИЙН НУУЦСААС-02...

Арын хангайн Булган хайрхан уул бол байгалын уран гоо сүмбэр юм. Энэ гоо сүмбэрийг уулсын дундаас олж, номын гэрэлт сүм хийдийг анх барих газрыг хайж явахдаа мөнгөн аяга хөмрөн тавьж гурван их гэгээнтэн газраа булаалдсан гэдэг. Гурван гэгээн болбоос Өвөрхангайн Өндөр гэгээн, Баянхонгорын Ламын гэгээн, манай архангайн Зая гэгээн л дээ. Үлгэрийн сүмбэр уулыг номын суваргат сүм хийдийн орноо болгох гээд гэгээрсэн бурхад булаалдахгүй яах билээ? 
Зандан модон эрихээрээ ороолголцож, баринтагт судраараа гөвөлцөж, мөнгөн аягаараа шидэлцэж, ханцуй юугаа шамлан зодолдолтой биш дээ.
Ая эвээрээ, арга билгээрээ, билгүүн эрдмээрээ, ид шидэт тарниараа мөрийцөж унтахдаа өлөн бор өвсөн дээр мөнгөн аягаа тавьж, хэнийх нь аяган дороос алтан дэлбээт цэцэг ургахыг харья. Цэцэг ургуулж чадсан нь энэ уулын эзэн болсуу гэлцжээ. Заяын гэгээний аяган дор цэцэг ургажээ. Харин үүр цүүрээр Өндөр гэгээн мөнөөх цэцэг дээр өөрийнхөө аягыг сольж тавихыг Ламын гэгээн харжээ. Өглөө болжээ. Заяын гэгээн Өндөр гэгээнд хандаж "За танай шавь нар урт гартай болж мэдэх шүү..." гэхэд Өндөр гэгээн ичиж улайхад Ламын гэгээн "Би ч эндээс явья даа...та хоёр учраа ололц" гэхэд Өндөр гэгээн "За Зая минь энд сүмээ босго хөө..." гээд мөнгөн аягаа өвөртлөөд явжээ. Ийнхүү мөнгөн аяган дороо алтан цэцэг ургуулж чадсан Заяын гэгээн Булган хайрханыг номын уул болгоод энгэрт нь Зонхов бурхны хөргийг залж, шавь нараараа өглөө бүр судар үүрүүлэн гороолуулж, будар чулуут, боргио булагт хайрхныг Бурханы сүмбэр уул болгоод "Чадах нэг нь судар үүрээд уулаа тойрч бай...чадахгүй нөгөө нь Булган уулаа алсаас нэг харчихаж бай...бүүр чадахгүй бол уулаа сэтгэлдээ ургуулан бодоод явж бай" гэж айлдсан юм гэдээг. Зая бандидын сүм хийдээс эсэргүү бослого, хэлмэгдлийн үеэр 70 тэрэг судар ном хураан ачиж явсан гэдээг бас. Ийм л уулаа бивээр боломж олдох бүрий судар үүрэн гороолдог бөлгөө. Гэргий минь энд төрсөн, охин минь энд төрсөн, хүү минь энд төрсөн...Миний шүлэг бүтээл бүхэн энд төрсөн...Яахин энэ Бурхан сүмбэрийг шүтэхгүй байхсан билээ...

2018.07.11-15-ны шүншигт өдрүүдийн хийморь оршмуу...

Batsaikhan Jigmed


47 сэтгэгдэл