Өнөөдөр дэлхий даяар гэгээн хайрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Анх манай эрины 3 дугаар зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Үүнийг Христосын шашинтай залуу лам Валентин хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байжээ.
Энэ талаар мэдсэн Клавдий хаан хилэгнэн, Валентиныг гянданд хорьсон юм. Тэрээр хоригдож байхдаа гяндангийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Хаан түүнийг цаазаар авах ял буулгаж залуу лам Валентин хайртай бүсгүйдээ "Чиний Валентинаас” хэмээн хаягласан өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, тэнгэрийн орноос ч түүнийгээ үүрд хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвасыг бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч үл хайхран дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлсөн Валентиныг цаазалсан өдрийг хүмүүс тэр үеэс хойш өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Валентины баярыг Европ тивд 13 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж ирсэн бол дэлхий даяар 18 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж эхэлжээ. Гэгээн хайрын өдрийг улс орон бүр өөр өөрийн онцлог хэв маягаар тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Жишээ нь Англид, нөхөрт гараагүй бүсгүйчүүд энэ өдөр хамгийн эхэнд таарсан эрэгтэй хүнээ ирээдүйн нөхөртэй нь адилхан төрхтэй хэмээн боддог байна. Харин Япон улсын хувьд энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн Азийн анхны улс юм. Японд бол тухайн эмэгтэй нь эхлээд хайртай хүндээ сэтгэлээ илчлэн бэлэг өгдөг бол хариу сэтгэлээ илэрхийлж шоколад бэлэглэдэг байна.
Түүнчлэн Солонгос улсын хувьд Япон улстай ижил байдлаар тэмдэглэх боловч хосууд сар бүрийн 14-ны өдрийг онцгой өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Харин Норвеги улсад танихгүй дугаараас таалагддаг бүсгүйдээ хайрын захиа, шүлэг зэргийг бичин илгээдэг байна. Харин бүсгүйн хувьд хэн илгээснийг таах ёстой юм. Хэрвээ тааж чадахгүй бол Улаан өндөгний баяраар эрэгтэйдээ өндөг чимэглэн бэлэглэдэг. Манай улсын хувьд Гэгээн хайрын баярыг 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн нандин бэлгийг хайртай хосууд 2 биедээ бэлэглэдэг билээ.
268 сэтгэгдэл