|

Ц.Дамдинсүрэн - Чемодантай Юм

Ц.Дамдинсүрэн - Чемодантай Юм

Зуны эхэн сарын нэг тунгалаг үдэш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын ногоон модон бандан дээр хоёр залуухан хүүхэн сууж байна. Тэр хоёрын нэг нь Цээмаа. Цээмаа хүүхэн зааны ясан савх шиг цагаан гараараа нуурын ус шиг долгиотсон хар гэзгээ илээд, эрвээхэйн далавч шиг эрээн мяндсан алчуураараа янзаган нарийнхан хүзүүгээ ороогоод салхинд ганхсан хонгор зул цэцэг шиг гунхалзан сууж байна. Нөгөө хүүхэн Бумаа найз Цээмаагаа харж хааяа инээмсэглэхэд түүний хөөрхөн уруулын цаанаас цав цагаан шүд нь шинэхэн цасан дээр тунгалаг нарны гэрэл туссан юм шиг гялалзана. Эрээн мяраан юм өмссөн ганган Цээмаагийн дэргэд төв энгийн хувцастай цэвэрхэн бор хүүхэн Бумаагийн сууж байгаа нь тогос шувууны дэргэд хээрийн галуу сууж байгаа юм шиг харагдана.
Хоёр бүсгүйн өмнө зүлгэн дээр тарьсан алаг цэцгүүд зөөлөн салхинд найгаж Цээмаа Бумаа хоёрт баяр хүргэх мэт тохиолдож байна. Жаргаж байгаа нар далд орохынхоо өмнө амжиж хоёр бүсгүйг сайн ажиглаж авъя гэсэн юм шиг баруун байшингийн хажуугаар шуналтайгаар шагайна.
Сайхан цэцэрлэгийн дотор муухай хогтой өндөр төмөр сав юуг яаж гутаах вэ? гэсэн юм шиг ёрдойж байна. Түүний хар сүүдэр нар доошлох тутам улам урт болсоор Цээмааг дамжаад Бумаагийн нарийхан шилбэн дээр тусаад нугарч өрөөсөн хөлийг бугуйлдаад авсан юм шиг харагдана.
Цэцэрлэг дотуур яваа хүмүүсийн нүд хоёр бүсгүйн зүг луужингийн зүү шиг татагдан хандаж байна. Таяг тулсан хазгар өвгөнийг түшиж яваа залуу тэр хоёрын хажуугаар өнгөрөхдөө
- Энэ цэцгүүд мөн ч сайхан ургажээ гэхэд өвгөн нь:
- Тиймээ, бас энэ бөхчүүдийн хөргийг аятайхан хийжээ гэнэ. Хоёул ингэж цэцэг хөрөг хоёрын тухай ярилцах боловч цэцэг хөрөг хоёрын алиныг ч бараг харахгүй Цээмаа Бумаа хоёрыг ширтээд өнгөрлөө. Цээмаа тэднийг ширвэж хараад
- Ийм ядарсан амвтан ингэж тэнэж явахын оронд тэтгэврийн газарт хэвтэж байгаасай гэв.
Цээмаа Бумаагийн зүүсэн эрдэнийн чулуун ээмэг бөлзгийг ээлжлэн харж:
- Чиний энэ ээмэг бөлзөг хоёр мөн ч чамин эд шүү. Буджав авчирч өгсөн биз? гэхэд Бумаа:
- Тиймээ, ноднин Буджав Чехословакаас авчирч өгсөн гэв.
- Шил үү, чулуу юу?
- Чулуу, чулуу. Эрдэнийн чулуу юм гэнэ билээ. Чиний ээмэг ч бас чамин эд байна шүү дээ.
- Пөх, битгий дооглоод бай. Би сувдан ээмгээ гээчихээд энэ мууг зүүж яваа юм. Энэ чинь далайн хөөс. Урьд нэг оюутан бэлэглэж өгсөн юм гээд Бумаагийн нөхөр Буджав урьд оюутан байхдаа Цээмаад ээмэг бэлэглэж өгсөн, гэрлэе гэж гуйж байсныг дотроо санана. Буджавтай гэрлэсэн бол энэ ээмэг бөлзөг хоёул над зүүлттэй байх байжээ гэж санаашран бодно. Цээмаагийн энэ мэтийн атаархах сэтгэл улам өрнөсөөр одоо мэх залийг хэрэглэхэд хүргэв. Тэгээд Цээмаад хэлэв:
- Чи даанч дуугүй номхон хүн юм, жаахан айлгүйтэж сурвал эрэгтэйчүүдийг балмагдуулж чадна даа гэв.
- Айлгүйтэж яйх юм бэ? Яршиг, би чинь Буджаваас өөр хүний өөдөөс эгц харж чаддаггүйь аятайхан хэдэн үг сольж мэддэггүй бүрэг ядуу амьтан.
- Эр хүний өөдөөс аятай харж, маягтайхан хэдэн үг сольж маасганаж сурах хэрэгтэй юм шүү. Жаахан маасганаад өдөөд байвал ямарч эр хүн заавал татагдана. Зулын гэрэл харсан эрвээхэй шиг эргэлдээд ирэхээр нь жаахан горвдоож, зулгуйдаж байгаад сүүлд нь далавчийг нь жаахан хуйхлаад явуулчихгүй юу. Горьдоогоод гонсойлгох сонин байдаг юм гээд Бумааг тохойгоороо ёвров. Бумаа инээгээд:
- Хөөе, гэм энэ хогийн савнаас муухай юм үнэртэж байх шиг. Эндээс зайлъя гэв. Цээмаа хамраа шантайлгаж үнэрлээд:
- Юу ч үнэртэхгүй байна.Энэ дотор тамхины иш, алимны хальс энэ тэрхэн байгаа биз.
- Ялзарсан хог байгаа юм биш үү?
- За, боль муухай юм битгий ярь. Дотроо муухай юм байлаа ч гэсэн гаднаа цэвэрхэн юм байна шүү дээ. За бид хоёр хогийн савнаас өөр ярих юм байхгүй гэж үү гэхэд Бумаа Цээмаагийн сүүдэрт толгойгоо халхалж
- Ер нь хүнтэй хэдэн үг аятайхан сольж сурах ч нээрэн хэрэгтэй байх шүү. Чи тэр маасагнах арга ухаандаа намайг сургаад өгөөч гэхэд Цээмаа жуумалзаж:
- Сургана, сургаад өгнө. Амархаан, чи өөрөө ч мэднэ л дээ. За тээр хоёр хүн ирж явна. Чи тэдний өөдөөс толгойгоо жаахан өндийлгөөд нүдээ талимаатуулаад харчих би ажиглаж байя. Дутагдал гаргавал хэлээд өгнө гэв. Хоёр хүнийг дэргэдүүрээ өнгөрөх үед Бумаа нүдээ талимаатуулан харах гэснээ гэнэт инээд алдаж хоёр гараараа нүдээ дарж тонгойв. Тэр хүмүүсийг өнгөрсөн хойно Бумаа Цээмааг мэлийтэл харж хэлэв:


- Үгүй ер нь чадахгүй юм байна. Больё больё гэв. Цээмаа Бумааг шоолон зэмлэв.
- Эрдэм сурахад цөхөрч болохгүй гэж чи хэлдэг биш билүү?
- За яршиг энэ чинь ямар эрдэм юм бэ?
- Эрдэм байхгүй яах вэ. Чухам эрдмийн дээд эрдэм гээд Бумааг ажиглан харав. Бумаа:
- Хээрээ ч бас эрдэм л юмаа гээд тонгойж юм бодов.
Жоохон байзнаад Цээмаа гэнэт Бумаагийн тохойг татаж эхлэв.
- Танай хар хүн чамд хайртай юу?
- За яршиг. Хайртай юм шиг байдаг. Гэвч хүний дотор хүн орж үзсэн биш дээ. Яаж мэдэх вэ?
- Мэдэх л хэрэгтэй дээ, сорьж мэдвэл зүгээр юм биш үү?
- Яаж сорих вэ?
- Сорьж болноо. Урьдаар манай хар хүнийг сорьж үзье. Дараа нь танай хар хүнийг сорьж үзье. Тэгэх үү? За юу? гэж шийдвэртэй асуугаад нүдээ онийлгон арга ухааныыг бодож байна. Бумаа жаахан тусагнаж байснаа:
- Юугий нь яаж сорих юм болоод байна гээд инээв.
- Хайртай хайргүйг сорихгүй юу?
- Дэмий байхаа, ямар хөгийн юм болдог бол доо? Зүгээр тоглож байгаа хэрэг биз дээ?
- Тиймээ тийм тоглож сориод үзье л дээ. Тоглохын хажуугаар байдлыг нь мэдээд авахад зүгээр шүү дээ. Тэгээд бас эр хүнтэй маасагнаж сурахгүй юу.
- За мэдлээ, мэдлээ гэж Бумаа хэлэв. Цээмаа жаахан бодож байгаад:
- Хүнийг сорьж үзэхгүй суучихна гэж ер буруу юм. Чихэр байна гээд үмхчихсэн чинь давс байвал хэцүү шүү дээ гээд инээхэд Бумаа гайхаж:
- Танай Дэндэв чинь тэгээд давс байгаа юу?
- Үгүй, үгүй. Чихэр нь ч чихэр л дээ. Жаахан давс хужир хольцоотой хямдхан чихэр байх шиг юм. Чи намайг ингэж байна гэж Дэндэвт хэлж гай болов гэхэд Бумаа хэлэв:
- Би хэнд ч муу юм хийдэггүй. Ялангуяа найздаа муу юм хаанаас хийх вэ дээ гэв. Ингаж ярилцсаныхаа дараа Дэндэвийг яаж сорих арга ухааныг Цээмаа Бумаад зааж өгөв. Бумаа ч тэр заавраар оролдоод үзэхийг зөвшөөрөв.

***

Нэг сайн өдөр Дэндэвийн зуслангийн гэрийн гадаа дэлгэсэн хивсэн дээр Бумаа, Дэндэв, Дэндэвийн эгч Догоо, Цээмаа, бас тэдний танил хэдэн хүн суугаад айраг ууж, даалуу тавьж байна. Цээмаа цай чанана гэж гэртээ ороод алга болов. Өндөрлөг нуруутай чийрэг эр Дэндэв тоглож байгаад Бумааг хартал, Бумаа түүнд зүүн нүдээ ирмэнэ. Дэндэв гайхаж хоёр нүдээ аньчихав.
Дараа нь Бумаа даалуугаа дэргэдэх хүндээ шилжүүлээд гэрт орж толинд нүүрээ харж үсээ самнаж, гарч ирээд тоглогчдыг ажиглан зогсохын далимд Дэндэвийн мөрийг түшив. Дэндэв мөрөө илэх далимд Бумаагийн гарыг илэв. Тэгэхлээр Бумаа Дэндэвийн шилэн хүзүү рүү халуун амьсгалаар зөөлөн үлээчихээд суудалдаа сууж даалуу тавив. Гэтэл Бумаагийн царай нэг л хачин болчихоод хүний үүлүүг тахир есөөр идэх гэж тавиад шоолуулав. Дэндэв суниах далимд дэргэдээ сууж байгаа Бумаагийн мөрийг түшив. Тэгэхэд Бумаа:
- За, даалуу битгий харчих гээд зайлсхийв. Бумаагийн царай хачин болчихоод байгааг Дэндэв ажиж түүний сэтгэлийг засахын төлөө "Үлэмжийн чанар" гэдэг дууны эхний бадгийг зөөлөн дуугаар аялав:
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайгий чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг баясганам зээ
Тэгээд тоглож байхын завсар Дэндэв Бумаад хандаж хэлэв:
- Чи тольтой шүүгээ хөдөлгөж доорх шалыг нь угаах юм сан гэж байсан. Угаасан уу? гэхэд Бумаа:
- Үгүй, үгүй маргааш л угаах санаатай гэв.
- Тэгвэл би маргааш ажил тарсны дараа танайхаар орж шүүгээгий чинь зайлуулж өгье, тэгэх үү гэхэд Бумаа хэлэв:
- Би маргааш орой шалаа угаана. Чи амжвал очоорой. Амжихгүй бол яах вэ. Зүгээр. Буджав мөд хөдөөнөөс ирнэ гэж хайхрамжгүй хэлэв.
Бумаа Дэндэвийн мөрийг түшсэнээс эхлэн тэдний бүх харилцан байдлыг Цээмаа гэр дотроос нарийвчлан ажиглаж хэлэлцсэн үгийг алдалгүй чагнаж, хөмхийгөө зуугаад хулгана гэтсэн муур шиг зогсож байлаа.
Тоглоом дуусч Бумааг явах болоход Цээмаа түүнийг үдэж гаргав. Цээмаа замдаа Дэндэвтэй яаж харилцсан тухай Бумаагаас нарийвчлан асууж мэдээд:
- Чамд онцсайн дүн тавья. Чи аягүй бол багштайгаа өрсөлдөж болох хүн байна гээд инээж нүүрийг нь ширтэв.
Нэг өдөр Дэндэв гэртээ сууж байгаад Цээмаад хэлэв:
- Бумаа нэг л жаахан аальгүйтээд байх болжээ. Ганцаараа байж уйдаа юм болов уу? Буджав дандаа хөдөө явах юм гэсэнд Цээмаа өлгөж аваад:


- Та хоёрын хэн нь илүү аальгүйтсэн бол доо? мэдэхгүй, сэнж байхгүйсэн бол дэгээ хаанаас тээглэх вэ? Чи Бумаад нүдээ ирмээд л, гарыг нь илээд л, гэрт нь очоод л, элдвийн заваар юм яриад л, татаж чангаагаад жигтэй юм болоод байна гэх чинь билээ гэхэд Дэндэв тайлбарлаж хэлэв:
- Бумаа жаахан аальгүйтээд байхлаар чулуун хөшөө шиг хүрлийгээд байх нь эвгүй юм уу гэж бодоод нүдээ ирмэсэн, мөрий нь илсэн үнэн, гэрт нь очиж шүүгээгий нь хөдөлгөж өгсөн, нэг аяга цай уугаад гарчихсан. Өөр юу ч болоогүй. Найзындаа туслах хэрэгтэй байна шүү дээ. Дээд сургуульд гэрээрээ суралцахад хэрэгтэй ном байна уу гэж шүүгээтэй номыг нь жаахан эргүүлсэн гэхэд Цээмаа нилээд уурлах янзтай болж:
- Чи өөрөө өдөж хатгаж байгаад Бумааг зөвшөөрөнгүй болохоор булхайгаа Бумаад тохож аальгүйтсэн энэ тэр гэж байна гэж буруу хараад сонин уншаад суучихав. Энэ өдөр хоёул нэг ч үг сольсонгүй өнгөрлөө.
Бас Цээмаа Дэндэвийн хамт ажил хийдэг нэг хүүхэнтэй хардаж худал хуурмаг үг тараах болов.
Ер нь сүүлийн үед Цээмаа Дэндэвээс үргэлж өө сэв эрж хэрүүл өдөх боловч Дэндэвийг хэрэлдэж өгөхгүй болохоор улам хорсож дураараа загнаж зэмлэдэг болов. Дэндэвийн хамаг ажлыг хийж өгдөг Дэндэвийн эгч Догоо гуайг элдвээр хяхаж хавчиж байгаад хөөгөөд явуулав. Дэндэвийг нэг сар хөдөө суманд ажиллаад ирэхэд,
- Чи завхайрч явсан байх. Эмчид очиж биеэ үзүүлээд бичиг авчир гэж хөөгөөд ойртуулахыг болилоо.
Тэгж байтал Дэндэв хөдөөний нэгдэл дээр байнга ажиллах болсонд Цээмаа,
- Миний бие муу байна. Эмнэлгээс холдож чадахгүй гээд хөдөө гарсангүй. Дэндэвийг хөдөөнөөс хааяа ирэхэд гэртээ ч суулгахгүй боллоо. Дэндэв тэгэхээр илэрхий гомдож гасалсан ч үгүй, уурлаж хэрэлдсэн ч үгүй зүгээр сольж өмсөх хувцсаа аваад явчихжээ. Тэгээд Дэндэв Цээмаа хоёр чухамдаа салжээ.
Цээмааг ганцаараа болохоор Бумаа Буджав хоёр ээлжээр эргэдэг байлаа. Буджав Цээмааг эргэх гэж очоод баахан удаад байдаг болжээ. Гэвч Бумаа цагаан сэтгэлтэй гэнэн найз нартаа их итгэдэг хүн учраас огт шижиг авсангүй. Бумаа нэг өдөр Цээмаагаас асуув.
- Буджав чамайг эргэж очоод ажилд чинь туслалцаж байна уу? гэсэнд Цээмаа жуумалзаж:
- Буджаваар туслуулах ажил над байхгүй харин найз минь би Буджавыг жаахан сорьж үзлээ. Чиний төлөө сорьж байгаа хэрэг шүү. Урьд бид хоёр хэлэлцэж тохирсон шүү дээ гэв. Бумаа тэгэхэд инээж:
- За, яаж байна цаадах чинь? гэв.
- Яах ч үгүй юмаа шавар бурхан шиг л дүнхийгээд суух юм гээд их инээв. Бумаа хэлэв "- Манай Буджав жаахан хөнгөмсөг боловч завхайрч явдаггүй юм. Янаг сэтгэлгүй бол хүүхэнтэй үйртож чаддаггүй юм" гэж өөрөө хэлэв.
- Тиймээ, Буджав ч чиний баттай хань юм байна. Намайг л лав тоохгүй юм гэж Цээмаа аятайхан хэлэв. Цээмаагийн үгийг Бумаа мөн итгэж байв. Гэтэл Буджав Цээмааг тоохгүй байна гэдэг бол огт худал үг байлаа. Буджав урьд оюутан байхдаа Цээмаад дурлаж сууя гэрлэе гэж гуйж байсан боловч Цээмаа тэр үед Буджавыг мөрөндөө хувцасгүй, хармаандаа мөнгөгүй даржин оюутан гээд тоохгүй байсан юм. Одоо Буджав дээд мэргэжилтэй дээгүүр тушаалтай болохоор Цээмаа тоож лэд аятайхан харж сорилт хийсэнд Буджав ардын домогт гардаг ёсоор харзанд гүйсэн зээр шиг хатирч очоод хашир анчны хавханд орох шиг Цээмаагийн гарт оржээ. Тэгээд Цээмаа Буджав хоёр нууцаар ханилж эхлэв. Сорилт нь ханмлалт болж хувираад улмаар ханилалт нь гэрлэлт болж хувирахад ойртлоо. Үүнд ганцхан Бумаа саад болж байлаа. Намрын нэг үдэш Буджав Цээмаа хоёул сууж байгаад Цээмаа хэлэв:
- Би ч нөхрөөсөө салчихаад олонд муу хэлэгдээд чамайг хүлээгээд л сууж байна. Одоо чи яах гэж байна даа? гэсэнд Буджав санаа алдаж:
- Би чамтай сууя гэж урьд гуйж байсан. Одоо ч гуйж байна. Ганцхан Бумаагаа . . . Бумааг хөөрхийлөх юм даа гэв. Тэхлээр нь Цээмаа ширүүхнээр харж - Бумаагаа гэнэ шүү. Чи Бумаагаа хөөрхийлөөд намайг хөөрхийлөхгүй байна уу гэж мэгшин уйлж Буджавыг ширүүхнээр түлхчихэв. Буджав айсан туулай шиг бүлтэгнэн байж шивнэн хэлэв:
- Бумаагаас одоо би сална. Хоёулаа тэгээд хурдхан гэрлэчихье. Өнөөдөр ч харихаа больё гээд дуугаа чангаруулж зоригтой эрийн байдал үзүүлэн:


- Яадаг юм эцгий нь гэж хэлээд хоёр зээр алаад дэргэдээ тавьчихсан залуу анчин шиг ханхалзаж суув. Тэгээд Цээмааг овоо тайтгарахаар Буджав хэлэв:
- Намайг Улаанбаатарт дуудаж байна. Өнөөдөр цахилгаан мэдээ авлаа. Танд би удахгүй байх. Ирээд хоёулаа гэрлэчихье гэв. Тэгэхлээр Цээмаа нүдээ сортойлгон харж босож ирээд:
- Хөөе, тэгвэл чи буцаж ирж яах юм. Болбол тэндээ үлдчих. Хоёулаа Улаанбаатарт явчихъя. Энд гэрлэвэл элдвийн яриа муу үг тасрахгүй дэмий юм болно.
- Чи Улаанбаатар явж чадах уу? Чадна, чадна. Би одоо амралтаа авчихъя. Улаанбаатарын Рашаан комбихатад амрах нэг путёвк манай албан газарт ирсэн байна билээ. Түүнийг би авахдаа л авна. Чи хэзээ явах вэ? Аа тэгвэл дараагийн долоо хоногийн хоёр дахь өдөр хоёул явчихъя. Тэнд очоод тэнгэрт тултал жаргачихъя. Харин Бумаад сэдэв авахуулж болохгүй. Чи Бумаад улам хайртай юм шиг байгаарай. Сална, сарнина гэж бүү ярь. Би хэл аманд дургүй юм. Зүгээр л орхиод явчих. Мөд ирнэ гэж хэлээд . . . ажлаар явсан хүн аль саатахыг хэлж гүйцэх вэ. Нэг сар болно гэсэн хүн нэг жил болох ч байдаг. Хэдэн жил болох ч байдаг. Тэгээд хоёр дахь өдөр хоёулаа явчих уу? гээд тэнсэх байдалтай Буджавыг харсанд үргэлж толгойгоо дохиж байсан Буджав их баярлаж:
- Тэгье, тэгье. Чи хоёр билет авчихна шүү. Чи зүгээр юмаа аваад бэлэн болгоод галт тэргэн дээр очоорой. Хэлэлцэж тохирлоо шүү.
- Аа, тийм. Хэлэлцэж тохирлоо. Харин бид хоёрыг хамт явахлаар Бумаа энэ тэр сэжиг авч магадгүй. Чи хоёр дахь өдөр хүртэл манайхаар бүү ир. Би танайхаар нэг ороод гарчихна. Би Бумааг Улаанбаатарт хамт явъя гэж хэлнэ. Чи ч бас тэгж хэлж байгаарай. Харин дагуулаад явж болохгүй шүү. Чи үнэтэй сайн хувцасаа аваарай. Муусайн новшоо орхичихоо. Харин хадгаламжийн кассанд байгаа юмаа . . . Бумаад мэдэгдэлгүй аваад яваарай. Тэр чинь чамд хэрэг болно. Над хэрэггүй. Над өөрт маань жаахан юм бий, за юу гэсэнд Буджав:
- За, за. Мэдлээ, мэдлээ гээд Цээмааг үнсэв. Цээмаа Буджавыг түлхэж:
- За, чи одоо яв гэв. Буджав гарахдаа хэлэв:
- Чи галт тэрэг явахаас хагас цагийн өмнө очоорой. Би тэнд байж байна гэв. Буджав Цээмаа хоёр ингэж хэлэлцэн тохироод халуун янагаар үнсэлцээд тарав.
Буджав Цээмаа хоёрын болзсон хоёр дахь өдрийн үдэш боллоо. Улаанбаатар явах галт тэрэг Сүхбаатар хотын өртөөн дээр зогсож байна. Цээмаа галт тэрэг хөдлөхөөс яг хагас цагийн өмнө юм хумаа аваад хүрч очтол өмнөөс нь нэг танихгүй хархүү угтаж ирээд:
- Цээмаа гуай таны билет энэ гэж билетийг өгөөд вагоны суудалд юм хумыг нь оруулалцаж өгөв. Бас:
- Энэ Буджав гуайн чемодан гээд шар чемоданыг вагонд оруулж Цээмаагийн дэргэд тавив. Цээмаа түүнийг харвал Буджавын хуучин чемодан мөн байна. Харин түүний түлхүүр нь цоожиндоо өлгөөтэй байна. - Цоожилсон юм уу энэ чинь гэсэнд тэр залуу хүү
- Мэдэхгүй мэдэхгүй Буджав гуай өөрөө одоо ирнэ гэж хэлээд гүйгээд гарчихав. Цээмаа юмаа цэгцлэн тавьж байтал: - Ээ, Цээмаа гэж дуудах сонстов. Вагоны цонхоор хартал Буджав, Бумаа бас тэдэнтэй хамт ажилладаг хоёр залуу хамт ирээд зогсож байлаа. Цээмаа гарч тэдэнтэй мэндлээд Бумааг тэвэрч үнсээд, Буджавыг тааламжтай харав. Цээмаа Бумаад хэлэв: - Би Улаанбаатарт очоод дөнгөж Рашаан комбинатад амарчихаад буцаад ирнэ. Энд гэр бараагаа янзлах элдэв ажил бий гээд санаж байгаагаа шал урвуулаад ажиггүй ярьж байв. Бумаа хэлэв: - Чи Улаанбаатарт очоод Буджавыг их сориод байвал дэмий шүү гээд эвгүйхэн инээв. - Хаанаас даа. Бид бараг уулзах ч үгүй байх гээд Цээмаа Бумааг дахин тэврэв.


Бумаа ажиггүй энгийн байхыг хичээж элдэв үг ярихыг оролдох боловч үг бүрээ түгдэрч хэлээд нэг л хачин байв. Тэгэхлээр нь золиг чинь хардаж байгаагүй байгаа гэж бодоод Цээмаа Бумаагийн дэргэдээс салахгүй зогсож хөгжилтэй юм үргэлж ярьж байв. Буджав хоёр хүүхнээс цэрвэж зайлаад аав ээждээ загнуулсан хүүхэд шиг хавчигнаад ийш тийш гүйж байв. Бумаагийн өөр хүнтэй ярьж байх завсар Буджав толгойгоо долоовор хуруугаараа зааж, дараа нь чигчий хуруугаа гозойлгон би их муу хүн гэсэн дохиог Цээмаад өгөв. Гэвч Цээмаа тэр дохионы учрыг сайн ойлгосонгүй.
Тэгтэл дохио дуугарч галт тэрэг хөдлөх боллоо. Цээмаа баяртай гэж үлдсэн хүмүүсийн гарыг барьж ёслоод Буджавт вагондоо ор гэж нүдээрээ дохио өгөөд вагонд оров. Цээмаа цонхоор харвал Буджав харагдсангүй. Бусад нь гараар дохиж баяр хүргэж байна. Галт тэрэг хөдөллөө. Цээмаа ханзан дээрээ суугаад харвал өнөөх өнгөрсөн зун цэцэрлэг дотуур явж байсан хазгар өвгөн таягаа бариад нөгөө ханзан дээр жаахан согтуу сууж байна. Энэ золиг чинь Буджав бид хоёрыг наргиж хоноход саад болох нь гэж бодоод зэвүү нь хүрсэн боловч Буджавтай хамт явах болсондоо сэтгэл баясаж Буджавын орж ирэхийг хүлээж суув. Галт тэрэгний явц ширүүсэж байна. Гэтэл Буджав алга л байна. Таван минут өнгөрлөө. Буджав байдаггүй. Арван минут өнгөрлөө Буджав байдаггүй. Хагас цаг өнгөрлөө. Одоо Цээмаагийн сэтгэл зовж эхэллээ. "Өнөөх золиг чинь вагонд орох гэж халтирч ойчоод чиргүүлдэж үхээгүй байгаа" гэж бодоод гудмаар хэд явж өрөөнүүдийг онгойлгож шагайсан боловч Буджав байдаггүй. Тэгэхлээр нь өөр вагонд ороод танил юмтайгаа марзаганаж суугаа юм боловуу? гэж бодоод гарч эрэхээр шийдэв.
Гэнэт Буджавын чемодан цоожгүй байгааг харж цоожилъё гэж бодоод унжсан түлхүүрийг ийш тийш мушгив. Гэтэл чемодан онгойчихлоо. Амсраар нь цухуйж байсан нэг дугтуйтай захидал шиг юм ойчив. Аваад үзвэл дээр нь Буджаваас Цээмаад гэж бичсэн байна. Гайхаад дугтуйг нээж үзвэл нэг захидал гарлаа. Түүнийг уншвал: "Цээмаа минь тариа хураалтын ажлыг дуусгаад ир гэж Улаанбаатараас тушаал ирсэн тул миний явах хойшлогдлоо. Бусад явдал миний хайрт эхнэр Бумаагийн захидалд тодорхой бий. Ёслогч Буджав" гэжээ. Цээмаа дээш доош ээлжлэн хараад бодлоо. Хойшлогдох нь ч яах вэ байж болох хэрэг түүнийгээ амаар хэлдэггүй яасан золиг вэ? Бас миний хайрт эхнэр Бумаа гэж бичих юм. Надаар тоглоом хийж байгаа юм уу? Яасан хүний үнэргүй золиг вэ гэж зэвүүцээд чемоданыг харж өөрөө явахгүй юм бол чемоданаа надаар тээлгэдэг нь юу вэ гэж улам дургүйцээд Бумаагийн захидал гэдэг нь хаа байгаа юм бэ гэж бодоод чемоданыг сөхөөд үзлээ. Тэгтэл нүдэнд нэг юм гялс хийв. Бумаагийн үргэлж зүүж явдаг өнөөх эрдэнийн чулуун ээмэг бөлзөг хоёр чемоданы тагийн дотор зүүлттэй унжиж байна. Цээмаа бүр их гайхлаа. Цааш нь харвал чемодан дүүрэн алим байна. Шаамарын монгол алим уурласан ичсэн хүүхний царай шиг улайж чинэрээд байцгааж байна. Алимны нэг хажууд эмэгтэй хүний сайхан ноосон цамц байна. Нөгөө хажууд нь хэдэн ном байна. Номын нэрийг хальт харвал "Цагаан бээлий", "Шадар гурван цэрэг" зэрэг харагдана. Алимны дундаас нэг дугтуй цухуйж байна. Дээр нь Бумаагаас Цээмаад гэсэн хаяг харагдана.


Захидлыг сугалж үзвэл түүний үг: "Найз Цээмаа минь, Найз гэж чамайг нэрлэхэд тун хэцүү байна. Чиний гаднах сайхан тогос шиг боловч доторх санаа чинь муухай хогийн сав шиг юм байна. Чи Буджавыг минь дагуулаад Улаанбаатарт очоод гэрлэх гэж байжээ. Намайг мэхэлж араар минь тавих гэж байжээ. Би ажиггүй явтал Догоо гуай над хэд хоногийн урьд хэллээ: "Буджав Цээмаа хоёрын найзлах нь арай дэндэж байх шиг. Цээмаа ямар ч шившигтэй хэрэг хийхээс буцахгүй хүн шүү" гэлээ. Тэгэхэд би даанч дээ анхандаа хайхрахгүй өнгөрөөсөн боловч Буджавын хүзүүнд уруулын будаг наалдаж ирсэн нэг явдлыг дурсаж санаад магадлан сурвалжилж, Буджавыг очихлоор чи үүдээ түгждэг зэрэг гарцаагүй баримт хэдийг олж мэдлээ. Буджаваас магадлан асуугаад байтал тэр арга мухардаж үнэнээ хэллээ. Буджаваас та хоёрын хийсэн хэрэг, хэлэлцсэн үгийг нэг нэггүй сонсож мэдлээ. Тэгэхээр би Буджавт шууд хэлсээн: "Чи надаас салбал сал. Харин Цээмаа чамд хань болохгүй" гэлээ. Тэгээд Догоо гуай бид хоёх чиний муухай санаатай хүн болохыг шалгаж мэдээд Буджавт тайлбарлаж хэлсээн. Буджавыг чи оюутан байхад нь даржин оюутан гэж голоод дарга хүн гэж Дэндэвийг шилж суусан юм байжээ. Үүнийг сая мэдлээ. Дэндэв чамайг гоёж гоодох гэж мэрийсээр яваад дээд боловсролгүй хоцорчээ. Одоо дээд боловсролтой хүн олширохоор Дэндэв аргагүй жаахан буурсан байна. Тэгэхээр чи давс хужир гэж голж хаяад Буджавыг гохдож эхэлжээ. Энэ өүхний нарийн учрыг би сүүлийн хэд хоногт ойлголоо. Догоо гуай надад багагүй тусаллаа. Чи хэрвээ Буджавт үнэхээр янаг сэтгэлтэй байсан бол чамайг олон талаар уучилж болох байсан. Гэтэл чамд янаг хайрын сэтгэл алга. Чи янаг хайрын сэтгэлийг тачаал шуналын хэрэг болгожээ. Тэгээд чи хүн чанараа алдаж адгуусны зэрэгт ойртсон байна. Буджавтай чи суувал түүнтэй жаргал зовлонгоо хуваалцах үнэнч хань нь болж чадахгүй харин Буджавыг сайн явбал хань нь болоод саар явбал хаяад талийх болно. Чамд чухамдаа хүн хэрэггүй мөнгө хэрэгтэй юм байна. Тэгэхээр чи энэ чемодантай юмыг Буджавын оронд аваарай. Буджавтай сууна гэж битгий горьдоорой. Буджав надаас салдаг ч гэсэн чамаас арай дөнгүүр юм түүнд олдох байх. Буджав буруугаа мэдээд гэмшиж байна. Эр хүн долоо доордож найм дээрдэнэ. Харин Буджав чамтай ханилахаа болилоо. Улаанбаатарт очихоо хойшиллоо гэж чамд хэлэхээр танай руу гүйж очих гэхээр нь би тас хориглоод явуулаагүй. Чи намайг номхон тэнэг хүн гэж яаж ч мэхэлж байсан хамаагүй гэж боджээ. Тэр хар санааны чинь хариуд би чамайг энэ удаа мэхэллээ. Би урьд ч хүнийг мэхэлж яваагүй хойшдоо ч мэхлэхгүй. Нэг удаа чамайг мэхэлсэн маань муухай хэрэг боловч цаашдаа чамд сургаал болох юуны магад. Уржигдар Дэндэв хөдөөнөөс ажлын далимаар ирээд яаралтай буцах завсар чамайг Улаанбаатарт явахыг дуулаад хоршооноос ноосон цамц авч чамд өгөөрэй гэж орхисныг энэ чемоданд хийлээ. Чи Улаанбаатарт очоод биеэ сайн эмнүүлээрэй. Ялангуяа сэтгэл санаагаа сайн эмнүүлж засах биз гэж найдаж байна. За баяртай ёслогч Бумаа" гэжээ. Үүнийг уншаад Цээмаа их уурлаж уйлмаар инээмээр болж салганасан гараар чемоданыг түлхтэл цаана нь Цээмаагийн авчирсан сагсан савтай юм тээглэв. Түүнийг автал Буджавтай хоёул замдаа ууна гэж авчирсан нэг шил коньяк нэг шил жимсний архи хоёр сагсны амсраар ойчих шахаж байна. Үүнийг хараад улам цухалдаж шил коньякийг аваад цонхоор шидэх гэтэл цонх битүү тул аргагүй өвгөний ширээнд тавимаар болов. Тэгтэл хазгар өвгөн өөртөө өгч байна гэж ойлгоод:


- Буянаа дэлгэрсэн сайн охин бол гэж коньякийг шүүрч аваад хоёр шилэн аяганд хурдан хийж:
- Чиний санаа сайхан явдлын төлөө гэж аягыг тулгаж өөрийнхийгөө уучихаад нөгөөг Цээмаад ойртуулав. Цээмаа бачимдахын эрхэнд хагасы нь хүртэл балгачихаад санаа алдан шуухитнан амьсгаадаж байна. Өвгөн дахин ууж согтоод ярьж байна:
- Бүсгүй минь сэтгэл чинь жаахан зовж байгаа юм шиг байна. Чиний сэтгэлийн зовлон, сайн нөхөртэйгөө уулзахаар дороо арилчихна. Харин миний сэтгэлийн зовлон бол үхтэл арилахгүй. Би Улаанбаатарт хөлөө эмнүүлэх санаатай явж байгаа хүн. Хүн ч гэж дээ, харла, хүний оронцог. Залуудаа би бөх шиг юм явсан. Харийн хошууны сайн бөхчүүдийн тойгийг мулталж олон хүнийг хөлгүй болгосон. Тэгээд би гучин насандаа Сүмбэрийн наадамд баруун хошууны Онон начинтай барилдаж байгаад тойг руу нь өшиглөөд авсан, тойгий нь онолгүй халтираад ойчлоо. Босох гэсэн босож болдоггүй. Миний түнхэлцэг мултарчээ. Тэгээд би гуч гаруй жил хазганаж явна. Би хүнийг хорлосоор яваад сүүлд нь өөрийгөө хорлосон хүн дээ. Түүнийгээ бодоход үхрийн тойг залгачихсан юм шиг гол дотор горойгоод явчих юм гээд нулимсаа арчив. Цээмаа анх удаа ам нээж:
- Өөрийнхөө таних бөхийн тойгийг мулталж явсан удаа бий юу? гэж түгдрэн байж асуув.
Тэгэхэд өвгөн Цээмааг дотноор харж:
- "Үгүй, даанч дээ хө. Би хичнээн муу муухай хүн боловч өөрийн хошууны танил нөхдөө хорлох тийм муухай хэргийг арай ч хийгээгүй хө" гэсэнд Цээмаа сандран босож үлдсэн аягатай архийг дуустал уучихаад ханзан дээр буруу харж ойчоод эхэр татан уйлж эхлэв.


769 сэтгэгдэл