|

Цаазаар авах ялыг сэргээх санаачилга дэвшүүлж байгаад гүнээ харамсаж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх асуудлаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаатай холбогдуулан Монголын Эмнести Интернэшнл байгууллага байр сууриа илэрхийлжээ.


МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ЦААЗААР АВАХ ЯЛЫН АСУУДЛААРХ БАЙР СУУРЬ

 "Жил бүр цаазаар авах ялыг хэрэглэдэг улс орнууд цөөрсөөр байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санаачилга дэвшүүлж байгаад Монголын Эмнести Интернэшнл гүнээ харамсаж байна.

Монгол Улс 2012 оны гуравдугаар сард Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт Протоколд нэгдэн орсон. Уг протоколын 1 дүгээр зүйлээр Оролцогч улсаас цаазаар авах ял гүйцэтгэхийг хориглож, халахыг шаарддаг. Цаазаар авах ялыг сэргээхээр оролдох нь олон улсын хуулиар хүлээсэн үүргээ Монгол Улс шууд зөрчсөн хэрэг болох бөгөөд"2-р нэмэлт протоколын туйлын зорилго, зорилттой харш” үйлдэл юм. Гишүүн улсуудыг хүссэн үедээ протоколоос гарах, хүлээсэн үүргээсээ хэсэгчлэн чөлөөлөгдөхийг Нэмэлт протоколоор хориглосон.

Улс төрийн хүсэл зориг байвал хүний эрхийн гайхалтай өөрчлөлт хийж болох эерэг жишээг цаазаар авах ялыг халах Монгол Улсын замнал харуулсан. Гэтэл цаазаар авах ял нь хорих ялаас илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэх үндэслэл, нотолгоо байхгүй атал Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх санаачилга гаргаж байгаа нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн амлалтаа зөрчин, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалах үүргээ умартсан хэрэг боллоо. Төр эрх мэдлээ ашиглан хүнийг цаазаар авч амьд явах эрхийг зөрчсөнөөр хүний бусад бүх эрхийн халдашгүй байдал алдагддаг. Төр хүчирхийллийн эсрэг дахин хүчирхийлэл үйлдэх ёсгүй.
Нийгмийн эмзэг хэсэг, ядуу хүмүүст эрүүгийн шүүн таслах ажиллагаа харилцан адилгүй үйлчилж,тэдэнд цаазаар авах ял түлхүү оноож байгааг судалгаа харуулдаг.

Олон нийтийн бухимдал дургуйцлийг төрүүлсэн хэрцгий гэмт хэргүүдийг бид ч бас жигшиж байна. Гэвч цаазаар авах ялыг халсан нь гэмт хэрэгтэнд ял завших боломжийг олгож буй хэрэг биш юм. Эмнести Интернэшнл гэмт хэрэгтнийг шударгаар шүүж, цаазаар авах ял хэрэглэхгүйгээр гэм буруутай үйлдэлд нь тохирсон ял шийтгэл хүлээлгэх ёстой гэж үздэг.

Эмнести Интернэшнл цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг бөгөөд туйлын хэрцгий, нэр төрийг доромжилсон хүнлэг бус ял шийтгэл юм.
Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хүний эрхийг хангах, хамгаалах амлалтаасаа ухрах ёсгүй.

455 сэтгэгдэл