Пүрэв гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нар уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцсэн тухай АНУ-ын Төрийн департаментаас мэдээлэв.
"Талууд нягт хамтын ажиллагаагаа хадгалж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл явцыг баталгаажуулахад хамтран ажиллахаар тохиролцсон” гэж Төрийн департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч Хезер Науэрт мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард Нью-Йорк хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан М.Помпео болон БНАСАУ-ын төлөөлөгчийн өндөр түвшний уулзалт цагийн хуваарийн асуудлын улмаас цуцлагдсан билээ. Гэсэн хэдий ч талуудын яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа юм.
"БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай ирэх оны эхээр хоёр дахь удаагаа уулзах хүсэлтэй байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 12 дугаар сарын эхээр мэдэгдсэн билээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
431 сэтгэгдэл