-Ерөнхийлөгчид улстөрчийн хувиар таашаал эдлэхэд нь УИХ дахь МАН-ын гишүүд тусаллаа-
"Эрт урьдын цагт Цасан гоо гүнж амьдран суудаг байжээ”... Үлгэр бол ингэж эхэлнэ. Ер нь эхэлдэг л дээ. Харин "Цасан гоо ба долоон одой” үлгэрийн тухайд бус Монголын улс төрийн өнөөгийн зөрчил, тэмцлийн тухай өгүүлэх нь ээ үлгэр ээдэрч, үг хурцдах нь хачин жигтэй. Өчигдөр болж өнгөрсөн УИХ-ын чуулганы тухайд ч адилхан. Cap гаруй үргэлжилсэн МАН дахь дотоод зөрчил, Засгийн газраа огцруулж, шинэ гүйцэтгэх засаглалаа байгуулсан тухайд ч тэр.
Учир нь, МАН бүхэлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын "хортой” алимыг идчихэж. Харамсалтай нь, тэрхүү алимны хорыг бодит амьдрал дээр ханхүүгийн үнсэлт үгүй хийхгүй. Тэгэхээр найдвар байхгүй гэсэн үг. Хор хүний бүх биеэр шингэдэг бол улс төрд идээ бээр болон буглаж, үе дамжсан ес хонзон, өвөр дамжсан наймаалцлыг лавшруулна. Хэн ч тойргоос гарахгүй, сэрэхгүй, сэхээрэхгүй. Яг ийм жишгээр өдгөө МАН-д гал авалцаж байна. Мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр шүү.
Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувиар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тусалсан бол одоо шинэ гүйцэтгэх засаглалаас "шүд сугалах” ажиллагааг өөрийн биеэр удирдаж сууна. Хэдийгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганаар ажил албандаа үлдсэн ч Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын улс төрийг богино настай хэмээн итгэх хэрэггүй юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь Ардчилсан намын хагарал хэрхэм эрчимжиж, үр дүнд нь гүйцэтгэх засаглалынхаа хувь заяагаар тоглоод өнгөрснийг нь бодоод үз л дээ.
Тэгвэл яагаад МАН-ынхан Ерөнхийлөгчийн бэлэглэсэн "хортой" алимыг идэх болов. Энэ асуултад олон нийт төдийгүй улстөрчид дор бүрнээ өөрсдийн хариултыг тодорхой болгосон нь мэдээж. Гагцхүү түүний бэлэг Монгол төрийн бохир муу муухайг илаарьшуулах, цаашлаад улс орноо бодсон өнөөдрийн эрчим хүч бүхий шийдвэр зорилго байв уу гэвэл үгүй. Тэрбээр улс төрд анхандаа Эх орон намаас орсон.
Улмаар нам нь бүтэлгүйтэж, намын дарга Б.Эрдэнэбатынх нь бизнес бүтэлгүйтэхтэй зэрэгцэн Ардчилсан намд элссэн. Үүнийгээ "Монголын Ардчилсан холбооны үйл хэргийг анхнаас нь дэмжиж, санхүүжүүлсэн” гэдэг ганцхан үгээр зөвтгөсөн. Ардчилсан намынхан ч дээрх тайлбарт нь итгэсэн. Харамсалтай нь, 2012-2016 оны хооронд тэрбээр жинхэнэ утгаараа АН-ын толгойны өвчин болсон юм. Харин энэ удаад тэрбээр МАН-ын толгойны өвчин, цаашлаад төрийн эмгэг болчхоод байна. Гол нь тэрхүү зорилгод нь МАН-ынхан бүлэг бүлгээрээ, нэг нэгээрээ дагаар орж, өөр хоорондын зөрчил тэмцэл дээрээ Ерөнхийлөгчийн хорслоор гал нэмэх нь тэр.
Бод л доо, энэ зун болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-ынхан дотроосоо МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулахын тулд хангалттай эвлүүлэг хийж, эсрэг пиарт нь дэм болох бичлэгийг Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн штабт сайн дураараа бэлэглэсэн байдаг. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн штабт ажилласан хүмүүс нь ил тодоор зарласан. Нэрийг нь хэлээгүй болохоос бус дэргэдийн нөхөд нь гэдгийг баталсан.
Үүгээр ч зогсохгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн УИХ-ын дарга М.Энхболд болон түүний багийг буланд шахаж, улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан. Үүнд нь Ерөнхийлөгчийн пиарчид ч ханцуй шамлан оролцсон. Тэд "Монгол ялна” уриа нь хэрэгжих боломжтой болж харагдахад шинэ Засгийн газар хэрэгтэй” гэж үзсэн учраас тэр. Үүний цаана улс төрийн хамгийн хүчтэй бүлэглэлийг замаас нь гаргах, чаддаг бол Монголоос зайлуулах зорилго ч байсан. , Магадгүй Монголын төрийг хувьчилж авч чадна хэмээн итгэсэн байх.
Гэсэн ч энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга алдсан. У.Хүрэлсүхийг өөрийнх нь дохиураар ажиллаж, багаа бүрдүүлэх МАН-ын дотоод хэлэлцээг намынхантайгаа бус өөртэй нь хийнэ гэж тооцсон. Гэтэл бодит нөхцөл байдалд сайдуудыг Ерөнхийлөгчтэй бус харин УИХ-ын дарга М.Энхболдтой, цаашлаад МАН-ын Удирдах зөвлөлтэй хэлэлцэх зайлшгүй шаардлага өндийж ирсэн. Үүнд түлхэц өгсөн хамгийн том үндэслэл бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ердөө л cap гаруйхны өмнө Монгол Улсын жирийн л нэг сул иргэн байсан явдал юм. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг нь эс тооцвол шүү дээ.
Тэгэхээр энэ тохиолдолд яалт ч үгүй намтайгаа, намынхаа удирдлагуудтай тохиролцоо хийх ёстой болсон нь мэдээж. Харин энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдаагүй. Тохироо нь гортигийн гадна талаар өнгөрсөн учраас тэр шүү дээ. Тиймээс л тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайдуудын нэр зарлагдахтай зэрэгцэн анхаарлын тэмдэг тавьж эхэлсэн. Тэр дагуудаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хориг тавьсан.
Үүнийг нь дагаж, УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн олон нийтийн өмнө муу муухайгаа дэлгэж, нэг нэгнээ хулгайчаар нь дуудаж, эцэстээ хууль тогтоох засаглалт итгэх хэрэггүй, хүний муу муухай бүхэн цугларсан гэдэгт итгээгүй хүн бараг Монголд үлдсэнгүй. Энэ бол Ч.Хүрэлбаатарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн эсэхээс үл хамаараад Ерөнхийлөгчийн хүсэн хүлээж байсан үр дүн. Товч, тодорхой хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зөрчлөөс тэр таашаал авч чадлаа.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсанд нь хорссон УИХ дахь 32-ын албан бус бүлэглэлийн гишүүд энэ удаад Ерөнхийлөгчтэй ханцуйн дотроо наймаалцснаараа түүнийг ийн таашаал авахад нь туслав. Үүгээрээ тэд Ерөнхий сайдтай адилхан гэдгээ баталсан. Ичмээр биш гэж үү. Санаатай өгсөн "хортой” алимыг нь идэж, улстөрчийн хувьд таашаал эдлэхэд нь УИХ дахь МАН-ын гишүүд АН-аас угшилтай Ерөнхийлөгчид тусалж байна гэж бодохоор...
Эцэст нь, нэг зүйл сануулъя. Бүр гуйя. Идээ будаанд нь "хордсон” гэдэгтэйгээ эвлэрээд буудалд нь битгий хоноглочхоорой гэж. АН-ынхан хөнжлийн алдаандаа хэрхэн тарчилж буйг нь дуулаа л байлгүй дээ, энэ чинь!
Г.ОТГОНЖАРГАЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
399 сэтгэгдэл