Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж сүртэй нь аргагүй мэдэгдэл хийсэн зарим нь бүртгүүлсэнгүй үлдэв. Тодруулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар, ардчиллын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар нар нэрээ дэвшүүлэхээр нам руугаа очсонгүй.
Уг нь Хотын дарга асан Э.Бат-үүл 2017 оны гуравдугаар сарын 2-нд намынхнаа цуглуулж байгаад "…Би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай. Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм. Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна. Тиймээс АИХ гэх танхимыг бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, энэ үзэл санаагаа нийгэмд хүргэж, дэмжлэг авах шаардлагатай байна гэсэн үндсэн дээр би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсч байгаа юм” гэж байсан юм.
Мөн 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд нийтлэлч Баабар "…Би та нараас булаагдсан итгэл найдвар, чиний амьдралаас булаагдсан баялгийг эргүүлж өгөхийн төлөө байна. Та нар дэмжвэл алдсан найдвар, булаагдсан баялгаа эргүүлэн авч чадна. Би төрийг байх ёстой байранд нь тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна. Би ард түмнийг байх ёстой өндөрлөгт тавихын төлөө байна. Та нар дэмжвэл чадна” гэж нийтлэлээрээ дамжуулан мэдэгдэж байлаа.
2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд Ардчиллын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар "… Эх орондоо эзэн нь байх эрх зөвхөн хүү нь байж чадсан монгол хүнд л заяах ёстойг амьдрал тэмцлээрээ ухаарсан энэ цаг дор би Монгол төрийнхөө тэргүүн болох үнэн хүнд, хариуцлагатай, хатуу чанга албаны төлөөх сонгуульд тодорхой хүмүүс нэр дэвшүүлж буйг бодож тунгаан, эрхэм мэргэн өтгөс залуустай зөвлөсний дүнд хүлээн авч байна. Миний хөтөлбөр тодорхой. Зөвийг зан үйл, хэв ёсоор дээдэлж, бурууг их ёс ба хууль цаазаар шийтгэнэ. Улсаа бат босгож, хөршөө ямагт хүндэлнэ. Тэнгэр дээдсийн бүтээсэн төр ёс их түүхээс үргэлжид суралцаж, ертөнц байгалийн эрхшээсэн нүүдэлчин соёл иргэншил, хэл бичиг соёлоон үеийн үедээ сэргээн өвлүүлнэ” гэсэн байв.
Гэсэн ч энэ гурван эрхэм ямар нэг шалтгаанаар нэр дэвшсэнгүй.
Ер нь бол Э.Бат-Үүл, Баабар, Дарь.Сүхбаатар гурав нэр дэвшихгүй нь гээд Монгол Улс сөнөчихгүй. Гэхдээ тэднийг нэр дэвшинэ гэсэн мэдээллийг авсан дэмжигчид нь сэтгэлзүйн хувьд дэмжлэгээ өгч, сонголтоо хийсэн байж таарна. Тэд их, бага хэмжээгээр өөрсдийн гэсэн дэмжигчтэй улстөрчид. Э.Бат-Үүлийг Хотынхон нь дэмжээд сүйд л байсан. Баабарыг хуучин СоцДекүүд нь, мөн нийтлэлээр нь дэмждэг хэсэг бий. Дарь.Сүхбаатарыг МоАХ-ынхан нь дэмжиж таарна. Энэ нь АН дотор тодорхой хэсгийг энэ гурван нэр дэвшигч өөртөө аваад байсан гэсэн үг. Хамгийн гол нь тэд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж улс даяар мэдэгдэл хийсэн юм.
Тэд больж болно. Энэ бол тэдний эрх. Гэхдээ улс төрд шоудаж болох зүйл, болохгүй юм гэж бий. Монголын Ерөнхийлөгчийн тухай асуудал улс төрийн шоу огтоос биш. Ийм асуудал бол нэг өглөө сэрэхдээ "...Ерөнхийлөгч болъё” гэж шийдээд маргааш өглөө нь босохдоо "...Ерөөсөө больё” гэж буцдаг тоглоом байх ёсгүй юм.
Б.ДАМДИН
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
0 сэтгэгдэл