|

iPhone үйлдвэрлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн ашиглахгүй байх зорилтоо Apple зарлалаа

iPhone үйлдвэрлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүн ашиглахгүй байх зорилтоо Apple зарлалаа

Газрын эрдэс баялгийг ашиглахаа зогсоон, зөвхөн "recycled” буюу хаягдлыг дахин боловсруулах замаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэтийн зорилтоо Apple компани зарлажээ.

 

Уул уурхайн олборлолт хийж байгаа газруудад байгаль орчин бохирдож, заримдаа боолын хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг ашигладаг нь нууц биш. Электроникийн бүх компаниудын бүтээгдэхүүнд ордог газрын эрдэс баялгийг дэлгэвэл урт жагсаалт гарч ирнэ.

Тэгвэл технологийн томоохон компаниудын нэг Apple үүнийг зогсоохоор шийджээ. Лхагва гарагт нийтлэгдсэн 2017 оны Байгаль Орчны Хариуцлагын Тайландаа тэд "Хэзээ нэг өдөр бид газар дэлхийгээ ухахыг зогсоож чадах уу? Галзуу хүний санаа мэт сонсогдож байгаа ч бид энэ тал дээр ажиллаад эхэлсэн” гэж өгүүлсэн байна.

Технологийн салбарт хэзээ ч хийгдэж байгаагүй алхмыг Apple ийнхүү тэргүүлэхээр болжээ. АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах агентлагийг тэргүүлж байгаад одоо Apple компанид энэ чиглэлээр ажиллаж байгаа Лиза Жэксон "Бид өмнө нь ховорхон яригддаг байсан чиглэлд ажиллаж байгаа нь үнэн. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхой болгохоос өмнө ерөнхий зорилгоо зарлаж байгаа юм” гэж хэвлэлд ярьсан байна.

Урьдчилсан байдлаар зарлаж, уул уурхайн компаниуд, дахин боловсруулах чиглэлд ажиллаж байгаа хүмүүст мессэж өгөх зорилготойгоо тэр бас хэлжээ.

Apple компани өнгөрсөн жил технологийн компаниудаас анх удаа хуучин гар утас, төхөөрөмжүүдийг задалж, элементүүдийг ялгаж авах чиглэлд ажиллаж байгаагаа танилцуулж байсан юм.

Энэ бүхнээс үзвэл ирээдүйд хүмүүсийн хэрэглэх iPhone гар утас зөвхөн электроникийн хог хаягдлаар бүтээгдэх ажээ.

Эх сурвалж: Quartz

0 сэтгэгдэл