|

Архангай, Өвөрхангайд гар аргаар алт олборлогчид байгаль орчныг сүйтгэж байна

Архангай, Өвөрхангайд гар аргаар алт олборлогчид байгаль орчныг сүйтгэж байна Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас  өнөөдөр мэдээлэл хийж, нинжа нараас болж байгаль орчин хэрхэн сүйдэж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал тус байгууллагынхан   2015.10- 23-25-нд Архангай, Өвөрхангай аймгийн нутагт ажиллаад иржээ. Архангай аймгийн Цэнхэр сум, Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл, Баруун баян-Улаан суман дахь алт олборлолтын үйл ажиллагаанд үзлэг хийхэд тухайн орон нутагт хууль бус үйл ажиллагаа газар авч, Монгол орны онгон дагшин байгалийг хайр найргүй сүйтгэж байгаа нь тодорхой байжээ. 

Түүнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай болон Ойн тухай хууль ноцтойгоор зөрчигдөж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсээр байгааг мөн хэллээ.Тэд булаг шандны эхэн дээр ухаж ширгээх, нөхөн сэргээлт хийх нэрээр эрүүл газарт олборлолт явуулж сүйтгэх, малчдын өвөлжөөн дээр хүртэл ухаж байгаль орчноос гадна иргэдийн Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн юм.

Мөн хөдөө орон нутгийн зарим аймаг сумдад байгаль орчны эсрэг хууль бус ажиллагаа газар авч, ямар ч хяналт шалгалтгүй байсаар байна. Хууль хяналтын байгууллага тус гэмт хэргийг шалгаж, таслан зогсоох үүргээ биелүүлэхгүй, хууль зөрчигчдийг хамгаалах тохиолдол элбэг байсан аж. Харин энэ бүхэнд хяналт тавьж ажиллах ёстой шат шатны байгууллагынхан ажлаа хийхгүй байгаа нь авлига авсан байх магадлалтай гэж үзэхэд хүргэж байна гэлээ. 

Иймд "Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас төрийн гурван өндөрлөг болон холбогдох яам тамгын газарт энэ талаар яаралтай арга хэмжээ авч ажиллахыг сануулж, албан бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

194 сэтгэгдэл