|

НДС-гийн 700 тэрбум төгрөгийг банкинд хадгалуулж, өсгөнө


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.03.20)-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол зохион байгуулах тухай, мөн тов тогтоох тухай асуудлыг хэлэлцэн, тогтоол баталлаа. Тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хийхээр товлож, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат нарыг сонсгол даргалагчаар томилов.
ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдсон, НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ж.Батзориг, Б.Рагчаа нарыг нэр дэвшүүлсэн юм байна.
ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Б.Рагчаа нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан байна. Харин НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Ж.Батзориг Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хариуцсан мэргэжилтэн аж. Тэрбээр 1997 оноос Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2011-2019 онд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байжээ.
Хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Булгантуяа нар НДҮЗ-ийн гишүүнд ахмадын төлөөллөөс багтааж нэр дэвшүүлэх ёстой байсан гэх асуудлыг хөндөв.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-НДШ хэдэн хувь байх вэ, тэтгэврийн нас хэд байх вэ, тэтгэврийн хэмжээ хэд байх вэ гэдгийг НДҮЗ тогтоох үүрэгтэй.  Тэр ч утгаараа Ж.Сүхбаатар гуайг тэтгэвэр авч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах тал дээр Ахмадын холбоогоо төлөөлөөд ажиллавал ямар вэ гээд зөвшилцөлд хүрээд Үйлдвэрчний эвлэлийн гурван квотын нэг дээр НДҮЗ-ийн гишүүнээр ажиллуулж байсан.  Одоогийн НДҮЗ-д багшийн төлөөлөл бий. Гэтэл одоо дахиад багшийн төлөөлөл оруулаад ирж…  Сайдынхаа саналыг аваад Ахмадын холбооны саналыг авч болсонгүй юу. Товуусүрэн гуай маш сайн кандидат, манай Нийгмийн даатгалын систем бодлогын хэмжээнд маш сайн бэлтэгдсэн мундаг хүн.  Энэ хүнийг яагаад НДҮЗ-ийн гишүүнээр нэр дэвшүүлэн оруулж ирсэнгүй вэ?
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /НДҮЗ-ийн гишүүнээр ажилладаг/ Х.Буянжаргал:
-Нийгмийн даатгалын тухай хуулийн 35.1.2-т даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхийн эрх ашгийг хамгаалсан Үйлдвэрчний эвлэлээс гурван хүн байна гэдэг хуулийн залт туссан УИХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний 01 тоот тогтоолоор НДҮЗ -ийн дүрэм журмыг шинэчлэн баталсан. Дүрэм журам хуулийн хүрээнд нэр дэвшигчдийг нээлттэй сонгон шларгаруулалт зарласан. н.Эрдэнэсүрэн, н.Гансүх, н.Батзориг, н.Эрдэнэбаяр,н. Дагвадорж, н.Саранцацралт, Ахмадын холбооны төлөөлөл Товуусүрэн гуайн асуудлыг хэлэлцсэн.  Ж.Сүхбаатар гуай “НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний бүрэн эрхийн хугацаа маань дууссан учраас Ахмадын холбооноос оруулж ирж байгаа Товуусүрэнг маань дэмжих боломж байна уу гээд бичиг ирүүлсэн тул хэлэлцсэн.
Товуусүрэн гуайн хувьд хуулиараа Үйлдвэрчний эвлэлийг төлөөлөх боломжгүй.
НДҮЗ дээр тэтгэвэрт гарсан хүн даатгуулагчийг төлөөлөх үндэслэл байхгүй гэдэг асуудал яригдсан. Товуусүрэн гуай 78 настай. Бидэнд албан ёсоор МҮЭХ -г төлөөлөх хүн хэрэгтэй.  МҮЭХ нь улс орон даяар бүтэцтэй байгууллага. Гэвч энэ хүн маань аль нэг Үйлдвэрчний эвлэлд харьяалагддаггүй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Нийгмийн даатгалын дампуурлын эхлэл Капитал банкнаас эхлэлтэй. 13 жилийн өмнө НДҮЗ-д тамга халаасалсан хэдэн хүнийг оруулж ирсэн. Тэр хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй банкинд тухайн үеийнхээ сайд, дарга нараа дагаад гараа өргөөд, Нийгмийн даатгалын хөрөнгийг эрсдэлтэй, өөрийн нөөцийн хөрөнгө чадавхи багатай банкинд хийсэн. Цаашид НДҮЗ-ийн гишүүд бие даасан чадавхи гэдэг зүйл дээрээ анхаараарай. Үе үеийн сайд, дарга нарыг хэт дагахаараа буруудах гээд байдаг.
Нийгмийн даатгалын шимтгэл дээр голлон ажилласан хүний хувьд хэлэхэд, биднийг энэ зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа юу хийсэн юм бэ гэж зарим гишүүн асууж байна.
Нийгмийн даатгалын шимтгэл 30 жил төлчихөөд оршуулгын зардлаас өөр юу ч авч чаддаггүй байсныг тэтгэвэр нь өвлөгддөг болох боломжийг хуулиар бүрдүүлж өгсөн.
Саяхан Нийгмийн даатгалын 700 тэрбум төгрөгийг банкинд хадгална гэдэг шийдвэр гаргасан байна лээ. Энийг дагаад хэчнээн банкны нөхөд лобби хийж гүйлдэх бол.
Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэн яаж удирдсан, хэн ямар санал өгсөн протколыг нэхсэн, одоог болтол өгөөгүй байгаа. Өгөхгүй бол УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд өгч, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө. Капитал банк дампуурч байхад хамгийн түрүүнд мөнгөө нэхэж Үйлдвэрчний эвлэлийнхэн л гүйж очиж байсан. Мөнгөө нэхэж хэн талбай дээр суулт хийж байсан, Үйлдвэрчний эвлэлийнхэн л сууж байсан.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга /НДҮЗ-ийн гишүүнээр ажилладаг/ Х.Буянжаргал:
-Өмнөх хуулийн хэрэгжилтийн үед МҮЭХ -ноос НДҮЗ -д орж ажиллаж байсан хүмүүс эрх мэдэл нь дутаад гэх юм уу, бие даасан байдлыг хадгалж чадахгүй байдлаас болж, зарим алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Капитал банк, Чингис хаан банкнаас Нийгмийн даатгалын санд төлөх ёстой 102.4 тэрбум төгрөг төлөгдөөгүй хэвээр байна.
МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн хурлаар НДҮЗ -ийн гишүүддээ өр авлага барагдуулах талаар чиглэл өгсөн. Энэ асуудлаар тодорхой асуудал тавьж, хэвлэл мэдээллэл,  хууль хүчний байгууллагын төлөөллийг оролцуулж байгаад нээлттэй хэлэлцье  гэдэг санал гаргасан. НДҮЗ- ийн ажлын алба бэлтгэл хангаад явж байна.
НДҮЗ-өөс өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд даатгуулагчдын 700 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг системийн нөлөө бүхий таван банкинд байршуулах шийдвэр гаргасан боловч Монголбанкны бодлогын хүү өөрчлөгдсөнтэй холбогдуулаад 12.2 хувиас дээш хувиар хадгалуулах тухай асуудал хөндөгдөж, дахин НДҮЗ энэ асуудлыг хэлэлцэхээр болсон.  Даатгуулагчдын хөрөнгийг үр ашигтай банкинд байршуулж, мөнгөн хөрөнгийг өсгөхийн төлөө НДҮЗ онцгой анхаарч ажиллах болно.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2789983/

0 сэтгэгдэл