МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар өчигдөр тус танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох санал хураалт явагдаж "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од сонгогдсон юм. Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин шинээр сонгогдсон Л.Төр-Одод баяр хүргэхээс татгалзаж буй бичлэг цацагдсан. Д.Энхтүвшин ч мөн нийгмийн сүлжээн дэх хаягаар " Орон нутгийн төлөөлөгчдийн саналыг хайрцаглах замаар бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй , бизнес хийж үзээгүй, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо" хэмээн дургүйцлээ илэрхийлсэн юм.
Энэ талаар тэрбээр дараах тайлбарыг өглөө.
-Урьд өдөр нь МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлыг шүүхийн шийдвэрээр хориод маргааш нь сонгууль болсон. Надад хардах эрх бий. Танхимын ерөнхийлөгчийн сонгох хуралтай яагаад энэ баривчилгааг давхцуулав. Танхим бол бизнесийн төлөөллийн байгууллага. Тус байгууллагын дүрэмд ч тэр асуудал бий. Гэхдээ өчигдөр бизнес эрхлэгчид маань санал өгөхдөө хоёр дахь хэлэлцүүлэгт гараад явчихсан. Үүн дээр зарим хүмүүс ухаалаг ажилласан. Хөдөө орон нутгаас ирсэн 420 гишүүний саналыг хайрцаглаж оруулж ирсэн. Нийт бизнес эрхлэгчид гэхээсээ илүү хөдөө орон нутгаас ирсэн татвар төлдөггүй хүмүүсийн сонголт байлаа. Ийм хүмүүс бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төлөөлж чадахгүй. Танхимын ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын үйл явц нь өөрөө шударга бус байлаа. Мэдээж тус байгууллгын дүрэмд сайжруулах зүйлс бий. Гэхдээ уржигдрын баривчилгаатай холбоотойгоор санал хураалтыг шударга бус боллоо гэж үзэж байна. Түүнээс надад хэн нь ялах нь чухал биш.
Баривчилгааг зохион байгуулсан хүн нь Л.Төр-Од гэж үзэж байна уу?
-Бодит байдал, үр дүнгээс тэгж л харагдаж байна. Л.Төр-Од АТГ-ын олон нийтийн зөвлөлд байсан хүн. Олон хүнийг авлигын асуудлаар шалгуулж, мэдээлэл өгч байсан. Уржигдрын баривчилгааг өмнө нь эсвэл бүр сүүлд хийж болох байсан. Гэтэл яг танхимын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өмнө хийж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Нэр дэвшиж байгаа хүмүүсийг хооронд нь хагаралдуулах гэсэн зорилго байв уу даа гэж харагдаж байна. Дээр нь энэ байгууллагыг бизнес эрхэлж байсан хүн удирдах ёстой. Гэтэл өмнө нь нэг ч олигтой бизнес эрхэлж байгаагүй, дандаа төрийн байгууллагуудаар дэнгийн эрвээхэй шиг үсэрч явсан ийм хүнээр удирдуулна гэдэгт харамсаж байна.
0 сэтгэгдэл