Starlink-ийн төхөөрөмжүүд олон оронд хууль бусаар, буруу зорилгоор ашиглагдаж буйг Bloomberg эрэн сурвалжилжээ.
Хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлэгч Starlink харилцаа холбооны хэрэгслийн хувьд өндөр үр ашигтай байгаа нь дэлхий даяар хүрээгээ тэлж буй далд худалдааны бай болох эрсдэлд оруулж байна.
SpaceX-ийн эзэмшдэг Starlink өндөр хурдны интернэтээ “дэлхийн бараг хаана ч ашиглах боломжтой” гэж сурталчилдаг. Үнэхээр ч бодит байдал дээр Starlink-ийг нэвтрүүлэх гэрээ хийгдээгүй олон оронд тус үйлчилгээ ашиглагдах болсны дотор дарангуйллын дэглэмтэй бүс нутгууд ч багтаж байгаа юм.
Bloomberg News-ийн эрэн сурвалжилснаар Starlink-ийн төхөөрөмжүүдийг хууль бусаар худалдаалж, ажиллуулж буй өргөн хүрээг хамарсан баримтууд ил болжээ
Тэдгээрийг нууцаар хил давуулан, хар зах дээр чөлөөтэй наймаалцаж буй нь, мөн буруу зорилгоор ашиглаж буй нь дэлхийн хэмжээний системийн асуудал гэхэд буруудахгүй. Мөн үндэсний аюулгүй байдлын түвшинд нөлөөтэй тус системд Илон Маскийн компани хэрхэн хяналт тавьдаг тал дээр асуултууд урган гарч ирж байна.
Тухайлбал олон арван жил үргэлжилсэн иргэний дайнд нэрвэгдээд буй Йемений Засгийн газрын нэгэн албан тушаалтан Starlink-ийн үйлчилгээ улсад нь түгээмэл хэрэглэгддэг болсныг баталжээ. Өөр хоорондоо дайтах Хусит тэргүүтэй бүлэглэлүүдийн учруулах эрсдэлээс зайлсхийхийн тулд олон хүн Йеменд хурд муутай, цензур ихтэй үндсэн интернэт сүлжээний оронд Starlink-ийг ашиглан бизнес, хувийн харилцаагаа явуулдаг аж.
Түүнчлэн дуусашгүй иргэний дайны уршгаар олон сая иргэн нь дүрвэж, геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гаарсан Судан улсыг дурдаж болно. Жирийн интернэт сүлжээ нь олон сарын турш тасарсан тул хагас цэрэгжсэн Rapid Support Forces бүлгийнхэн логистикийн хэрэгцээндээ Starlink-ийн систем ашиглах болсныг барууны дипломатууд мэдээлсэн байна.
“Starlink зохицуулалтгүй, хувийн компани удирддаг гэдгээрээ энэ нь гүнзгий санаа зовоохуйц асуудал. Хэн нэвтэрч, хэрхэн ашиглаж байгаад үүнд хариуцлага хүлээх тал алга” хэмээн Australia Institute-ийн ахлах судлаач Эмма Шортис онцолсон байна.
Starlink-ийн хар зах
2019 оноос хөөргөж эхэлсэн 5,500 гаруй хиймэл дагуулын сүлжээнээс дамжуулах интернэтийг Starlink хэрэглэгчдэд хүргэдэг. Өдгөө хэрэглэгчийн тоо нь аль хэдийн 2.6 саяд хүрсэн тул Starlink нь SpaceX-ийн орлогын гол эх үүсвэр болох боломжтойн сацуу хувийн хэвшлийн төлөөллүүдээс АНУ-ын сансрын хөтөлбөрийн хамгийн чухал гэрээт байгууллага нь болоод байна.
Цаашид Starlink хэт алслагдсан, эсвэл байгалийн гамшиг, зөрчил мөргөлдөөний улмаас интернэтгүй болсон газруудыг сүлжээнд холбохын тулд олон арван мянган хиймэл дагуул нэмж хөөргөхөөр төлөвлөжээ.
Гэхдээ Америкийн хувийн компанийн интернэт үйлчилгээ гэдэг утгаараа аюулгүй байдлын асуудал гаргахгүйн тулд SpaceX үйлчилгээ нэвтрүүлэх улстайгаа эхлээд гэрээ байгуулах шаардлагатай байдаг. Гэвч гэрээ байгуулаагүй оронд хүмүүс Starlink-ийг зохих хамрах хүрээгүйгээр ашигласаар байгаа нь мэдээж хууль бус үйлдэл боловч хяналт тавихад хүндрэлтэйг экспертүүд хэлж байна.
Жишээлбэл Starlink-ийн гэрээ ховорхон хийгдсэн Төв Азид, тэр дундаа Казахстанд хууль бус худалдаа, хэрэглээг зогсоох Засгийн газрын арга хэмжээ бараг үр дүнд хүрээгүй аж. Оронд нь хар зах дээр төхөөрөмжийн үнэ л нэмэгдсэнийг нэрээ нууцалсан нэгэн худалдаалагч өгүүлжээ.
Харин Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сард Starlink-ийн интернэтийг нутаг дэвсгэртээ идэвхжүүлэхээсээ өмнө зохицуулалтын тодорхой асуудалтай тулгарч байлаа.
2022 онд нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлого баталж, 2023 онд тус салбарын компаниудад зөвшөөрөл олгох эрх зүйн орчныг бий болгож өгснөөр Starlink Монголд нэвтрэх үүд хаалга нээгдсэн юм.
Эх сурвалж: Bloomberg mongolia
0 сэтгэгдэл