Өөрийн автортой дээрмийнхээ хариуцлагыг хүлээхгүй хэмээн гүрийж байна
Он удаан жил хэмжээгүй ихээр идэж уусан, хэрэгтэй, хэрэггүй болгоныг тамтаггүй өндөр үнээр шахаж гаршсан этгээдүүд хувийн өмчийг хууль бусаар булааж авсан ч ханаж цадсангүй. Аргагүй л олон жил хумсалсан гэхээрээ балын амтанд орсон зөгий мэт донтжээ. Харийн өмчлөлд байсан хувийг Монголынх болгож авчирсанд нь дэмжлэг үзүүлэх бус төрийн өмчлөлд шилжүүлж буй нэрээр цөөн тооны төрийн түшмэд гартаа оруулсан нь иргэдийн дургүйцлийг илт хүргэлээ. Ялангуяа хувийн хэвшил, бизнесийн салбарынхан энэ үйлдлийг эсэргүүцэж буй.
Үүнийг удирдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. Тэрбээр уржигдархан хийсэн хэвлэлийн хурлаараа олны бухимдал, зэвүүцлийг зэрэг хүргэв. Гэтэл төрийн дээрмийг удирдаж, түмний өмчөөр тоглож буй энэ эрхэм тоосон шинжгүй, толгой дээгүүр, бүр сэтгүүлчдийг загнаж, зандарсан авираар дарамталж явна.
Бас өөрийгөө хэлмэгдсэн хүн хэмээн уйлагнаж харагдана билээ. Төрийн мөнгийг "хэмнэсэн” хэмээн цээжээ хоосон дэлдсэн түүнийг хэвлэлүүд гүтгэсэн гэж тун хонзонтой мэдэгдэж суусан.
Өнгөрсөн мягмар гарагт "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын нууцлаад байсан цалингийн мэдээлэл ил болж, нэлээд шуугиан тарьсан. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын цалин 25 сая төгрөг буюу 10 мянган ам.доллар болохыг хэвлэлүүд мэдээлсэн юм. Гэтэл үүнийг илт ташаа мэдээлэл гэж нулимаад, цалингийн хэмжээ нь 25 биш 24.5 сая төгрөг хэмээн цамнаж гарсан. Хөөрхийг хэвлэлийнхэн үнэхээр "хэлмэгдүүлжээ”. Бүхэл бүтэн 500 мянган төгрөгийн зөрүүтэй мэдээлсэн байна. Тиймээс тэрбээр гүтгэсэнд гомдож, тунирхан, "Би худалч, хулгайч, хумслагч, хувааж идэгч биш" хэмээн шүлс үсэргэн, цамналаа.
Ингээд зогссонгүй. "7000- 8000 хүн удирддаг, дэлхийн хэмжээний компанийн гүйцэтгэх захирлын цалинг бодож, бодож, 10 мянган ам.доллар болгосон. Харин ч бага тогтоож, хангалттай хэмнэсэн. Тухайн үед "Монголын зэс” корпорацийн удирдлагууд хэтэрхий их байна гэсэн санал тавьж байсан л даа. Гэхдээ энэ бол маш бага мөнгө” хэмээн даапаалав. Ямар юм үзсэн баян эрхэм бэ. Түүний хэлж буйгаар жилийн 290 гаруй сая төгрөгийн цалин өгч, "Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг нэлээд "чангалж” байгаа аж. "Өмнөх захирлуудыг бодвол Х.Бадамсүрэн зайлуул, хангамжаа хасуулж хохирч байгаа хүн” хэмээн ярилцлагадаа дурдаад, өмнөөс нь бараг нулимс унагах дөхөв.
Хэдхэн сарын өмнө төрийн тансаглалыг танана хэмээн том дуугарч байсан энэ эрхэм одоо хасалтын хойноос харуусч, хэдэн саяар хэмжигдэх мөнгийг шалихгүй мөнгө хэмээн даажигнаж буй. Төрийн өмч тойрсон мөнгөний үнэр, дарга дагасан эрх мэдлийн хүч түүнийг хэдхэн сарын дотор танигдахын аргагүй болтол нь төрөл арилжуулсан бололтой.
Сая, саяар нь шахаа хийж, саасан мөнгөө салаагаар урсгадаг төрийн "бирдүүд” өнөөдөр монгол өрхийн төсвийг цоолчихоод байгаа нь нүцгэн үнэн. Төмөрийн гэр бүлээс эхлээд төрийн тэргүүн хүртэл төсвөө 60 дахин танаж буйгаа тайлагнаж байгаа. Бүсээ тасартал чангалж, зардлаа тултал танаж буй ард түмэн, хувийн хэвшлийнхээ өмнөөс "10 мянган ам.доллар бол маш бага мөнгө” хэмээн чамлаж буй энэ хурган даргад ичих нүүр алга. Ичих нь бүү хэл, инээд алдан энэ үгээ хэлсэн нь олны дургүйцлийг үнэхээр төрүүлж байна. Засгийн газар төрийн тансаглалтай дайн зарлаж, тэвчиж болох зардлыг бууруулахаа амласан. Гэтэл энэ амлалтыг доод шатныхан хэрхэн хэрэгжүүлж, ядарсан ард түмнээрээ тохуурхаж буйг цадиггүй дарга нарын цайрсан үйлдлээс харж болно. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын бодлогыг энэ нөхөр уландаа гишгэж, нийгэмд буруу ойлголт цацаж байгаагаа ч мэдэрч байгаа юм алга.
Хэмнэлт, гамналтад уургаа хад шиг ханддаг төрийн түшээд түмний өмч рүү дайрч, төрийн албыг самрахдаа харин уургын морь шиг уулгалан довтолдог. Өнгөрсөн мягмар гарагт "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн хурлыг Ц.Ням-Осор даргын тушаалаар хийсэн. Хувийн өмчийг хулгайлсан, түшмэдийг доргиосон халаа сэлгээ бас түүний заавраар хэрэгжсэн. "Эрдэнэт”-ийг донсолгосон энэ халаа солиог ч тэрбээр тоосон шинжгүй бүр өөгшүүлж, эрхлүүлж байна. Энэ их хямралын үед компанийн захирлуудыг олон зуун сая төгрөгийн үнэтэй, тансаг машин тэргээр гоёж, толгойг нь илэхдээ тун сурамгай ажиллаж сурчээ.
Бас "хөөрхөн жүжигчин”. Хэмнэлтийн горимд шилжүүлж, цомхон бүтцийг хэрэгжүүл хэмээн даалгасан гэж даруухан дуугарч байна. Гэтэл даалгасных нь дагуу ТУЗ-өөс "Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлын орон тоог хоёроор өсгөж орхисон нь түүний хийсэн "хэмнэлт”. Ийн түмний хөрөнгийг самарч, төрийн албыг данхайлгахдаа өөрийнхөө халаасыг ч мартсангүй. ТУЗ-ийн гишүүд тэргүүтэй албаны 20-иод хүнийг өөрийн эзэмшлийн зочид буудалдаа тухалж, хаялгатай загнахыг даалгасан бололтой. Орхон аймагт байрлах түүний "Сэлэнгэ” буудалд тэд 20 хоног "Эрдэнэт”-ийн мөнгөөр тарвалзсан нь тохиолдлынх яав ч биш. Манай улсын эхний гуравт бичигддэг энэ том хотод түүний хувийн буудлаас өөр оччих газар олдохгүй баймааргүйсэн. Энэ талаар түүнээс тодруулахад "Ийм жижиг сажиг зүйл ярьж надаар бүү оролд. Би тэр буудлын ердөө 20 хувийг эзэмшдэг” хэмээн жишим ч үгүй хэлж байна билээ. Түүний хувьд энэ тун жижиг зүйл гэнэ. "Би хумсалдаггүй, хулгайлдаггүй” хэмээн шударга царайлан жүжиглэх түүний бодит төрх энэ.
Үүгээр зогсохгүй өөрийн автортой энэ хэргийнхээ хариуцлагыг хүлээхгүй хэмээн гүрийж байна. "Эрдэнэт” үйлдвэрийг төрийн эзэмшилд авсныг олон улсын Арбитрын шүүх буруутай гэж үзвэл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрбээр "Би биш Монголын төр л хариуцна. УИХ, Засгийн газраас төрийн мэдэлд ав гэсэн даалгавар өгсөн. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эрх баригч гишүүд мэдэж, шийдвэр гаргасан. Тиймээс Монголын төр хариуцна. Би бол зүгээр л гүйцэтгэгч. Санаа зоволтгүй” хэмээн жинхэнэ утсан хүүхэлдэй гэдгээ зарлаж, Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийг хөлдөө чирсэн. Ичих нүүр, эмээх сэтгэл, эмзэглэх ёс зүйгүй төрийн албан хаагчдын бодит дүр төрх нь төрийн өмчийн толгойд суусан энэ эрхэм.
"Эрдэнэт” үйлдвэрийн хувийн эзэмшлийн 49 хувийг төрд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсан. Энэ талаар түүнээс асуухад "Миний хувьд ч хүнд байна. Компаниудтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт өнөөг хүртэл бүдэг, бадаг байгаа. Зальтай, овсгоотой хүн хаана ч тоглож болох тогтолцоо Монголд байгаа учраас ажил хариуцаж буй албан тушаалтанд амаргүй байна. Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагаас шийдсэн тул гайгүй байх” хэмээн юу хийж байгаагаа ч сөхөөрч амжаагүй мунгинаж явна.
Хувийн хэвшилд харгис ноён, догшин сахиус шиг аашлах атлаа төрийн олигархуудын өмнө яг л утсан хүүхэлдэй мэт даалгавар биелүүлж явааг хараарай. Тэдэнд төрт ёс, хууль журам, ард түмэн, Монголын эрх ашиг гэх зүйл байхгүй, бүгдийг бяцалж, дарга дагасан ашиг сонирхлыг л зөвхөн дээдлэн шүтнэ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
0 сэтгэгдэл